Нүүр хуудасНийтлэлШашны гаж урсгал хүний ухамсарыг идэж сэтгэн бодох чадваргүй болгодог…

Шашны гаж урсгал хүний ухамсарыг идэж сэтгэн бодох чадваргүй болгодог…

Монгол улсын үндсэн хуулинд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэж заасан. Чухам ямар шашин, ямар урсгал шүтэх эсэх нь хувь хүний өөрийн сонголт.

 Монголчууд харьцангүй чөлөөт сэтгэлгээтэй, өөрийн үзэл бодолтой, эрх чөлөөт ард түмэн. Тиймдээ ч шашин шүтлэг, итгэл үнэмшил нь харилцан адилгүй байдаг.

Нийслэл хотод 321 сүм хийд, шашны байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдний 30 хүрэхгүй хувь нь Монголчуудын эртнээс шүтэж ирсэн бурхны шашин, бөө мөргөлийн газар байгаа бол үлдсэн нь гаднаас орж ирсэн шашны байгууллагуудын сүм хийд эзэлж байна. Зарим нь чухам ямар урсгал, чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тогтоогдоогүй.  Тэдний дунд иргэдийг буруу тийш нь удирдан тархийг нь угааж нийгэмд сөрөг нөлөө үзүүлдэг гаж урсгалууд ч цөөнгүй бий.

Тиймээс  нийгэмд сөрөг нөлөө үзүүлдэг гаж урсгалаас сэргийлэхэд ард иргэдийн шашны тухай шинжлэх ухаанч үүднээс хандах мэдлэг боловсролд анхаарч, тэдний шашны тухай мэдлэг, философи сэтгэлгээ, сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэхэд шашин судлаач, философич, сэтгэл судлаач нар хамтран ажиллах цаг үе ирснийг харуулж байна.

Мөн төрөөс шашны талаар явуулах бодлогодоо мэргэжлийн шашин судлаачдын тайлбар дүгнэлтийг тусгаж байх нь ард түмнээ уламжлалт ёс заншил, үзэл санааны дотоод  эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлаас хамгаалах нэгэн чухал хүчин зүйл болно.

Шашны гаж урсгалын талаар Америкийн Калифорнийн их сургуулийн профессор, клиникийн сэтгэл судлаач  Маргарет Талер Сингер  “Бидний дунд буй Культууд”  номондоо гишүүдийнхээ бодол санаанд нөлөөлж, тэднийг өөрчилдөг онцлог зургаан аргыг  дурьджээ.

Үүнд:

1.ШИНЭ ШАШНЫ ХӨДӨЛГӨӨНИЙ ГИШҮҮД ИХЭВЧЛЭН ЗАЛЬЖИН АРГААР ШИНЭ ГИШҮҮД ЭЛСҮҮЛНЭ

Шинэ шашны хөдөлгөөн нь маш олон холбоо, нийгэмлэг, сан, төрийн бус байгууллагын нэрээр халхавчлан үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрсдийн байгууллагын нэрийг “Хувь хүний хөгжлийн төв”, “Оюуны хөгжлийн төв”, “Номын нөхөр бүлэг”, “Дэлхийн энх тайвны байгууллага”, “Архи тамхинаас гаргах төв”, “Хүмүүнлэгийн байгууллага” гэх мэтээр нэрлэж танилцуулна.

Өөрсдийн шашны номлол сургаал, зорилго, чиглэлийг шууд хэлэхгүй, тусгай мэдлэг, чадвар олгох яриа, лекц, сургалт зохион байгуулж байгаа гэх мэтээр хуурна. Мөн гол төлөв амьдралын бэрхшээлтэй тулгарч, ганцаардаж, зовж шаналсан хүмүүсийн эмзэг сэтгэлийг өлгөн авч тэднийг элэгсэг, энэрэнгүй, дотно, дулаан үгээр тайтгаруулан хуурч, танд нэг л олдох боломж хэмээн бодох тунгаах хугацаа өгөлгүй хурдан шийдвэр гаргуулж сүмдээ элсүүлэхээр шамдаж, ятгана.

  1. ШИНЭ ГИШҮҮДИЙГ НИЙГМЭЭС НЬ САЛГАЖ, ӨӨРЧЛӨХИЙГ ОРОЛДОНО.

Хувь хүнийг гэр бүл, найз нөхдөөс нь холдуулж, ахуй орчныг өөрчлөн сүмийн гишүүдийн хүрээлэлд авч, зарим тохиолдолд өмсөх хувцас, идэх хоолыг нь зааж “бодох сэтгэх үйлдлийг” нь хянана.

Тухайн хүний сул талыг харилцан ярилцаж, асуулт тавих, анкет бөглүүлэх аргаар мэдэж авна. Энэ нийгэм харанхуй бүдүүлэг, шударга бус, чөтгөр шулам, сатаны хорлол болсон гэж итгүүлнэ.

Бие биенээр нь тагнуул туршуул хийлгэн, алдаа дутагдал дээр нь дөрөөлж хяналтандаа авахаас гадна, олж авсан мэдээллээ үндэс болгож удирдагчаа далдыг мэддэг ер бусын чадвартай гэдгийг батлан итгүүлнэ.

  1. ГИШҮҮДЭЭ БАЙНГА УДИРДАГЧААСАА ХАМААРАЛТАЙ БАЙЛГАЖ, АЙЛГАХ АРГА ХЭРЭГЛЭНЭ.

Зарим удирдагч  нь өөрийгөө гэгээрсэн их багш, ер бусын чадвартай, харь гаригийнхантай холбогдох чадвартай гэж өргөмжилнө.

Тухайн хүнийг өөрийн гэсэн бодолгүй, удирдагчаасаа хараат, хүчгүй, сул дорой, айдсын байдалд оруулна

  1. ГИШҮҮДИЙГ ХУУЧИН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГААС НЬ САЛГАН ЗАН ЧАНАР, ҮЗЭЛ БОДОЛ, ЧИГ ХАНДЛАГЫГ НЬ ӨӨРЧЛӨХИЙГ ОРОЛДОНО.

Шинэ гишүүний урд өмнөх амьдрал утга учиргүй, сэтгэл минь хорон санаагаар дүүрэн байсан гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, урьдын амьдралыг нь хар өнгөөр будаж, элэг доог болгон доромжилж, хуучин амьдралын хэв маяг, зуршлаа орхин шинэ хүн болох ёстой гэж итгүүлнэ.

Гишүүдээ байнга  хийсэн үйлээ наминчлахыг шаардаж, тэдний сул талтай холбоотой мэдээллийг наминчлах үед нь олж авч, тэднийг номхон хүлцэнгүй дуулгавартай болгоход ашигладаг.

  1. ШИНЭ ЗАН ЧАНАР, ҮЗЭЛ БОДОЛ, ХАНДЛАГАТАЙ ХУУРАМЧ ХУВЬ ХҮН БОЛГОН ХУВИРГАДАГ

Гишүүдийг гаж урсгалын номлол сургаал, үзэл номлолыг дагасан хуурамч хувь хүн болгон хувиргана. Тэд үйл ажиллагаа, санхүүг дэмжихийн тулд гудамжнаас  “архи, тамхинаас гаргах төв, асрамжийн газарт хандив цуглуулж байна” гэж хүмүүст худлаа хэлж мөнгө цуглуулдаг.

Тусгай мөргөл унших, тойрон бүжих, эргэлдэх, амьсгалаа түгжих, хэт амьсгалах, бясалгах, сэтгэл хөөрөлд оруулах, ховсын байдалд оруулах аргыг хэрэглэнэ.

  1. ЯВЦУУ ХААЛТТАЙ ХҮРЭЭНД СЭТГЭЖ, БИЕ СЭТГЭЛЭЭ ГАЖ УРСГАЛДАА ЗОРИУЛАХЫГ ШААРДАНА

Номлол сургаалдаа чөлөөт, шүүмжлэлтэй, логик сэтгэлгээгээр хандахыг хязгаарлана.  Бусдын итгэлд үнэмшлийг дорд үзэж, өөрсдийн итгэл үнэмшлийг төгс дээд гэх үзэл баримтална.

Уг урсгалаас гарах иргэдийг чамд удахгүй өвчин зовлон, гэнэтийн золгүй явдал тохионо, замаасаа няцлаа, буцаж муу замдаа орлоо гэж буруутгаж сүрдүүлнэ.

 Эдгээр нөлөөнд автаж сүм хийдэд явж, шашны гаж урсгалуудаар тархиа угаалгаж байгаа байдал Монголд олон бий. Тэдний итгэж үнэмшиж, аялдан дагаж байгаа шашин болоод бусад гаж урсгалууд нь өөрийг нь хэрхэн сэтгэн бодох чадваргүй амьд зомби болгон хувиргаж байгааг ухаарах сөхөөгүй байдаг.

Гаж урсгал, шашны нөлөөнд автаж сүмд явдаг хүмүүс

  • Өөрийн гэсэн бие даасан ТОЛГОЙ байхгүй болдог.
  • Бие дааж СЭТГЭХ чадваргүй болдог байна.

Харин тэдний толгойд сүм, шашны гаж урсгалууд дараах арга залийг суулгаж өгдөг.

Үүнд:

  • Гэгээрэл, ариуслын талаар хэдэн ч цагаар хамаагүй ярих чадвар
  • Хооллолт, зөвлөгөөг өгөх чадвар /мэргэжлийн бус/
    Хандив, халамжийн үйл ажиллагаагаар мөнгө босгох чадвар
  • Сэтгэл зүйчид хувирах чадвар
  • Бусдын төлөө санаа тавьж, анхаарал хандуулж буй сайхан сэтгэлт сайн үйлсийн эзэн мэт харагдах чадвар.

Гэвч үнэн хэрэгтээ эдгээр хүмүүсийн амнаас гарч байгаа үг үйлдэл зөрдөг. Тэд маш итгэлтэй хариуцлагатай, ёс зүйтэй мэт харагддаг ч цаанаа увайгүй авирлаж бусдын оюун ухаан, итгэл үнэмшлээр далимдуулан амьдралыг нь хулгайлж байдаг.

Тиймээс үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж шашин шүтэх эс шүтэхдээ цензуртай хандаж тархи, оюун бодлоо харийн шашнаар угаалгахгүй байх дархлааг Монгол хүн бүр өөртөө суулгах хэрэгтэй. Ингэж байж ирээдүй хойч үеэ гаж урсгалын амьд зомби болох аюулаас хамгаалж чадна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН