Нүүр хуудасМэдээУлс орны аюулгүй байдалд иргэдийн оролцоог хангана

Улс орны аюулгүй байдалд иргэдийн оролцоог хангана

Аюулгүй байдал гэдэг бол өргөн цар хүрээтэй ойлголт юм. Нэн ялангуяа улс орнуудын зөрчил, мөргөлдөөн нэмэгдэж, геополитикийн асуудал хурцадмал нөхцөлд шилжсэн энэ цаг үед үндэсний аюулгүй байдлаа хангахад анхаарч байна.  

Манай Монгол Улс харьцангуй амар амгалан хэдий ч даяарчлагдаж буй дэлхий ертөнцийн үйл явдлаас ангид байх учиргүй юм. Тиймээс улс үндэстний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангахад иргэн бүрийн оролцоо, мэдлэг, мэдээллийг чухалчилж байна.

Өөрөөр хэлбэл, аюулгүй, амар тайван амьдралын баталгаа бол дан ганц нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшингээр хэмжих  бус иргэд үндэсний  аюулгүй байдлаа хангах,  урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал болж байна.

Үндэсний аюулгүй байдлыг хангах талаарх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэхэд тийм ч амархан асуудал биш. Энэ сэдэв бол хэтэрхий өргөн хүрээний асуудал агаад чухам нийгмийн ямар бүлэгт ямар өнцгөөс нь ойлголтыг өгөх вэ? гэдгийг тодорхойлох нь тус хөтөлбөрийн зорилго, ач холбогдол юм.

 Эх оронч байх, тусгаар тогтнолоо хамгаалах, үүх түүхээрээ бахархах зэрэг нь  Монгол хүн бүрийн ухамсрын түвшинд гүн бат суусан. Гагцхүү эдгээр бахархлыг хадгалж байх эх сурвалж бол үндэсний аюулгүй байдлаа хангах, хамгаалах мэдлэг, мэдээлэл хамгийн чухалд тооцогдож байна.

Тиймээс Засгийн газраас төрийн албан хаагч болон иргэд, олон нийтэд үндэсний аюулгүй байдлын тухай  мэдлэг, мэдээлэл хүргэх зорилго бүхий “Аюулгүй байдал-иргэдийн оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Нэн тэргүүнд үндэсний аюулгүй байдал гэж юу вэ? гэдгээс эхлээд  дунд сургуулийн сурагчдаас эхлээд нийгмийн бүлэг бүрт тохирсон  сургалтын хөтөлбөр боловсруулж, мэдээллийн бүх сувгыг ашиглан түгээх нь зардал, цаг хугацаа хэмнэсэн оновчтой хувилбар хэмээн үзэж байна.

Мөн аливаа эрсдэлийн өмнө зөв шийдвэр гаргах туршлага, чадавхийг сайжруулах, нөхцөл байдлыг оновчтой тооцоолох зэргээр аюулгүй байдлаа хангахад төрийн бүх шатны албан хаагчид манлайлах чадвартай байх зэрэгт суралцах үүрэг хүлээж байна. Сүүлийн үед төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил зэрэг байгууллагууд ажилтнууддаа манлайлал, багаар ажиллах, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг агуулга бүхий сургалтуудыг  авдаг болсон. Аюулгүй байдлын сургалтууд  үүнтэй агаар нэгэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдлын хувьд илүү ач холбогдолтой болж байна.

Аюулгүй байдлын мэдлэг мэдээлэлтэй болсноор төрийн албан хаагчдын үндэсний аюулгүй байдлын мэдлэг, боловсрол дээшилж, төрийн нууцыг сахин хамгаалж, иргэд, олон нийтийн үндэсний хэмжээний аюул, занал, эрсдлийг тодорхойлох мэдлэг, чадвар дээшилнэ хэмээн үзэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН