Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ нь Японы “Нихон Риюс” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Кимоно дэ Охарико” төслийн хүрээнд өнөөдөр буюу 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сайн үйлсийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Зүү, төхөөрөмж гардуулах ёслолын өмнө Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа Японы “Нихон Риюс” ХХК-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтад тус компанийн Гадаад бизнесийн хэлтсийн дарга Такү Такэүчи (Taku Takeuchi – 竹内 卓), Гадаад бизнесийн хэлтсийн ажилтан Саки Ёшида (Saki Yoshida – 吉田 さき) болон Монгол дахь албан ёсны төлөөлөгч Э.Улсболд нар оролцож, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын дараагаар хувиараа оёдлын үйл ажиллагаа эрхэлдэг болон өрхийн орлогоо нэмэгдүүлэх эрмэлзэлтэй өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй ээжүүдэд зориулан Япон улсаас илгээсэн оёдлын машин болон торгомсог эдлэлийн зориулалттай тусгай зүүнүүдийг гардуулах ёслол боллоо.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжиж буй энэхүү хандивын эд зүйлс болон батламжийг компанийн төлөөлөгчид болох ноён Такү Такэүчи, хатагтай Саки Ёшида нар зорилтот иргэдэд биечлэн гардуулж өгсөн юм. Энэхүү үйл ажиллагаа нь бичил бизнес эрхлэгчдийг үйлдвэрлэлийн багаж хэрэгслээр хангаж, өрхийн бизнесийг нь бодитоор дэмжихэд чиглэгдэж буйгаараа онцлог боллоо. Японы “Нихон Риюс” ХХК нь 2021 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвөөр дамжуулан өрх толгойлсон ээжүүдэд тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн арвин туршлагатай бөгөөд энэ удаад ч “Кимоно дэ Охарико” төслөөрөө дамжуулан иргэдийн биеэ даан хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүллээ.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ нь цаашид ч олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран өрхийн болон бичил бизнес эрхлэгч, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон талт төсөл, хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллах болно.






