УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр / 2025.11.03/-ийн хуралдаанаар боловсролын салбарын багш ажилтнуудын үндсэн цалинг 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс 2 сая 800 мянган төгрөг болгох, эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалинг 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 15 хувиар, ахмад настнуудын болон халамжийн тэтгэврийг 8.6 хувиар нэмэх шийдвэрийг гаргалаа.
Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны улсын төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн төсөвт зохицуулалт хийж, нийгмийн тодорхой салбаруудын асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох тооцоо судалгаа хийсэн талаарх мэдээллийг сонсож нягталснаар дээрх шийдвэрийг гаргасан байна.

Засгийн газар төсөв өргөн мэдүүлснээс хойш УИХ, Байнгын хорооны түвшинд ийм их хэмжээний зохицуулалтын санал хэлэлцэж байгаагүйг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг онцолж байв.
Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг бууруулж байгаа гэлээ. Харин нийгмийн даатгалын сан, нийгмийн халамжийн сан, эрүүл мэндийн даатгалын сан, боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, гамшиг ослоос хамгаалах эрэн хайх аврах ажиллагааны зардал, Засгийн газрын зээлийн үйлчилгээний хүүгийн зардал, гадаад зээл тусламжаас санхүүжих урсгал зардал болон хүүхдийн мөнгийг хэвээр нь үлдээхээр төсөвт тусгасан байна.

Эдгээрээс бусад зардлыг 10-13 хувиар бууруулж байна. Мөн тухайлсан зардал буюу УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээж авах зардал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зардал, соёл спорт, аялал жуулчлалын салбарын татаас, улсын хэмжээнд эрүүл мэнд боловсролын салбараас бусад салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулах зэргээр нийт 1.1 их наяд төгрөгийн зарлагыг бууруулахаар төлөвлөжээ.
Мөн төсөв дагасан хууль тогтоомжуудын хүрээнд орж ирсэн НӨАТ-ын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2026 оны 10 дугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр болсон байна. Үүнээс гадна Баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлж иргэдэд тэгш хүртээх зорилгоор ашиглагдаагүй байгаа орд газруудад олон улсын аудит хийлгэн зөв менежментээр үйл ажиллагааг нь явуулах нь зүйтэй гэж үзсэн байна.






