Нүүр хуудасМэдээМАН-ын бүлэг: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн...

МАН-ын бүлэг: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хийж, гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Эрдэс баялгийн салбарын орлогын өсөлтийг дагаж төсвийн зарлага огцом нэмэгдэхээс сэргийлж, төсвийн зарлагын өсөлтийг эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулан тогтвортой, хариуцлагатай төлөвлөх шаардлага тулгарч байгаа. Иймд төсвийн тусгай шаардлагыг Монгол Улсын эдийн засаг эрдэс баялгийн салбарын орлогын өсөлтөөс хамааралгүй, эрдэс баялгийн бус салбарын өсөлттэй уялдуулсан тодорхой зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн жилийн ДНБ-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай эсвэл ашигтай байхаар, нийт зарлагын өсөлтийг тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджаас аль ихээс хэтрэхгүй байхаар өөрчлөн найруулсан” хэмээн мэдээлэлдээ дурдсан. Дээрх өөрчлөлтөөр төсвийн алдагдал, зарлагын өсөлт болон байгалийн баялгийн орлогын хэлбэлзлээс үүдэх төсвийн эрсдэлийг бууруулан дунд хугацааны сахилга бат бий болгож, төсвийн бодлогыг эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулах нөхцөл бүрдэх ажээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Тус хуулийн төсөл нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлтэй агуулга ижил тул гишүүд хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзсэн. Хууль санаачлагчид өргөн барьсан хуулийн төслөө уул уурхайн салбарын гэнэтийн их орлогоос сэргийлэхэд чиглэсэн гэдгийг тодотгосон юм.

Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Монгол Улсын Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлд иргэнээ бодсон олон чухал заалтуудыг тусгаж өгчээ. Тодруулбал, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, жижиг дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлээ дэмжиж, эдийн засгаа сэргээхээс гадна Оюутолгой төслөөс манай улс анх удаа ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлсэн гэв. Улмаар түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг 800 МВт-аар нэмэгдүүлэх тооцооллыг гаргасан байна. Мөн ахмад настны суурь тэтгэврийг дунджаар 100-300 мянган төгрөгөөр, багш, эмч, төрийн үйлчилгээний салбарын ажилтан алба хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр төсөвт тусгажээ. УИХ-ын гишүүд ирэх оны төсөвтэй холбоотой асуулт асууж, хариулт авснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН