Нүүр хуудасМэдээМАН бүлэг: Зөвшөөрөл сунгалтыг хялбаршуулж, зөрчилгүй нь тогтоогдвол ажлын хоёр өдөрт шууд...

МАН бүлэг: Зөвшөөрөл сунгалтыг хялбаршуулж, зөрчилгүй нь тогтоогдвол ажлын хоёр өдөрт шууд сунгахаар хуулийн төсөлд тусгажээ

Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2026.02.24) төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ахалж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн танилцуулгыг салбар бүрээр сонссон байна.

Мөн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонслоо. УИХ-ын дарга Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” санаачилгын хүрээнд уг төслүүдийг боловсруулсан байна.

Төрийн бүтээмж, хэмнэлтийн зөвлөлийн ажлын албанаас хийсэн судалгаагаар “зөвшөөрөл” гэж нэрлээгүй ч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаарддаг, төрийн байгууллагаас олгож байгаа үйл ажиллагаа эрхэлдэг баримт бичгүүдийг түүн үзэхэд бүртгэл 264, дүгнэлт 232, гэрчилгээ 132, магадлан итгэмжлэл 30, сертификат 9 байна гэсэн үр дүн гарч, Зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй, зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн, чөлөөтэй эрхлэх зохицуулалттай зөрчил үүсгэж байгааг тогтоожээ.

Зөвшөөрлийн тухай хуулийг дагалдуулан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Мөн аймаг, нийслэл, дүүрэгт Зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй ч зөвшөөрөл шиг бичиг баримт шаарддаг байсан хувцас захиалга, засвар, гутал засвар, нүдний шил захиалга, гэрэл зургийн үйлчилгээ, биллиард, машин угаалга зэрэг үйлчилгээнүүдийг шууд эрхлэх нөхцөлийг хуулиар бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэн, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан 22 өдөрт багтаан олгохоор тусгаж, 20 хоногт магадлан шалгах ажиллагааг хийж, сунгадаг нөхцөлийг хялбаршуулан зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчөөгүй болох нь хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд ажлын 2 өдөрт шууд сунгах талаар зохицуулж, зөвшөөрлийн тогтолцоог, хяналтын тогтолцоог уялдуулан аж ахуйн нэгжүүдэд учруулах дарамтыг багасган хуульд тусгажээ.

Тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгож байгааг 10 жилээр, энгийн зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгож байсныг таван жил болгон нэмэгдүүлж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн бизнесийн тогтвортой байдлыг хангаж, зөвшөөрөл сунгахтай холбоотой дарамтыг багасгахаар төсөлд тусгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН