“Монгол-Швейцарын хамтарсан хүүхдийн төсөл” (SMOPP)-ийн хүрээнд нярайн түнхний хэт авиан шинжилгээнд суурилсан эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээг Монгол Улсад 2007 оноос үе шаттайгаар нэвтрүүлэн хөгжүүлж ирсэн.
Төслийн үр дүнд өнөөдрийг хүртэл үндэсний хэмжээнд 1 сая гаруй хүүхдийг түнхний хэт авиан скрининг шинжилгээнд хамруулж, түнхний хөгжлийн эмгэгийг эрт илрүүлэн, 10 мянга гаруй хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн юм.
Төслийн хүрээнд нярайн түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх арга технологийг Монгол Улсад нутагшуулж, олон улсын стандартад нийцсэн ур чадвар бүхий үндэсний сургагч багш, зөвлөх эмч нарыг бэлтгэж, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах анхан шатны, давтан болон сэргээн бататгах сургалтыг тогтмол зохион байгуулж, тусламж, үйлчилгээний тасралтгүй, тогтвортой байдлыг ханган ажилласан.
Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан төслийн эмч, удирдлагуудад Эрүүл мэндийн яамнаас шагнаж, талархал илэрхийллээ.
Цаашид хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн майга тавхайн эмгэгийг нярайн үед оношилж, эмчлэх чиглэлээр хамтран ажиллах юм





