Нүүр хуудасЯрилцлагаО.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар...

О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна

“Иргэний зөвлөл” нийслэл, орон нутагт байдаг ч тэр бүр иргэд энэ талаар ойлголт багатай байдаг. Иргэний зөвлөл гэж яг ямар зорилготой зөвлөл юм бэ?

-Иргэний зөвлөл гэдэг бол төрийн байгууллагын үйл ажиллагаанд хараат бус, хөндлөнгийн иргэний хяналт тавих “civilian oversight” ойлголт юм. 

Иргэний зөвлөл анх 20 дугаар зууны дунд үед Америкт арьс өнгөний ялгаварлан гадуурхалт болж, тэр дундаа хар арьстай иргэдийн авч байгаа төрийн үйлчилгээний хүртээмж бусдаас ялгамжтай, ялгаатай байдлаас үүдэлтэй иргэний төрийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих гэсэн ойлголт үүссэн байна.

Энэ хөгжих явцад улс оронуудад шүүх, прокурор, цагдаагийн болон төрийн үйлчилгээний байгууллагад тавих хяналт гэсэн олон төрлөөр хөгжсөн байдаг.

Харин Монголд 2017 оноос “civilian oversight on the police” буюу Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих иргэдийн хөндлөнгийн хяналт, дэмжлэг үзүүлэх зорилгоор  энэ системийг нэвтрүүлээд, үндсэндээ (2016, 2020, 2024) 3 дахь үе дээр явж байна.

Иргэний зөвлөл нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын дэргэдэх сонгуульт байдлаар байгуулагдаж, гишүүд нь иргэдээс сонгогддог. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөл нь 5-7 хүнтэй байхаар журмандаа заасан байдаг. Энэ дагуу өнөөдөр Иргэний зөвлөлд иргэдээс сонгогдсон 7 хүн ажиллаж байна. Иргэний зөвлөл нь 2017 оны Хууль зүйн сайдын баталсан журмаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Товчхондоо Иргэний зөвлөл нь “Цагдаагийн албаны тухай” хуулийн 62 дугаар зүйлийн хүрээнд хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажилладаг.

-Иргэний зөвлөл хамгийн сайн хөгжсөн ямар улсууд байдаг вэ?

Иргэний зөвлөл хамгийн сайн хөгжсөн улс орнууд гэвэл Америк, Канад, Шинэ Зиланд, Норвеги гэсэн орнуудыг дурдаж болно. Төрийн үйл ажиллагаанд иргэний хөндлөнгийн хараат бус хяналт тавьдаг тогтолцоо нь нэлээд том бүтцийн байгууллагатай адил хөгжсөн байдаг.

Тухайлбал,  манайхаас бусад оронд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг Иргэний зөвлөл нь мөрдөх албатай байдаг жишээний.  Прокурор юм уу, шүүх рүү  оруулсан хэргийг хаах санал, шилжүүлэх санал, яллах саналыг Иргэний зөвлөл татаж авч үзээд хүний эрх зөрчигдөх, эрүүдэн шүүх болон  захиалгатай яллаж байгаа эсэхийг Мөрдөх алба нь хяналт тавьж хэрэгжүүлдэг.  Өөрөөр хэлбэл, мөрдөгчийн хавтаст хэргийг дахиж мөрдөнө гэсэн үг.

Практикт цагдаа, шүүх, прокурорын байгууллагад хүний эрхийг зөрчих магадлал өндөр байдаг гэж үзэн,  мөрдөн шалгах явцад иргэнийг хэлмэгдүүлэх, эрүүдэн шүүх зэргийг таслан зогсох арга хэмжээ авдаг болж журамлаж хүртэл өгсөн байна.

Монголд Иргэний зөвлөл хэрхэн ажиллаж байна вэ?

Манайд хэрэг бүртгэх, мөрдөн байцаахаас бусад чиглэлд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хяналтын тавина гэж журамласан. Энэ журмаар бол хэв журмын цагдаагийн үйл ажиллагааг илүү сайн дэмжих, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.Товчхондоо, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлд хяналт тавина гэсэн үг.  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд НИТХ-аас цагдаагийн байгууллагууд ямар ажил хийж байна, тэр ажлууд нь хэр үр дүнтэй байгаа эсэхэд дүн шинжилгээ хийдэг.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хувьд 2025 онд 30 тэрбум, энэ жил 78 тэрбум төгрөг батлуулан ажиллаж байгаа мэдээ ирсэн.  Иргэний зөвлөл нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хэрхэн үр дүнтэй ажиллаж байгааг, иргэдийн санал гомдлыг шийдвэрлэх тал дээр хөндлөнгийн хяналт тавьж, саналаа тусган ажилладаг.

Иргэний зөвлөл идэвхтэй ажилласнаар гэмт хэргийн гаралтыг бууруулахад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны үүргээ гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх, иргэн цагдаа хоёрын гүүр болж өгснөөр цагдаагийн байгууллагад ирэх гомдол багасна. Сүүлийн жилүүдэд хотжилт, иргэдийн хөдөлгөөн ихэссэнээр гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Залилан, цахим гэмт хэргүүд эрс нэмэгдсэн.

Иймд иргэд хамгийн их залилуулж буй орон сууцны залилан, визний залилан зэргийг бууруулахад Иргэний зөвлөл хуулийн дагуу холбогдох газруудад саналуудаа тусгаж,энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооход дуу хоолойгоо өргөж ажиллаж байна.   

Манай НИТХ-ын дэргэдэх иргэний зөвлөл маань иргэдэд иргэний зөвлөлийн талаар сайн таниулах, иргэдээс саналыг нь авч цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тусгуулах тал дээр зөв ойлголт, мэдээллийг тогтмол өгч байхыг зориж байна. Ингэснээр иргэд хуулийн анхан шатны мэдлэгтэй болж, гэмт хэрэгт холбогдох нь багасна гэж харж байгаа.

Иргэний зөвлөлийн гишүүнд ямар шаардлага тавьж, хэрхэн сонгодог бэ?

Иргэний зөвлөлийн гишүүнээр сонгогдох шалгуур гэж байгаа. Цагдаа, шүүх, прокурорын байгууллагад сүүлийн 5 жил ажиллаж байгаагүй, төр, улс төр, нитийн албан тушаалтан биш, Улаанбаатар хотын иргэн байх гэсэн шалгуур тавигддаг.  Өмнө нь төрийн албанд ажиллаж байсан туршлагтай байж болно.   Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, тухайн дүүрэгтээ сүүлийн 5 жилийн турш тогтвортой ажиллаж, амьдарч буй дээд боловсролтой иргэнийг сонгоно. Манай зөвлөлд хуульч, өмгөөлөгчийн холбооны төлөөлөл, төрийн албанд ажиллаж байсан туршлагатай төлөөлөл, олон нийттэй харилцах, судалгаа, дүн шинжилгээгээр ажилладаг туршлагатай төлөөлөл болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, хувийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг 7 хүний бүрэлдэхүүнтэй.

Иргэний зөвлөлийн гишүүн нь иргэдийн дундаас сонгогдсон, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, хараат бусаар ажиллах юм. Өөрийн ажлынхаа хажуугаар иргэдийн санаа бодлыг цагдаагийн байгууллагад уламжлах, цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөлөөр дэмжихийн тул НИТХ-д саналаа уламжлах зэргээр журмаараа улиралдаа нэг удаа хуралдахаар заасан байдаг. Энэ бол сайн дурын нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажил гэж ойлгож болно.

Миний хувьд хувиараа бизнес эрхлэгч бөгөөд  иргэдийн төлөөлөл болж сонгогдсон.  Ажлын хажуугаар иргэдийн эрх ашгийн төлөө, сайн дурын үндсэн дээр иргэдээс сонгогдон гарч ирсэн жирийн иргэний нэг. Иргэний зөвлөлийн гишүүд дундаас даргаа сонгодог. Энэ удаагийн иргэний зөвлөлийн даргаар Т.Мөнхнасан нэг жилийн хугацаатай даргаар ажиллаад саналаараа ажлаа өгсөн. Дотоод зөвшилцөлөөрөө нийт гишүүдийнхээ саналаар миний бие сая зөвлөлийнхөө даргаар сонгогдсон. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэний хяналт тавьж байгаа учир “Зөвлөлийн дарга” гэхээс илүү “зохицуулагч” гэх нэр томьёогоор журмыг батлуулах гэж байгаа.

Тэрнээс биш зөвлөлийн гишүүд маань улс төрийн томилгоотой ямар ч холбоогүй үйл ажиллагаа явуулдаг гэдгийг онцлох хэрэгтэй.

Иргэний зөвлөлийн гишүүн цалин, урамшуулал авдаг уу? Төрөөс ямар нэгэн байдлаар санхүүждэг үү?

2017 оны Хууль зүйн сайдын баталсан журманд иргэний зөвлөлийн гишүүн нь улиралд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр урамшуулал авна гэж заасан байдаг. Бусдаар үйл ажиллагааны болон бусад холбогдох ямар ч төсөв байхгүй. Зөвлөлд иргэд сайн дурын үндсэн дээр ажиллаж байгаа юм.  Иргэний зөвлөл хагас жил тутмын тайлангаа НИТХ-ын даргад тайлагнадаг.

Иргэний зөвлөлийн одоогийн хэрэгжүүлж байгаа эрх нь иргэдийн хяналтыг хэрэгжүүлэхэд хэр хангалттай байгаа вэ?

Иргэний хяналтыг бүрэн хэрэгжүүлэхэд одоогийн бидний оролцож буй чиг үүрэг хангалтгүй байгаа. Тиймээс  зөвлөлд олгосон хязгаарлагдмал журманд эрх нэмүүлэх асуудлаар өөрчлөлт оруулах  саналыг ХЗДХЯ-д  оруулахаар ажиллаж байна. Дээр би хэлсэнчлэн гадны улс орнуудад Иргэдийн зөвлөлийн хяналт маш сайн хөгжсөн. Тиймээс бид ч гэсэн иргэний хяналтаа маш сайн хөгжүүлэх шаардлага бий.  Төрд хамгийн сайн хяналт тавих хүн бол иргэн шүү дээ. Тиймээс иргэний төрд хяналт тавих эрхийг тодорхой хэмжээнд олгосноор заавал сөрөг хүчин юм уу, төлөөллийн байгууллага гэхгүй иргэдийн зөвлөл нь хяналтаа хэрэгжүүлээд явчихдаг.

Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна гэсэн үг.  Иргэний зөвлөлийн талаар мэдээллийг иргэд зөв ойлгож, хамтран ажиллахыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН