УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, Удирдах ажилтнуудын арга зүйн нэгдсэн сургалтын нээлтийн ажиллагаанд оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын хилийн нөхцөл байдал, байгууллагын 2025 оны үйл ажиллагааны үр дүн, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөлттэй танилцлаа.
Мөн ХХЕГ, арга зүйн нэгдсэн сургалт, хилийн цэргийн анги, тусгай салбаруудын бие бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэлсэн үгэндээ “Шинэ оны анхны томилолтоо улсын хилээс эхэлж, дархан хилийн манаанд үүрэг гүйцэтгэж буй хилчдийн үүрэг гүйцэтгэл, ахуй хангалтын байдалтай биечлэн танилцсан. Цаашид анхаарах асуудлын талаар холбогдох чиглэл өгч, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг бэхжүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, зэвсэг техникийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн барилга угсралтын ажлыг 2027 онд дуусгахад бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана” гэв.





