Нүүр хуудасЯрилцлагаТ.Батцэцэг: Гадаад хэлбэр хөөцөлдөлгүй, дотоод гоо сайхнаа амилуулах хэрэгтэй

Т.Батцэцэг: Гадаад хэлбэр хөөцөлдөлгүй, дотоод гоо сайхнаа амилуулах хэрэгтэй

Гоо сайхан төрхөөрөө олон сурталчилгааны нүүр царай болж, загварын ертөнцөд амжилттай ажиллаж яваа, залуу бүсгүйчүүдийн үлгэр дуурайлал мисс Т.Батцэцэгтэй ярилцлаа. Түүнийг Дэлхийн мисс 2014 тэмцээнд эх орноо төлөөлөн, амжилттай оролцсоноор нь бид сайн мэдэх билээ.

– Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Таны нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ?” гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье.
– Юуны өмнө маш гоё сэтгүүл олон нийтэд хүргэж байгаа танай хамт олонд баяр хүргэмээр байна. Хоол бол амьдралын салшгүй нэг хэсэг, түүнтэй холбоотой өргөн мэдээллийг уншигчдад хүргэж байгаад баярлалаа. Мөн сэтгүүлийн уншигчид та бүхэнд Шинэ оны баярын мэнд дэвшүүлье.
Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад ихэнх өдөр ачаалалтай, завгүй байдаг болохоор аль болох эрт босохыг хичээдэг дээ. Өглөө босоод хамгийн түрүүнд тасалгааны хэмд байлгасан 2-3 аяга нимбэг эсвэл зөгийн балтай бүлээн ус ууж, ариун цэврийн өрөөндөө ордог. Өглөө бүр хэвшил болгосон энэ л дадлаараа шинэ өдрийг эхлүүлдэг дээ.
– Таны өдөр тутмын хооллолт их сонирхолтой санагдаж байна, энэ талаар?
– Аль болох эрүүл хоол идэхийг хичээдэг. Хоолны цэсэнд минь ихэвчлэн “Шөлтэй хоол” зонхилдог.
– Зочин болгоноосоо асуудаг уламжлалт асуулт байдаг. Хоолтой холбоотой хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?
– Хүүхэд байхдаа даруу, бүрэг, үг цөөнтэй байсан. Мах идэх дургүй байсан болохоор ах, эгч нар маань хоол идүүлэх гэж араас нэлээд хөөцөлддөг байж /инээв/. Яваандаа өсөж торнихын хэрээр мах гайгүй иддэг болсон шүү.
– Хамгийн анх ямар хоол хийж байв?
– Айлын хэнз хүүхэд, олон ах, эгчтэй болохоор хоол хийдэггүй байлаа. Харин нэг өдөр найзтайгаа хоёулхнаа үлдчихээд гамбир хийж байснаа тодхон санадаг. Найз маань айлын том хүүхэд учраас намайг бодвол туршлагатай, юм юманд гарын дүйтэй хүүхэд байсан. Гамбир хийх ажлаа хуваарилж авахад надад тосонд шарах үүрэг оногдсон юм.  Хамгийн хөгжилтэй нь гамбираа халуун тосонд шидэж хийгээд духаа түлж байсан минь одоо ч санаанаас гардаггүй/инээв/.
– 15-аас 20 минутын богино хугацаанд хоол хийх шаардлага гарвал ямар сонголт хийх бол?
– Нэг их хоол хийгээд байдаггүй юм аа. Хийвэл яншуй гэх мэт хөнгөн ногоонууд оролцуулсан шөл л хийнэ дээ.
– “Гоо сайхан-төгс төгөлдөр”-ийн талаарх таны бодол?
– Ер нь хүний дотоод, гадаад гоо сайхан хоёулаа л чухал. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд гадаад гоо сайхандаа л илүүтэй анхаараад байдаг. Миний хувьд хүнд байх ёстой эрхэм нандин чанарууд, шударга үнэнийг эрхэмлэх, боловсрол мэдлэгээ дээшлүүлэн өөрийгөө цаг ямагт хөгжүүлэхэд анхаарал хандуулдаг гэх үү дээ. Дотрооосоо гэрэл цацруулсан, гоё энергитэй, хүнлэг хүмүүс цаанаа л өөр харагддаг шүү. Гэхдээ энэ нийгэмд тийм зөв, сайхан хүмүүс ховордсон юм уу даа гэж бодох үе бий. Хүний бүхий л үйлдэл, зан чанар далд ч бай, ил ч бай зөв, ариун байгаасай хүсэж явдаг хүмүүсийн нэг.
– Хоолны дэглэм таны ажлын онцлогтой холбоотой юу?
– Монгол хоолнууд маань илчлэг ихтэй учраас аливаа уралдаан тэмцээн, шоунд оролцох үедээ багасгадаг. Түүнээс биш өөр янз бүрийн дэглэм барьдаггүй. Хамгийн гол нь өөрийн биеийн онцлогтоо тохирох хүнс хэрэглэвэл бие хөнгөрөөд, хэвийн жингээ хадгалаад л байна шүү дээ.
– Монгол үндэсний хоолноос хамгийн дуртай нь?
– Цуйван гэхээр “нүдээ ухаад өгөхөөс” ч буцахгүй шүү. Ялангуяа тос багатай, аргуу, ногоо ихтэй цуйванд их дуртай.
– Хийх дуртай хоол…
– Шөлтэй болон будаатай хоол сайн хийдэг.
– Зочдоо ямар хоолоор дайлдаг вэ?
– Гараа гаргаж байгаад л будаа агшааж, тахиа шараад дайлдаг даа.
– Таны мөрөөдлийн гал тогоо…
– Би өөрийн байгаа орчноо аль болох цагаан, гэгээлэг байлгахыг хүсдэг. Юун түрүүнд маш гоё хөргөгчтэй, дээр нь шарах шүүгээгээ байрлуулна. Ер нь гал тогооны өрөө том байх нь дэмий. Жижгэвтэр, авсаархан мөртлөө цав цагаан өнгөөр дагнасан гал тогоог л төсөөлж байна даа.
– Гадаадын улс орнуудад Монгол хоолтойгоо төстэй хоол идэж байв уу?
– Саяхан Төвд рүү аялсан. Төвд хоол монгол хоолтой яг ижил, амт нь арай л ондоо байсан. Сүүтэй цай, чанасан гэдэс гэх мэтчилэн тоочоод байвал олон. Урьд нь Лондонд нэг сар орчим байхдаа Монгол айлд цуйван захиалан хийлгэж идэж байсан минь их сайхан байсан шүү.
– Шинэ жилийн баяр гэхээр хамгийн эхний төсөөлөл…
– Цаанаа л их гоё мэдрэмж, бас догдлол…
– Шинэ он гарах мөч удахгүй тохиох гэж байна. Таны ирэх онд хийхийг хүссэн зүйл юу байна?
– 2018 онд худалдааны чиглэлээр хэд хэдэн бизнес хийхээр төлөвлөчихсөн. Эхнээсээ бэлтгэлээ базаагаад, хийгээд эхэлсэн. Тун удахгүй уншигчдадаа хүргэх болно оо.
– Шинэ оныг хамгийн сонирхолттойгоор гаргасан мөчөө дурсахгүй юу?
– Шинэ оныг гэр бүлийнхэнтэйгээ гаргах дуртай. Харин хоёр жилийн өмнө тайзан дээр шинэ он гаргаж үзсэн, сонирхолтой юм байна лээ
– Сүүлийн үед идсэн амттай хоолноосоо онцолбол…
– “Нагоми” зоогийн газарт хоол идэх дуртай болсон. Ялангуяа “Ажана”.
– Уншигч бүсгүйчүүддээ зориулаад нэг өдрийн хооллолтын дэглэмийн талаар мэдээлэл өгье л дөө.
– Ажлын онцлогоос шалтгаалаад хүн болгон тогтсон нэг цагт хооллож чадахгүй шүү дээ. Ямар ч байсан хайрсан, шарсан хоолноос татгалзах хэрэгтэй. Хүн ямар хоол хүнс хэрэглэнэ, түүний арьс, үс, бие галбир нь тэгж л харагддаг. Тиймээс аль болох шүлтлэг хоолоо түлхүү идээд, хүчиллэг хүнсээ хасвал эрүүл амьдралын хэв маягт дасаж, хэвшил болгож чадна аа.

Ярилцсанд тань баярлалаа, Шинэ жилийн баярыг хэзээ ч мартагдахааргүй сайхан өнгөрүүлээрэй

Эх сурвалж: Миний жор сэтгүүл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН