Нүүр хуудасНийтлэлА.Дэлгэржаргал: Дөрвөн настай хүүхэд уншаад сурчихсан жишээ байна

А.Дэлгэржаргал: Дөрвөн настай хүүхэд уншаад сурчихсан жишээ байна

20 гаруй жил үргэлжилж буй “Цүндээлэй, Цондоолой” болон “Динза” цуврал мэдээж энэ удаагийн “Номын баяр”-ыг уламжлал ёсоороо чимнэ. “Динза, Цондоолойгийн анд найзууд” ТББ-ын брэнд болох эдгээр номуудыг онцолж буй нь өнгөрсөн хугацаанд энэхүү бүтээлүүдийн хүүхэд, эцэг эхэд өгсөн үнэ цэнтэй холбоотой юм. Иймд тус номын зохиогч, хэрэглэгч, хөндлөнгийн ажиглагч нарын байр суурийг та бүхэндээ хүргэе.

А.Дэлгэржаргал: Дөрвөн настай хүүхэд уншаад сурчихсан жишээ байна

 /“Цондоолой, Цүндээлэй”, “Динза”номын зохиогч/

Хүүхдийг хөгжөөнтэйгөөр л суралцуулах ёстой юм билээ.  Хичээлдээ явахад дуртай байх, бүгд инээлдэж суралцах нь гол  арга зүй болчхоод байгаа. Багшийн ачаалал их байгаа энэ үед ээж, аав нарын хүүхдэд туслах нэг арга зүй нь хүүхдээ ном уншуулж сургах явдал. Ингэхийн тулд номоо хамт уншиж өгөхөд л болчхож байгаа юм.

Хамт уншиж байгаа номоо ярилцах хэмжээний л оролцоотой байхад хүүхэд тань нэгдүгээр ангид орохдоо хурдан уншиж сурах аргачлалд аль эрт суралцчихсан байна. Үүний бодит жишээ манай олон судалгаанд бий. Дөрвөн настай хүүхэд энэ хавар уншаад сурчихсан жишээ ч байна.

Ц.Өнөрбаян: Ном унших дөрвөн үе шат бий 

 /Ардын багш, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн/ 

Зурагтай,  товч харилцан яриатай ном унших нь  хүүхдэд илүү өгөөжтэй байдаг. Энэ утгаараа хүүхэд ийм төрлийн номонд илүү сонирхолтой болдог юм.  Аажмаар ингэж   унших дадал, сэтгэлгээтэй болоод ирэх үед нь арай илүү текстэд дасгана.

Унших дөрвөн үе шат бий. Эхлээд уншина, цээжилнэ. Цээжилсний дараа ойлгоно, тайлбарлана. Үүний дараа уншсан зүйлээ ухаарна. Эцэст нь өөрөө сэтгэгдлээ бичиж зэргээр бүтээдэг болдог. Энэхүү дөрвөн үе шатаас хүүхэд надад юу хэрэгтэй, бас хэрэггүй вэ гэдгээ мэдэж аваад дараа нь өөрөө бүтэээ эхэлдэг. Өөрөө зохионо, өөрөө бичнэ.

Хүүхэд эцэг, эхээсээ өнгөрсөн цагийг олж мэддэг. “Сургууль дээр чинь юу заав?” энэ тэр гэхээсээ илүү “Цүндээлэй, Цондоолой”, “Динза” шиг мэдээлэлтэй, мэдлэг олгохуйц, үндэсний соёл сэтгэлгээ шингэсэн ном зохиолыг уншуулангаа өнгөрсөн цаг үеийнхээ сургамжийг хүүхдэдээ ярьж, зааж сургадаг баймаар байна.

Г.Энгүүн: Аавтайгаа уншсан ном амттай

 /10 дугаар ангийн сурагч, англи хэлний улсын олимпиадын аварга сурагч/

Би хоёр настайгаасаа үсэг сурч эхэлсэн. Гурван настайдаа уншиж сурсан. Одоогоос 13 жилийн өмнө анх “Цүндээлэй бор ишиг” цувралыг аав маань уншиж өгдөг байсан юм.

Нойр хүрэхгүй үед аав маань “Цүндээлэй, Цондоолой” цувралыг уншиж өгөөд намайг унтуулчихдаг байсныг санаж байна.

Тэр үед жаахан байсан болохоор номынхоо хажуугаас ураад жоохон хайнга ханддаг байснаа том болоод ухаан сууж эхлээд  номоо скочдож,  нандигнадасан. Түүнийгээ хамаатныхаа дүү нарт өвлүүлээд өгчихсөн.

Ном их уншдаг хүн үгийн баялаг сайтай, тэр хэрээр  бүтээмж сайтай болчихдог юм шиг надад санагддаг.  Яриа цэгцэрнэ. Аль ч хэл дээр ямар ч эх бичсэн үгийн баялаг сайжирч, найруулгын алдаагүй бичдэг болчихдог.

Ээж, аав нар маань ч хүүхдээ ганцааранг нь номтой нь орхиод суулгачихгүйгээр хажууд нь хамт байж “Өө, энэ чинь ийм байдаг юм байна шүү дээ” гэх мэтээр хүүхдийнхээ дотоод сэтгэхүйг нь хөгжүүлэхийн тулд хамт уншаарай гэж зөвлөе. Яг манай аав шиг.

 Г.Оюунтуяа : Манай ангийнхан 46 цувралаа уншаад дуусгачихсан

/Сэлбэ сургуулийн бага ангийн багш/

Хүүхдүүд аяллаар явж байхдаа, автобус дотор түгжрэл дунд сагсан дотор “Динза”-нуудаа хийчихсэн уншаад явж байгаа бодит жишээ байна.  Бие биедээ нөлөөлж байгаа юм. Гар утас тоглож байсан хүүхэд шууд түүнийгээ болиод найзыгаа дагаад хамт уншиж байгаа нь ч харагддаг юм. Манай ангийнхны 90 хувь нь 46 цувралаа уншаад дуусчихсан. Тэдний маань зохион бичих чадвар, өөртөө итгэлтэй ярих чадварт ихээхэн ахиц гарч байна.

Хүүхдүүд маань 12 дугаар ангиа төгсөөд л монгол хэлээр ЭЕШ-ээ өгдөг. Тэгвэл монгол хэлний шалгалтын хамгийн өндөр оноо нь эх зохион бичих чадвараас хамаардаг. 

Тэгвэл эсээгээ хэрхэн зохион бичих юм? Миний хэлэх дуртай үг бол “Сонирхолтой номыг сонгож уншаг хүүхэд сонирхолтой эх зохидог”. Яг өнөөдрийн нөхцөлд хүүхдийн унших чадварыг дэмжиж байгаа хамгийн сонирхолтой, шилдэг арга зүйтэй ном бол “Динза”, “Цондоолой Цүндээлэй” цувралууд маань байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН