Аравдугаар сарын 11-ний баасан гарагт Орон нутгийн сонгууль болж бид өөрсдийгөө төлөөлөх 8031 хүнийг сонгох болно. Иргэн бүрийн гэрт сонгуулийн сонин сэтгүүл тараагдаж, замын хажуугаар өрсөн нэр дэвшигчдийн зургийг хараагүй хүн байхгүй байх. Утсаар ярих ухуулагч нартай ч ярьж, сошиальд дуулж, бүжиглэж, хятад киноны хоолойгоор ярьж, спортоор хичээллэж олон төрлийн аргаар өөрийгөө хэн гэдгийг таниулсан рийл нүүр номыг дүүргэж байна. Энэ дүүрэгт багаасаа амьдарсан учраас таны миний бидний асуудлыг мэднэ гэх хүмүүс бүр ч олон. УИХ-ын сонгуулиас ялгарах гол онцлог нь сонгочдын ирц бүрдээгүй болон хэдэн ч хувийн ирцтэй байсан саналын тоог хүчинтэйд тооцож их санал авсан нэр дэвшигчийг сонгоно. Хороо, дүүргийн төлөөлөгч таны амьдарч буй орчинд ямар асуудал тулгарч байгаа яаж шийдэх гарц гаргалгааг гаргаж цаашлаад хороо, дүүрэг, нийслэл, УИХ руу таны дуу хоолойг хүргэх гүүр болох хүмүүс билээ. Иймд бид ач холбогдол өгч баасан гарагт идэвхтэй саналаа өгч өөрийгөө төлөөлөх зөв нэгнийг сонгох учиртай. Энэ өдөр нь амралтын өдөр таарч байгаа. Энэ удаагийн сонгуульд 8031 хүн мандат авна, энэ бол маш их тоо. Бид өдөр бүр нийгмийн асуудлуудыг ярьж шүүмжилдэг атлаа бодит ажил хэрэг болгодоггүй. Нэр дэвшиж буй хүмүүсийн рийл бичлэгэнд бус боловсролын зэрэг, ёс суртахуун, өмнө нь юу хийж бүтээсэн зэргийг харах хэрэгтэй. Тэгвэл ярих бус үйлдэл хийх нэгнийг сонгож өөрийн амьдарч буй хорооныхоо асуудлыг шийдэж эрхээ эдэлж амьдрах эрх бас сонголт нь бидэнд байна. Үүний тулд аравдугаар сарын 11-ний энэ баасан гарагт заавал саналаа өгөөрэй