Нүүр хуудасМэдээЧингис хааны нэр бүхий чулууны бичгийн “А” хуулбарыг 'Чингис хаан' музейд байрлуулжээ

Чингис хааны нэр бүхий чулууны бичгийн “А” хуулбарыг ‘Чингис хаан’ музейд байрлуулжээ

Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар болон Улсын Их Хурлын гишүүд өнөөдөр (2022.10.11) “Чингис хаан” хаад, язгууртны музейн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

“Чингис хаан” хаад, язгууртны музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивд байгаа зарим эд өлгийн зүйлсийн  хуулбар, уран бүтээл юм. Тухайлбал, ОХУ-ын Эрмитажийн музейгээс бэлэглэсэн Их Эзэн Чингис хааны нэр бүхий чулууны бичиг, Хубилай хааны тэнгисийн флотын онгоц, Ватикан Улсад байгаа хаадын захидал зэргийн “А” хуулбарыг үзмэрийн хоргонд байрлуулжээ.

“Энэ музей Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эх буюу 2,000 жилийн хугацаан дахь хаад, язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны музей” гэдгийг музейн захирал, академич С.Чулуун онцлов.

Музей нь тусгайлан тоноглосон сан хөмрөгтөө үзмэр бүртгэх, анхан шатны цэвэрлэх, сэргээн засварлах, хадгалж хамгаалах, судлах лабораториудтай. Музей үзэх, хүүхдийн сургалтын хөтөлбөрт хамрагдах, мини кино театраар үйлчлүүлэх зэрэг бүх үйлчилгээг авахад нийт 8.5 цаг, зөвхөн музейг үзэх сонирхоход 5 цаг зарцуулах хэмжээний баялаг үзмэртэй.

Музейн үзмэр бүрд  QR код байх бөгөөд орос, англи, хятад, франц, испани хэлээр нэмэлт тайлбар авах боломжтой аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН