-6 C
Ulaanbaatar
Бям, 15 5 сар 2021 07:21:02
Нүүр хуудас Нийтлэл Миний шинэ найз залуу..

Миний шинэ найз залуу..

2011-12-20
Цагийн зүүтэй хамт зүрх минь түг түг хийн цохилж, би гэдэг хүн дурлалт залуудаа товлосон цагтаа очихоор догдлон яарч алхана.Амьдрал цаанаа л нэг өөр болсон мэт хүмүүсийн жаргалтай харц намайг улам ч догдлуулж удахгүй ирэх учралынхаа тухай бодохдоо би бараг л тэнгэрт нисч байх шиг санагдлаа. Өмнө нь энэ хорвоо дээр тэрнээс өөр хүн байхгүй мэт санагдан насан туршдаа л хамт байх юм шиг төсөөлж хүсэж мөрөөдөж явсан найз залуугаа би одоо мартчихаад ганцхан чиний л тухай мөрөөдөн хүсэн тэмүүлж явна. Магадгүй бүтэн жилийн өмнө би түүнтэй яг л ингэж догдлон учирч байсан шүү дээ. Харин одоо би гэдэг хүн цоо шинэ дурлалтай учирчихаад нисч яваа нь энэ. Яагаад ч юм түүнлүү яарах бүрт сэтгэл нэг л хөнгөрөөд өмнө нь надад байсан бүхэн утгагүй санагдаж огт өөр зүйлийг би хүсэн хүлээж байх шиг болно. Цагийн зүүтэй уралдан байж чамруу тэмүүлэх бүсгүйн бяцхан зүрхийг эзэмдсэн дурлалт залуу минь чухамдаа ямар хүн байгааг огт мэдэхгүй. Заримдаа аль эртнээс бие биенээ мэдсэн аль эртний танилууд ч юм шиг. Үгүй бол яг одоо л анх удаагаа нүүр тулах гэж байгаа шинэ танил ч юм шиг санагдана.  Ямартай ч би сэтгэлдээ байгаа өнгөрсөн бүх дурсамжийг тэртээ хол шидчихээд хайртай залуугийнхаа хаалганы хонхыг дарахаар яаран алхална. Цагийн зүү ч надтай уралдах мэт болзсон цагруу урагшлан тэмүүлнэ. Тэнгэр цэв цэлмэг. Одод гялалзан энэ хорвоо ийм жаргалтай гэдгийг батлах гэсэн мэт сар хүртэл тув тунгалаг дээрээс мэлтийнэ. Гадаа дулаахан, нэг л халуун дулаан уур амьсгал. Хэдхэн мөчийн дараа уулзах цоо шинэ миний найз залуу. Сэтгэл догдлон удаан хүлээсэн мөч. Зүрх тийм гэхийн аргагүй хүчтэй цохилж чамайг харах гэсэн харц минь сандарсандаа нулимс бүрхэж байна. Миний гарт ганцхан чамтай л тулгаж уухыг хүссэн дурлалын улаан дарс хундага дотроо цалгиж байлаа. …57..58..59..00… Би чичирхийлсэн гараараа чиний хонхыг дарлаа. Харин чи миний өмнө хаалгаа нээгээд удаан гэгч нь намайг ширтэн зогсож байна. Энэ мөчийг хэр удаан хүлээсэн юм бэ. Зөндөө олон жил ч юм шиг, эсвэл хэдхэн секунд ч юм шиг. Чи миний огт мэдэхгүй цоо шинэ хүн атлаа чамд байгаа бүхэн миний хуучин найз залуугийнх шиг юм. Чиний ертөнц яг л миний ертөнц шиг. Чамайг бусдаас өөр байгаасай гэж хүсэн хүлээж байсан сэтгэл минь урам хугарч чиний амнаас удаан хүлээсэн үгээ сонсоогүй буцаж байгаа юм шиг гунигтай санагдав. Тиймээ чи шинэ нэртэй хэрнээ хуучин санагдлаа. Би маргааш өглөө яг л хуучнаараа сэрнэ. Би маргааш өдөр өөрийнхөө хийдэг ажлаа л хийнэ. Өдөр хоногууд өнгөрдгөөрөө л өнгөрч чи миний хувьд дахиад л хуучирна. Чамтай тулгаж уусан дарсны амт хүртэл надад хуучин санагдах шиг. Ийм л шинэ оныг би хүлээж байна. Үгүй шинэ биш, хуучин он.

өмнөх нийтлэлӨвлийн тухай өөр бодол…
Дараагийн нийтлэлХөх тэнгэрийн эзэн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН