Нүүр хуудасМэдээУИХ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн...

УИХ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.28/ Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл, Д.Ганмаа, С.Зулпхар, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар нар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана.” гэж заасан. Энэхүү зохицуулалт нь 10 жил тутамд 1024 бөхийг Үндэсний их баяр наадмаар барилдуулж, цолны үнэлэмжийг дээшлүүлэх, түүх, соёлын асуудалд ач холбогдол өгч буй хэрэг гэдгийг төсөл санаачлагч гишүүн П.Сайнзориг энэ үеэр тодотгов. Мөн тэрбээр энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож буй тул үүнийг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж Улсын Их Хурлын 18 гишүүнээс уг хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлж байгаа нь энэ гэлээ.

Тухайлбал, төсөлд Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэдэг байх,улмаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт аймгийн наадамд зургаа давсан бөхөд “аймгийн харцага” цол олгох асуудал орхигдсон байгааг нэмж оруулах зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн уламжлалт баяр болсон Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ойг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэж, түүх, соёлоороо бахархах үндэсний ухамсар сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн уг хуулийн төслийг дагалдуулан Үндэсний их баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

2003 оны 6 дугаар сарын 13-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга) батлагдаж хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх үеийн 1987 онд болон Монголын бүх ард түмний спартакиад, 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам, 1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан нэг удаа шийдвэрлүүлэх болон Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3 дахь хэсэгт цолыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан шийдвэрлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэн уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН