Нүүр хуудасМэдээХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнгөн бус үйлчилгээ шаардлагатай байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнгөн бус үйлчилгээ шаардлагатай байна

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооноос “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх мөнгөн бус үйлчилгээний тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.11.11/ зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцын 19 дүгээр зүйлд бие даан амьдрах болон тухайн оршин суугаа орчиндоо байх эрхийг, мөн 28 дугаар зүйлд амьжиргааны хүрэлцэхүйц түвшин, нийгмийн хамгаалал хүртэх эрхийн хүрээнд арга хэмжээнүүдийг заасан байна.

Гэвч манай улсад дээрх хоёр зүйл бүрэн дүүрэн хэрэгждэггүй тул энэхүү хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж нам, төрийн шийдвэр гаргах түвшинд хүргэхийг зорьжээ.

Тодруулбал, Мөнгөн бус үйлчилгээний тогтолцоог бий болгох саналуудаа Засгийн газрын бодлого хөтөлбөрт зөвлөмж өгөх, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүлэх, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын мөрийн хөтөлбөрт санал хүргүүлнэ гэдгээ МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Саранчулуун онцлов.

Ямар нэгэн бэрхшээлтэй, хөгжлийн онцлогтой иргэд ажил хийх хүсэлтэй ч хаана, хэнд хандахаа мэдэхгүйгээс асуудал шийдэгдэхгүй байна, тэднийг халамжлах, тэтгэх гэхээс илүүтэй тохирсон үйлчилгээг зөвхөн төр биш хувийн хэвшил ч үзүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгцээ байгааг “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн тэргүүн Ч.Ундрахбаяр хэлж байлаа.

Аль болох асрамж, тусламж, тэтгэмжийн бодлогоос илүүтэй бие даан амьдрах стратеги баримтлахыг зөвлөмжид онцолж байгаа юм.

Тухайлбал, хувийн туслах, хэлмэрчийн үйлчилгээ, дижитал технологи, орон байрны хувилбартай үйлчилгээ, тохируулгатай ажлын байр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэн хэрэгцээтэй үйлчилгээ юм.

Хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн нийгмийн хамгааллын газраас “Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлж буй асаргаа, үйлчилгээ”-ний судалгааны үр дүнг танилцууллаа.

Хэлэлцүүлэгт МАН-ын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ, бодлогын хорооны Нарийн бичгийн дарга нар, холбогдох агентлаг,  газрын төлөөлөл оролцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН