Нүүр хуудасМэдээУИХ: УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

УИХ: УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй болгох, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын санаачилгаар “Нээлттэй парламент” танхим 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. 

Энэ танхимд өнөөдөр (2026.08.19) Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар ажиллаж, иргэдтэй уулзав. Иргэдийн зүгээс хууль тогтоомжийн хэрэгжилт, шүүх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаар болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг олон асуудлыг хөндөн санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр тус танхимд зочилж, үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ иргэдийн төлөөлөлтэй уулзан “Нээлттэй парламент” шинэчлэлийн бодлогын талаар мэдээлэл өгөв. Энэ хүрээнд хууль тогтоомжийн хувийн хэрэг, архивтай холбоотой мэдээллийг нээлттэй, ил тод болгож байгаа юм. Цаашид Улсын Их Хурлын үйл ажиллагаа буюу хуулийн төсөл өргөн мэдүүлэхээс хууль, тогтоомж батлагдах хүртэлх үйл явцыг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй болгох ажлыг эрчимжүүлэхийг онцоллоо.

“Парламентын үйл ажиллагааг зөвхөн баталсан хуулийн тоогоор хэмжих бус, тухайн хууль амьдралд хэрхэн хэрэгжиж, иргэдийн эрх ашигт ямар нөлөө үзүүлж байгаагаар үнэлэх нь чухал. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд ямар хүндрэл, зөрчил гарч байгааг иргэдээс шууд сонссоноор үр дүнгүй зохицуулалтыг тодорхойлж, бодит өөрчлөлт, шинэчлэлийг хийх боломжтой” хэмээсэн.

Парламент иргэдээ сонсдог, иргэдэд ойр, ил тод, хариуцлагатай ажиллах ёстойг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт онцлоод “Нээлттэй парламент” танхимын үйл ажиллагааг тогтмолжуулан, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимыг зорин ирсэн иргэдтэй уулзах үеэрээ парламентын гишүүний үндсэн чиг үүргийн нэг нь иргэдийг төлөөлөх бөгөөд нийтийн ашиг сонирхол, дуу хоолойг хууль тогтоомжид тусган баталгаажуулахад оршдог хэмээн хэлж байв.  Иргэдийн санал, хүсэлтийг зөвхөн сонсоод өнгөрөх бус, хууль тогтоох болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхдээ тусгах нь чухал болохыг тэмдэглэж байсан.

Иргэд Улсын Их Хурлын гишүүдтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтээ уламжлах нөхцөлийг бүрдүүлж буй “Нээлттэй парламент” танхимд 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, 27-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН