Нүүр хуудасМэдээГэрэл зургийн уралдаанд түрүүлж Швейцар улсад аялаарай

Гэрэл зургийн уралдаанд түрүүлж Швейцар улсад аялаарай

Монгол Улсын Соёлын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, Гамма агентлаг болон Батзориг сан хамтран гэрэл зургийн уралдаан зарлалаа.

Уралдаанд залуучуудын 18-34 насныхан “Өнгөрсөн-одоо-ирээдүй” Швейцарын хөгжлийн агентлаг Монголд” сэдвээр оролцох боломжтой.

Бүтээлийг 2023 оны 5 дугаар сарын 30-ний дотор sdcmongolia2023@gmail.com мэйл хаяг болон Швейцарын хөгжлийн агентлагийн байранд файлаар хүлээн авна. Нийт ирүүлсэн зургаас эхний шатанд 60 бүтээлийг урьдчилан шалгаруулах юм. Шалгарсан уран бүтээлчдэд шагнал гардуулах ёслолыг 2023 оны 8-р сарын 1-нд Швейцарын үндэсний баяраар зохион байгуулна. Орон нутгийн оролцогчдыг Улаанбаатарт ирэх замын зардал, байрны зардлыг гаргах юм. Эцсийн шатанд шалгарсан бүх оролцогчдын зургийг өндөр чанартайгаар каталоги хэвлүүлэхээс гадна гурван аймагт үзэсгэлэн гаргах аж.

Уралдаанд нийт гурван байр шалгаруулах бөгөөд нэгдүгээр байрт шалгарсан бүтээлийг Швейцарын Холбооны Улсад зочлох эрхээр шагнах юм. Үүнд замын зардал, хоол, байр орно. Хоёрдугаар байрт 500 ам.доллар, гуравдугаар байрт шалгарсан бүтээлийг 300 ам.доллараар тус тус шагнах аж.

Ташрамд дурдахад, Швейцарын Холбооны Улсаас 2001 онд зудын гамшигт нэрвэгдсэн монголчуудад хүмүүнлэгийн тусламжийг хүргэснээр Монгол Улсад дэмжлэг үзүүлж эхэлсэн түүхтэй. 2004 онд Улаанбаатар хотноо Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газрыг албан ёсоор нээж, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хүнсний аюулгүй байдал зэрэг амин чухал салбаруудад үйл ажиллагаагаа чиглүүлэн дэмжлэг үзүүлж иржээ. Улмаар Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нэмэгдэхийн хэрээр хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж, засаглал, мэргэжлийн сургалт, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдал, хотын хөгжил зэрэг асуудлыг чухалчлан ажилласан байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН