“Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал:
-Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын зургаан иргэн шахмал түлшинд угаартсан. Угаартсан шалтгааныг тодруулахад ердийн монгол зууханд галлаж, зуухны битүүмж алдагдсанаас болсон байсан. 2020 оны мөн үед 387 иргэн угаарын хийн хордлогод өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол энэ онд 73 хүн болж, 83 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Өнөөдрийн байдлаар эрсдэл бүхий 63 мянган өрхөд угаарын хий мэдрэгч байршуулан 24 цагаар хянаж байна. Эрүүл мэндийн байгууллагын тусламж авах хэмжээнд хүрэхээс өмнө хяналт хийснээр өмнөх долоо хоногт 150 гаруй айлын гэрт угаар ялгарч байгааг мэдэгдэж, урьдчилан сэргийлсэн. Тэгвэл арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдэд 44 айлын гэрт угаар илэрч байгааг урьдчилан мэдэж, 160 гаруй иргэнийг угаартахаас сэргийлж чадлаа. Энэ нь долоо хоногийн хугацаанд гэрт нь угаар ялгарсан айлын тоо 60 гаруй хувиар буурсан гэсэн үг. Тиймээс хүмүүст хандаж угаар мэдрэгчээ цахилгаанаас нь бүү салгаарай гэж сануулъя гэлээ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ
“Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс агаар дахь PМ-2.5 тоосонцрын хэмжээ их байгаа нь зүрх судасны өвчлөл нэмэгдүүлдэг аюултай. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй. Иргэд маань агаарын чанарын индексийг ашиглаж сурахын дээр агаар бохирдуулахгүй байх оролцоогоо нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавьдаг байх нь чухал байна” гэлээ.