Нүүр хуудасМэдээХХААХҮЯ: Малын вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горимыг малчны хотонд хүрэх хүртэл мөрдүүлж ажиллахыг...

ХХААХҮЯ: Малын вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горимыг малчны хотонд хүрэх хүртэл мөрдүүлж ажиллахыг үүрэг болгов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, дэд сайд Б.Нямжав болон холбогдох албаныхан өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “Биокомбинат” ТӨХХК, “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын  улсын  лабортари”  УТҮГ-т ажиллалаа.

“Биокомбинат” ТӨХХК 44 нэр төрлийн шингэн вакцин, 21 нэрийн хуурайшуулсан вакцин, 20 оношлуур, гурван нэр төрлийн шингэлэгч үйлдвэрлэдэг. Өнгөрсөн онд Дэлхийн банкны санхүүжилт, “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлээр вирусийн гаралтай вакцины технологийг шугаман эсийн технологид шилжүүлэх, шингэн вакцины савлагааг автоматжуулах хоёр төсөл хэрэгжүүлж, үйлдвэрийн технологио сайжруулсан байна.

Цаашид хуурай вакцины цехэд техникийн иж бүрэн шинэчлэл хийх нэн шаардлагатай бөгөөд үүнд 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа гэв.

“Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын  улсын  лабортарои”  УТҮГ-нь 2025 онд олон улсын гурван стандартаар итгэмжлэгдсэн бөгөөд өнгөрсөн онд 72 аж ахуйн нэгжийн 419 нэр төрлийн 769 цуврал импортын болон дотоодын үйлдвэрлэлийн малын эм, биобэлдмэл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнд сорилт, шинжилгээ хийн баталгаажуулалтын дүгнэлт гарган ажиллажээ. 

Байгууллагын удирдлага, албан хаагчдын зүгээс  тус лабораторийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторитой нэгтгэх Засгийн газрын шийдвэрийг эргэн харах хэрэгтэй байгааг тодотгоод  цаашид мэргэшсэн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллахад бодлогоор дэмжих,  өндөр үнэтэй стандарт бодисыг улсын төсөвт суулгах зэрэг тулгамдсан асуудлаа салбарын яамны удирдлагуудад уламжиллаа.

 

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн цаашид байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж, цаашдын бизнес төлөвлөгөөг нарийвчлан гаргах, батлагдсан жилийн төсөв, бусад нөөц боломжийг ашиглаж технологийн шинэчлэл хийх, вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горимыг малчны хотонд хүрэх хүртэл мөрдүүлж ажиллахыг үүрэг болгов.

Мөн малын вакцинжуулалт малын эрүүл мэнд,  хүнсний аюулгүй байдал,  цаашлаад мах, махан бүтээгдүүхүүний экспортод нэн чухал тул санхүүжилтийг танах учиргүй гээд анхаарал хандуулахаа тэмдэглэн хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН