УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /БОХХААБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Төслийн ажлын багийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Засгийн газраас ноднин есдүгээр сарын сарын 25-нд өргөн мэдүүлсэн уг төслийг ноднин 11 дүгээр сарын 28-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болсныг тэрээр дурдлаа.
Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах
тухай” тогтоолын төслийг холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал,
дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг Байнгын хорооны 2019 оны
10 дугаар тогтоолоор байгуулсан. Ажлын багт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ.
Г.Тэмүүлэн, Д.Мурат, Д.Тэрбишдагва. Б.Саранчимэг нар ажилласныг тэмдэглэв.
Ажлын багийн хуралдаанаар, төсөлд “усны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн”
гэснийг “байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэж тусган хүчин
төгөлдөр мөрдөгдөж буй Усны тухай хуулийн нэр томьёотой жигдэлсэн байна.
Хуулийн төслийн 16 дугаар зүйлд 16.4.1, 16.7.4 дэх заалтыг өөрчлөх саналын
томьёоллыг бэлтгэв. Төслийн 3 дугаар зүйлийн “байгууллага” гэсний өмнө
“төв” гэж нэмэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нийцүүлжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, А.Сүхбат нар
асуулт асууж, хариулт авсны дараа Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийн талаарх ажлын багаас гаргасан тав, тогтоолын төслийн
талаарх гурван саналын томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн
олонх дээрх саналыг дэмжсэнээр, энэ талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг
чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хуралдаан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт
өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг
байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг томиллоо.
Мөн хуралдааны төгсгөлд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал,
дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг байгуулж ахлагчаар нь
УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг томилов.