Нүүр хуудасМэдээБоловсролын яам Баян-Өлгий аймгийн боловсролын байгууллагуудад ажиллалаа

Боловсролын яам Баян-Өлгий аймгийн боловсролын байгууллагуудад ажиллалаа

Боловсролын сайдын 2026 оны А/356 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг Баян-Өлгий аймагт 2026 оны 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд ажиллалаа.

Ажлын хэсэг тус аймгийн аймгийн боловсролын газар, 56 цэцэрлэг, 31 сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, насан туршийн суралцахуйн төв, МУБИС-ийн салбар сургууль зэрэг нийт 91 байгууллагад хүрч ажилалаа.

Үндэсний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хүний нөөцийн төлөвлөлт, багш, ажилтны мэргэжлийн ур чадвар, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашиг, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн хамрагдалт, сургалтын байгууллагын орчин дахь хүүхэд хамгаалал, төсвийн санхүүжилт, гүйцэтгэл, зарцуулалт гэсэн үндсэн чиглэлээр ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгүүд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургуулийн нийт 5,368 боловсролын баримт бичгийг холбогдох мэдээллийн системээс хянахад 1000 гаруй боловсролын баримт бичигийг боловсролын салбарын мэдээллийн системд бүртгээгүй байсныг тогтоолоо.

Баян-Өлгий аймгийн Боловсролыг бүхэлдээ уналтанд орсон мэт ойлголтыг олон нийтэд төрүүлж ирсэн ч газар дээр нь ажиллахад багш нарыг мэргэжлийн бүлгээр хамтран ажиллуулах, харилцан суралцах бодлого алдагдаагүй байсан.

Мөн зарим цэцэрлэг, сургуулийн багш нар мэргэжил, мэргэжлээрээ хамтран ажиллаж өөрийгөө хөгжүүлэх хүсэл сонирхол их, зарим сумдад хос хэлний сургалтын арга зүйг тодорхой түвшинд хэрэгжүүлж байна.

Хүүхдийг багаас нь монгол хэлээр ярих, ойлгох чадвар суулгадаг цэцэрлэгийн бүлгүүд байгуулагдаж бага ангиас нь эх хэлний ярианы болон бичгийн чадвар эзэмшүүлэх сонирхолтой эцэг, эх, асран хамгаалагчид нэмэгдэж байгаа нь ажиглагдлаа.

Зөвлөн туслах ажлын явцад сургалт, үйл ажиллагаанд илэрсэн тулгамдсан асуудлуудаас дурьдахад:

Тушаал, шийдвэрийн эрх зүйн үндэслэл, нэр томьёо, ангилал, найруулгад нийтлэг алдаа байна;

Багш, удирдах ажилтны мэргэжлийн хөгжил, монгол хэлний чадварыг дэмжих дунд хугацааны төлөвлөлтгүй;

Хичээл, сургалтын үйл ажиллагаанд цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлын тавих мэргэжлийн удирдлага, хяналт сул;

Зарим сургууль үндэсний сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, сурах бичиг хэрэгжүүлдэггүй, гадаад улсын хөтөлбөр, сурах бичиг ашиглаж байна;

Багш нар сургалтын хөтөлбөрийг ойлгож, хэрэгжүүлэх чадвар сул, бага ангийн багшийн суурь чадвар, хүүхэд төвт арга зүйн чадамж хангалтгүй;

Хичээл, сургалтын үйл ажиллагааг казах, тува хэлний орчуулга, тайлбар давамгайлсан хэлбэрээр зохион байгуулах хандлага түгээмэл байна;

Хамран сургах тойргийн аргачлал тодорхой бус, цэцэрлэг, сургуулийн хамран сургах тойрогт давхардсан хуваарилалт түгээмэл;

Ялгаатай хэрэгцээтэй сурагчдыг ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр сургах тохируулгат орчин бүрдээгүй байна;

Хүүхэд хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангаагүй тохиолдол илэрч, зарим байгууллагад нүхэн жорлон ашигласан хэвээр байна;

Барилга бэлэн бус үед сургалтын байгууллага үүсгэн байгуулах, нэг байранд хоёр байгууллага ажиллуулах тохиолдол бий;

Дээрх асуудлаар манай ажлын хэсэг зөвлөн туслах, хяналт шалгалтын ажлын үр дүнг цэцэрлэг, сургуулийн удирдах ажилтан, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын орлогч нарт нээлттэй танилцуулав.

Энэ дагуу тус аймгийн боловсролын чанарыг сайжруулах талаар авах арга хэмжээний хүрээнд Боловсролын сайдын тушаал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргахаар талууд тохиролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН