Өвлийн жавар хайр найргүй хацар алгадах хотын бүүдгэр өглөө итгэл муутайхан алхлах миний хөлийн чимээнд цас гунигтай чийхрах нь чихэнд чийртэй ч юм шиг. Хамаг бие царцчихсан юм шиг хүйт дааж сормуус цантан нүдэнд юу ч харагдахгүй байгаа мэт санагдана. Хаашаа л харна цас. Хажуугаар өнгөрөх хүмүүсийн харц хүртэл нуруу хүйт оргим хүйтэн байх шиг санагдаж, тэсвэрлэхийн аргагүй энэ байдлаас хурдан ангижрахсан гэхдээ байж ядна. Харин цаг хугацаа зогсчихоод надаар даажигнаж байх шиг миний хүлээж байгаа автобус хүртэл удаан гэгч нь мөлхөнө. Гадаа хүйтэн жавартай, цас мөсөөр хайрч байгаа юм шиг хүйтэн, хүмүүс хүртэл бие биенээ хайр найргүйгээр дайрчих шахан зөрөх нь өвлийн уур амьсгалыг улам ч хүйтэн болгох шиг. Би яагаад ийм ихээр өвлийг үзэн ядаж байгаагаа ойлгохгүй юм. Цав цагаахан өнгөтэй цасан ширхэг, эрдэнэсийн гэрлээр нүд гялбуулан бууж, хорвоогийн хамаг муухай бүхнийг далдлан хаагаад харин ч өвөл чиний араншинд хүмүүс дуртай гэх юм. Харин би бол үгүй. Чи яг л өнгөө хувиргасан хуурамч дүртэй нэгэн өвлийн дүр исгэж ирчихээд чамайг хайрладаг хүмүүсийг энэрэлгүйгээр хуурч байх шиг. Чиний хуурамч өнгөний цаана ямар их зүйл нуугдаж байгааг би мэддэг учраас чиний тэсэхийн аргагүй араншинд хорсож явна. Гэхдээ чи удаан тэсэхгүй. Чиний жинхэнэ нүүр царай илчлэгдэх цагт чи сүүлээ хавчаад зугтана шүү дээ. Байз. Ингэхэд би чамайг хэзээнээс ингэж үзэн ядах болов. Миний гэнэн дурсамжинд чамтай холбоотой зөндөө зүйл байгаа. Анх хүүхдийн гэнэн сэтгэлээр чамайг хараад ямар ихээр догдолж, баясаж чамтай хамт тоглохыг ямар ихээр хүсэн тэмүүлж явсан гээч. Тиймээ чиний ямарч өнгөгүй цагаан цасан дээгүүр эрх дураараа гүйж, чиний эмзэгхэн цасанд хамаг л сайхан мөрөөдлөө бичиж, гутал, бээлэй хоёроо мөс болж хөлдтөл тоглож байсан тийм гэмгүйхэн цагаан дурсамжууд надад зөндөө байгаа. Тийм сайхан бүхнээр чинь би өөрийнхөө дурсамжийг чимэглэчихээд харин одоо үзэн ядаж суугаагаараа би өөрөө урвагч юмуу. Магадгүй өвөл чи бид хоёрын хэн нь хуурамч юм бол. Мянга мянган жилийн өмнөөс өвөл чи ийм л байсан. Одоо ч ийм, цаашдаа ч ийм л байх болно. Харин би гэмгүй цагаан сэтгэлээр жигүүрлээд тоглож гүйж явснаа болиод чимээгүйхэн дотроо юм бодоод хөмсөгөө зангиддаг болчихож. Магадгүй одоо би чиний ямар ч өө сэвгүй цагаан цасыг хараад тэгж ихээр догдлон хөөрч, дээгүүр нь эрх дураараа гүйхийн жаргалыг амсах гэж яарахгүй байх. Чиний надаас нуугаагүй тэр занг харин би чамаас өөрөө нуусан байж. Тэглээ гээд би цаг хугацааг эргүүлж чадахгүй шүү дээ. Эсвэл өвөл чи надтай хамт хүүхэд байж байгаад одоо харин над шиг санаа муутай болчихсон юм уу. Магадгүй миний хэзээ ч гаргаж чадахгүй тийм хайр энэрэлгүй занг чи гаргадаг учраас би чамд атаархдаг юм боловуу. Чиний тэр зан миний бардам занг хөдөлгөдөг ч юм уу. Цантсан сормуустай охидын улаа бутарсан хацарнаас, чиний хөглөдөг аялгууг хаа нэгтэйгээс сонсох гэж, цагаан дээл өмссөн уулсын сүрлэг бараанд цан хүүрэг савсах моддын чимээгүй зүүднээс миний мөрөөдлийн ертөнцийн миний хайртай өнгөөр чи гэрэлтдэг болохоор чамд би атаархсан юм өвөл минь. Хэн ч чиний дураараа зан шиг өөрийнхөө хүслээр охидын хацрыг алгадахгүй, хэнч чиний дураараа ааш миний бодолд хургахгүй шүү дээ. Тэмцэл, ялалт хоёрын талбар болж царцсан чиний бие шиг цасан дээгүүр би алхана. Унах, тэнцэхийг чи дэнслэх шиг жавар хургуулж дэргэд алхана. Магадгүй би унахгүй. Уначихвал чамд ялагдчихна. Ийм л өвөл чамайг би элээсээр ирсэн. Ийм л өвөл чамайг би үзэн ядаж, бас хайрласаар элээнэ.