Нүүр хуудасМэдээЦагдаад саатуулагдаад байхдаа амиа алдсан залуу эмэгтэйн хэрэг Ираны иргэдийг тэмцэлд босголоо

Цагдаад саатуулагдаад байхдаа амиа алдсан залуу эмэгтэйн хэрэг Ираны иргэдийг тэмцэлд босголоо

Шашны дэг ёсноос гадуур хувцасласан хэргээр цагдаад саатуулагдаад байсан 22 настай Махса Амини гэдэг эмэгтэй гурав хоног ухаангүй байсны эцэст эмнэлэгт амьсгал хураасан тухай Баасан гарагт Ираны эрх баригчид мэдээлсэн юм.

Энэ явдал Ираны иргэдийг хилэгнүүлж, олон хүнийг хамарсан засгийн газрын эсрэг тэмцлийг эхлүүлээд байна.

Даваа гарагт эхэлсэн тэмцэл нийслэл Тегеранаас гадна Ираны хоёр дахь том хот Машхадад эхэлжээ.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр иргэд эрх баригчдын эсрэг уриа хашхирч, зарим нь нүүрээ халхалдаг хижаб өмсгөлөө тайлан шидэж байсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Хижабаа тайлсан эмэгтэйчүүд “Исламын бүгд найрамдах улс сөнөтүгэй” хэмээн хашхирч байгааг сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгүүд харуулжээ.

Ням гарагт хохирогч эмэгтэйн нутаг болох Курдистанд 500 орчим хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад эрх баригчид хүчээр тараасан юм.

Өчигдөр Ираны парламентын нэг гишүүн ёс зүйн цагдаагийн үйл ажиллагааг шүүмжилсэн нь шашны хатуу дэгтэй энэ улсад ховор үзэгдэл байлаа.

“Гашт-э Эршад (ёс зүйн цагдаа) улс оронд хохирол учруулж, үймүүлэхээс өөр үр дүнгүй ажиллаж байна. Гол асуудал нь зарим хүмүүс бодит байдалтай эвлэрэхгүй байгаад оршиж байна” гэж парламентын гишүүн Жалал Рашиди Коочи хэвлэлд ярьжээ.

Шашны дэгийг сахиулах үүрэгтэй ёс зүйн цагдаагийн алба нь олон нийтийн газарт нүүрэндээ хижаб зүүхийг эмэгтэйчүүдээс шаардаж, бариу, задгай, хурц тод өнгийн хувцас өмсөхийг нь хориглодог юм.

Тегераны цагдаагийн газрын дарга Хоссейн Рахими өнгөрсөн Даваа гарагт мэдэгдэхдээ хохирогч эмэгтэйн биед ямар нэг байдлаар халдаагүй, түүнийг зүй бус хувцасласан хэргээр саатуулсан тухай тайлбарлажээ.

Бас солих хувцас гэрээс нь авчруулахаар ойрын хүмүүстэй нь холбоо барьсан тухай мэдэгдсэн байна.

Тэрбээр болсон явдалд цагдаагийн албан хаагчдыг үндэслэлгүй буруутгаж буйг шүүмжлээд “Энэ бол золгүй явдал бөгөөд дахин гаргахгүй байхад бид анхаарч ажиллана” гэж хэлжээ.

Асуудал Иранаас хальж, олон улсын анхаарлын төвд ороод байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “Зохисгүй хувцасласан хэргээр цагдаад саатуулагдаад байхдаа гэмтэл авсны улмаас Махса Амини амиа алдсан нь хүний эрхийг аймшигтай бүдүүлгээр зөрчсөн хэрэг юм” гээд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг Ираны эрх баригчдад уриалсан юм.

Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел уг явдлыг “байж боломгүй”, “аллага” гэж дүгнэсэн байна. НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Нада Аль Нашиф мөн Махса Аминий үхэл болон Иранд болж буй үйл явдалд санаа зовж байгаагаа өчигдөр илэрхийлжээ.

1979 оны Исламын хувьсгалаас хойш эмэгтэйчүүдийн хувцаслалтыг хянах шашны хатуу журам Иранд үйлчилж байгаа юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд үүнийг эсэргүүцэх, шүүмжлэх үзэгдэл түгээмэл гарах болжээ.

Эх сурвалж: AFP

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН