Төрийн байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгох зорилготой “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ” Азийн загвар байгууллагын төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2025.08.05/ боллоо. Төслийг ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын санаачилгаар Монголын Бүтээмжийн Төв, Азийн Бүтээмжийн Байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжих, засаглалын чанарыг дээшлүүлэх томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд ОУ-ын туршлага, шалгарсан аргачлал, зохион байгуулалтын шинэчлэлтээр төрийн байгууллагуудын сахилга, хариуцлага, бүтээмжийг нэмэгдүүлэх нь чухал үүрэгтэйг онцоллоо.
Төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын хоёрдугаар төв эмнэлэг “загвар байгууллага”-аар сонгогдон оролцож байна. Эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа бүтээмжийн олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, стратегийн төлөвлөлт, хүний нөөцийн менежмент, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Төсөл хэрэгжсэнээр төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирч, иргэд төрийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай, ойлгомжтой, ил тод авах боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт тавих хариуцлагатай үүргийг Тэргүүн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хариуцан ажиллаж байна.
