Д.НЯМХҮҮ: Эмчлэгдэж байгаа хүмүүсээс эхний 2 хүнийг эмнэлгээс гаргахаар болсон сайн мэдээ, Гэхдээ тэд 14 хоног өөрийгөө тусгаарлан, хянах ёстой
Эмчлэгдэж байгаа хүмүүсээс эхний 2 хүнийг эмнэлгээс гаргахаар болсон сайн мэдээ. Сүүлийн 3 хоног 5 зүйлийн сорьцод шинжилгээ хийсэн вирус илрээгүй. Мөн эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд бүрэн арилсан тийм учраас 2 хүнээ эмчлэн эдгэрүүлээд гаргах гэж байна. Гэхдээ 2 хүн маань 14 хоног үргэлжлэн тусгаарлагдаж өөрийгөө хянах ёстой. Тэр дүрмийг дагах болно. 2020 оны 3 сарын 9-нд коронавируст халдварын анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд 3 дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тусгаарлалтад ХӨСҮТ-д 16, Сэлэнгэ аймагт 10 нийт 26 хүнд давтан шинжилгээ хийлээ, коранвирус илрээгүй.
Б.ЯНЖМАА: АНУ хэдэн сая хүн халдвар авч, нас баралт 100 мянга хүрэх магадлалтай
АНУ-д халдварын тохиолдол 140 мянга гаруй, нас баралт 2400 гаруй болсон байна. Тус улсын харшил, халдварт өвчний хүрээлэнгийн захирал доктор Паувчы өчигдөр ард иргэддээ хандаж хэлсэн мэдээлэлдээ: АНУ-д халдварын оргил үе хараахан болоогүй байна. Ирэх долоо хоногийн хугацаанд халдварын тоо болон нас баралтын тоо ихсэж оргилдоо хүрэх магадлалтай. Математик тооцооллын дагуу АНУ хэдэн сая хүн халдвар авч, нас баралт 100 мянга хүрэх тооцоолол хийсэн талаараа мэдэгдсэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад АНУ-ын холбооны засгийн газраас 3 сарын 31 хүртэл тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн 4 сарын 30 хүртэл сунгаж мөрдүүлэхээр болсон байна. Үүнд: зайнаас харилцах, олон хүн буюу 10-аас дээш хүн цугласан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, Өндөр настнууд гэрээсээ гарахгүй байх зэрэг арга хэмжээнүүд багтаж байна.
Б.ЯНЖМАА: Итали улс бүх хязгаарлалтын арга хэмжээг энэ оны 6 сар хүрч байж цуцлана гэдгийг Ерөнхий сайд нь мэдэгдсэн
Италийн иргэнийг хамгаалах газрын мэдээлснээр тус улсад ням гарагт 756 нас баралт бүртгэгдсэн байна. Баасан гарагт 919 нас баралт бүртгэгдсэнээс хойш бямба, ням гарагт 2 өдөр дарааллаж нас баралтын тоо ялимгүй буурсан байна. Мөн 4 сарын 3-нд дуусахаар анх тогтоосон хөл хориог цааш нь үргэлжлүүлнэ хэмээн Ерөнхий сайд нь мэдэгдсэн бөгөөд энэ бүх хязгаарлалтын арга хэмжээнүүдийг энэ оны 6 сар хүрч байж цуцлах талаар мэдээлсэн байна. Испани улсын ЭМЯ-ны мэдээллээр тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 838 нас баралт бүртгэгдсэн нь халдвар анх гарснаас хойш хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.