-6 C
Ulaanbaatar
Бям, 15 5 сар 2021 05:47:45
Нүүр хуудас Тэмдэглэл “Хөгжилд хөтөлсөн 70 жил” шинэ Өвөрмонгол орноор...

“Хөгжилд хөтөлсөн 70 жил” шинэ Өвөрмонгол орноор…

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан Өвөрмонголын нутгийг ар монголын үзэгч сонсогч, уншигчдад таниулах аялалыг Өвөрмонголын талын дуу хоолой радиогын захирал Баясгалангын санаачлагаар зохион байгууллаа. 2013 оноос эхлэн талын монголд дуу хоолойгоо түгээж эхэлсэн тус радиогын дуудлагаар аялалын багт нэгдэхээр Монголын талаас 9 хэвлэл мэдээллийн байгууллагын 12 сэтгүүлч 6 сарын 8-нд Эрээн хотыг зорьсон бол Өвөрмонголоос 4 хэвлэл мэдээллийн 10 сэтгүүлч бидэнтэй нэгдсэн юм. Хоёр орны 22 сэтгүүлч нэгдэн 10 хоногийн турш өвөрмонголыг сурвалжилсан энэхүү аялалаас бэлтгэсэн тэмдэглэл үзэгч та бүхэнд хөгжлийн замдаа хэдийнэ орсон шинэ өвөрмонголыг танилцуулж чадна гэж итгэж байна….

Хамтарсан сурвалжлагын нээлтийг Өвөрмонголын багшийн их сургууль дээр цомхон хийгээд Эрээн хот дахь Өвөрмонголын олон улсын багшийн их сургуультай танилцлаа. Байгуулагдаад 5 жилийн нүүрийг үзэж байгаа энэ сургуульд нийт 50 гаруй багш нар, 1000 гаруй оюутан залуус суралцаж байна. өвөрмонголын багшийн их сургуульд хэлний бэлтгэл болон баклаврын түвшний 11 төрлийн мэргэжлээр элсэлт авч байна.
: Сургуулийн дэргэд оюутны байрыг эрэгтэй эмэгтэйгээр нь тусд нь барьж тохижуулан энэ жилээс оюутнуудаа хүлээн авчээ. Мөн багшлах боловсон хүчинд анхаарч олон улсаас багш нар урьж ажлуулдагын дотор Монгол багш нар нэлээдгүй байдаг.

Эрээн хотын засгийн газраас гадаад оюутнуудын сурлага хүмүүжлийг дэмжих зорилгоор олон тэтгэлэгт хөтөлбөрүүдийг явуулдаг байна. Одоогоор тэтгэлэгт 216 оюутан тэтгэлэгээр, 72 сурагч бүрэн хэмжээний тэтгэлэгээр суралцаж байна.

“2+2” хөтөлбөрийн хүрээнд Монгол оюутнууд дотооддоо 2 жил, Өвөрмонголын олон улсын багшийн их сургуульд 2 жил суралцах ч боломжтой. Оюутнуудад олгодог тэтгэлэгээс гадна Монгол улсын боловсролын газруудтай хамтран өнчин болон эмзэг бүлгийн хүүхдүүдийг үнэгүй сургадаг гэлээ. Монгол улстай хил залгаа ойрхон болохоор сургуулийн амралтаар гэртээ харих ирж очиход дөхөм байдаг талаар оюутнууд ярьж байсан юм.

Эрээн хот
Сурвалжлах багийнхан Монгол улстай хил залгаа хамгийн том боомт хот болох эрээний боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Монголчуудын сайн мэдэх үлэг гүрвэлийн хот Эрээн нь Монгол улсын Замын үүд боомтоос 9 км зайд байдаг Хятад улсын хамсгийн том авто зам, төмөр замын боомт, гадаад дотоодын тээврийн байгууламж ихээр хөгжсөн хот юм. 4015 квадрат км талбайтай 100 мянган хүн амтай томоохон хот болон өргөжиж байгаа Эрээний боомтоор өдөрт 10 мянган хүн зорчиж байна.
Нэг өдөрт энэ хилээр гарч байгаа иргэдийн 90 хувийг Монголчууд эзэлдэг бөгөөд тэдний ихэнх нь худалдаа наймаа хийх зорилгоор зорчиж байна.
Эрээний хилээр Монгол малын мах амьтны арьс үс, чулуу, буу зэвсэг дарь зэргийг гаргах хориотой. Ийм төрлийн зөрчил хааяа нэг гардагыг Монголын гаалынхантай солилцох зарчмаар шийдэж ажилдаг байна.
Зам талбай, ногоон байгууламж олон барилгаар өнгөө зассан эрээн хоттой танилцах аялал Хятад Монголын эмнэлэгийн хороогоор орлоо. Тус эмнэлэг 2001 оноос бие даасан эмнэлэгийн хороо болон эдүгээ 42 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Хятад Монголын хамтарсан тус эмнэлэг нь уламжлалт болон орчин үеийн эм эмнэлэгийн үйлчилгээг хослуулсан эмчилгээ үйлчилгээг хүргэдэг. Дотор, мэдрэл, яс, уламжлалт бариа засал зэрэг 17 тасагтай. Эмчлүүлэгчид нь ойр орчмын малчид болон Монголчууд олноороо үзүүлдэг. Монгол өвчтөнүүдэд оочер дараалалгүй үйлчлэх эмчилгээний төлбөрийг 90 хувь хүртэл чөлөөлөх зэрэг хөнгөлөлт олгодог байна. Жилдээ 7000 мянган Монгол өвчтөн үзүүлж эмчилгээ зөвлөгөө авдаг гэлээ.
Тус эмнэлэгийн хороо нь Өвөрмонголын хоёрдугаар дэсийн эмнэлэг бөгөөд дээрээс тогтоосон стандарт журмын дагуу эм эмнэлэгийн үйлчилгээний үнэ ханшыг тогтоосон байдаг. Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүддээ эмчилгээний төлбөрийн 20 хүртэлх хувийг хөнгөлж өгдөг байна. Мөн засгийн газраас хэрэгтэй багаж хэрэгсэлийг хангаж эм тариаг 100 хувь нийлүүлдэг болжээ. Тиймээс эм тарианы үнэ сүүлийн жилүүдэд буурсан гэдгийг хэлж байлаа.

Шулуун хөх – Цахар баруун гарын хошуу

Өвөрмонголын өөртөө засах орны 70 жилийн хөгжлийг тольдох хамтарсан сурвалжлага Эрээн хотоос гарч Шулуун хөх хошууг зорьж Цахар баруун гарын хошуунд саатсан юм. Цахар түмэн эрт цагт хааны ордны хамгаалагч байсан баатарлаг түүхтэй ястан гэдгээрээ бахархаж өөрсдийн өв соёлын нэг болсон асар аялгууг өвлөн авч яваагаа бидэнд танилцуулсан юм. Асар аялгуу нь Юань гүрний хааны ордны хөгжим байсан төдийгүй цахарчуудын дунд өргөн дэлгэрч үндэсний урлагийн нэгэн хэлбэр болон уламжлагдан ирсэн соёл юм. Асар аялгууг Монголчуудын уламжлалд утсан хөгжим, үлээх цохилуур зэрэг хөгжмийн зэмсэгээр хөгжимддөг байна. Асар аялгууны дундаас Адуучин асарыг үе дамжин өвлөхийн зэрэгцээ найрын дууны тэргүүн аялгуу хэмээн дээдэлж овооны тахилга, насны баяр хурим найрын хойморт эгшиглүүлсээр ирсэн байна.
Асар аялгууг авч үлдэх өвлөн үлдээх зорилгоор асар аялгууны үүсэл хөгжил түүхийг танилцуулсан ном хэвлүүлэх, асар хөгжмийн бүлгэм байгуулах, хөгжимчидыг бэлтгэх зэрэг ажлыг эрчимтэй хийж байна. Үүний үр дүнд Цахар баруун гарын хойд хошуу Асар аялгууны өлгий нутаг хэмээн Хятад даяар алдарших болсон байна.
Хааны ордны харуул хамгаалалтыг хариуцахын зэрэгцээ ордны цагаан идээг бэлтгэн боловсруулдаг байсан гэх цахарчууд эдүгээ ч цагаан идээ, хоол ундны өндөр их соёл уламжлалаа хадгалан үлджээ. Мөн Монголын түүх бол аймгуудын түүх аймгуудын түүх нийлж Монголын түүхийг бүтээнэ хэмээн үзэж Цахар аймгийн 800 жилийн түүхийг судлан ном судар бүтээхийн зэрэгцээ өөрсдийн цахар түүхийг өвлөх, цахар өв соёлыг өвлөх хадгалж үлдээх зорилгоор цахар түүхийн музейг байгуулахаар төлөвлөсан байна.
Цахар түүхийн музейд төмөр чулуун соёлын эд өлгийн зүйлсээс эхлээд цаасан мөнгөн тэмдэгт, гоёл чимэглэлийн зүйлс, хааны ордны цагаан идээ бэлтгэж байсан тогоо шанаганаас эхлэн цахар зоог идээ шүүс, гар урлал, амьтны үсний сор хатгамал зэрэг Цахар соёл түүхтэй холбоотой олон үзвэрийг хадгалсан байх юм байна. Мөн амьтны сороор бүтээсэн хиймэл амьтны хамгийн том цогцолбор хүрээлэнг байгуулахаар ажиллаж байгаагаа дуулгасан юм.
Өв соёлоо дархлан үлдээх үйлсийг Өвөрмонголоо оройлон хийж байгаа Цахар баруун гарын хошуу нь Өвөрмонголын дунд хэсэг Улаанцав хотын зүүн хойд хэсэгт байрладаг. 3910 хавтгай дөрвөлжин км газар нутагтай 8 сум шянтай 220 мянган хүн амтай томоохон хошуудын нэг болжээ.
Цахар түмний амжиргааны том эх үүсвэр газар тариалан юм. Хүн амын 70 орчим хувь нь газар тариалан эрхэлдэг. Цахарчуудын алдартай бас нэг зүйл нь цахар улаан төмс. Амттай, шим тэжээл сайтай гэдгээрээ Хятад даяар түгж олон улсын зах зээлд ч хүрч чадсан байна. Тариалангын бүтээгдэхүүний талбай нь 48 мянга 600 гаруй га-д хүрдэг бол цэвэр төмсний талбай нь 26 сая 600 гаруй мянган га талбайг эзэлдэг байна. Хүн амын орлогын ихэнх хувийг төмсний үйлдвэрлээс олсон ашиг эзэлдэг.
Төмсний жилийн ургацын хэмжээ 360 мянган тоннд хүрч Хятадын төмсний хэрэгцээний ихэнхийг хангаж байна. Цахар баруун гарын хошууны аж үйлдвэрийн голлох үйлдвэрлэл болсон төмсийг шинжлэн судлах сайжруулан боловсруулахад илүүтэй анхаарахын зэрэгцээ үйлдвэрлэл хадгалалт, борлуулалтыг нэгтгэсэн аж үйлдвэржсэн бүтцийг бий болгон хөгжүүлж байгаа юм. Тухайлбал өвөл нь төмсөө хадгалах 130 мянган тонн төмс хадгалах багтаамжтай 61 зоорьтой. Төмсөө худалдан борлуулахын зэрэгцээ цардуул, пүнтүүз зэрэг төмсөөр хийж болох бусад үйлдвэрлэлийг ч явуулж байна.
Сэтгүүлч бидний хувьд аялалын хөтөлбөртэй танилцсан цагаас хойш хамгийн их сэтгэл догдлон хүлээсэн маршрут нь Юань улсын дээд нийслэл ордонтой танилцах байлаа. Их юань улсын дээд нийслэлийн туурь нь Өвөрмонголын шилийн гол аймгийн шулуун хөх хошууны төвөөс зүүн тийш 28 км зайд шанд голын хөвөөнд байрладаг. Юань гүрнийг үүсгэн байгуулсан хубилай хаан сууринд гарахаасаа өмнө тус хотыг байгуулж байжээ. Хотын туурь тэгш дөрвөлжин хэлбэртэй тал бүр нь 2200 метр урттай. Гадар хот дотор хот, цэцэрлэг хот гэсэн гурван давхар хотттой. Хотын хэрмийн төв дунд тус бүр нэг хотын үүдтэй өмнө үүднээс хотын умард хэсэг дэх төв харш хүртэл саруул дардан хааны замын оромтой. Төв ордны туурь нь 8 метр өндөр зүүнээс баруун тийш 170 метр урт өмнөөс умар тийш 55 метр өргөн бүх хотын туурийн дотор хамгийн өндөр том барилгын ором юм.
Эдүгээ жуулчдын анхаарал сонирхолыг ихээхэн татаж аялалын томоохон бүс болоод байгаа юаны дээд нийслэлийн тууринд багагүй бүтээн байгуулалт хийсний нэг нь их хубилай хааны хүрэл баримал юм. 2007 онд баригдсан энэхүү барималыг 80 тнн хүрлээр хийжээ. 80 тнн хүрэл нь их хааны насыг бэлгэдсэн бол хөшөөний өндөр зуны нийслэл байгуулагдсан 1256 оноос хувилай хааны хөшөөг босгосон 2007 он хүртэлх 751 жилийг бэлгэдэж 7,51 метр хийсэн байна. Харин хөшөөний урт нь Юань гүрнийг захирсан 34 жилийг бэлгэдэж 34 метр хийжээ. Хөшөөний ерөнхий дүрслэлийн хувьд гол хэсэгт Хубилай хааны сүрлэг дүрийг товойлгосон бол зүүн гар талд нь нийслэл Шандуд хаанд өргөмжлөгдөж Өлзийт хаан Төмөр, Хүлэг хаан Хайсан, Буянт хаан Аюурбарбад, Заяат хаан Төвтөмөр болон Юань гүрний сүүлчийн хаан Ухаант хаан Тогоонтөмөр нарыг дүрсэлжээ. Харин зүүн талд Юань гүрэнд нөлөө бүхий хүмүүсийг дүрсэлсэн байна. Тухайлвал юаны засаг захиргааны зохион байгуулалтыг төлөвлөсөн Лию Бинг Жун, одон орон судлалын төвийн үүсгэн байгуулагч Перс гаралтай эрдэмтэн, Жамал-ад-Дин, Шанду болон Бээжин хотын усан сангийн системийг зохион бүтээсэн Гүо Шү Жин, дөрвөлжин үсэг зохиосон Пагва лам Дорныг Өрнөдөд аялалын тэмдэглэлээрээ танилцуулсан Италын алдарт жуулчин Марко Поло зэрэг хүмүүсийг дүрсэлжээ.

Хубилай хаан улсынхаа нийт албат ард иргэдээ 4 дэсэд хуваан үздэг байж. Тухайлбал Юань улсын нэгдүгээр дэсийн иргэд Монголчууд байсан бөгөөд нэгдүгээр дэсэд багтсан ард иргэд аливаа гэм үйлдсэн ч өршөөгдөх бага ял шийтгэл оноох зэрэг эрх ямбыг эдэлдэг байжээ. Харин хоёрт гадаад улсын иргэд буюу шар толгойтнууд, гуравт хятад хүмүүс дөрөвт Мянгад хүмүүсийг дугаарлан эрэмблэж байсан байна. Юань гүрний барилгын суурийг гантиг чулуугаар бүтээсэн бөгөөд өндөр нь 20 давхар өндөр барилга мэт сүрлэг харагддаг байжээ. Ордны барилгын хэсэг болсон 5 хумстай луун хээ бүхий гантигыг малтлагаар гаргаж авсан байна. 5 хумстай лууг ихэвчлэн хаан угсааны хүн хэрэглэж байсан гэж үздэг бөгөөд яах аргагүй Хувилай хааны ордны хэсэг хэмээн үзэж эдүгээ юань улсын нийслэлийн туурь музейд хадгалж байгаа юм. Юань улсын дээд нийслэлийн тууриас малтлагаар гаргаж авсан олдворууд болон юань гүрний түүх соёлыг илгэх түүхэн үзвэрүүдийг дэлгэсэн юаны дээд нийслэлийн туурь музейг ч цогцлоосон байна.
Юаны дээд нийслэлийн туурь музей нь 6 давхар тасалгаанаас бүтэх бөгөөд нэг давхартаа юаны дээд нийслэлийн тухай тайлбар түүхэн судалгаа мэдээллийг танилцуулан дэлгэсэн бол хоёр давхарт Юаны нийслэлийн орчин, ахуй байдлын тухай мэдээлэл түүхэн баримтууд болон байгуулагдсан түүхийг өгүүлсэн үзвэрүүдийг дэлгэжээ. Харин гурав дахв давхарт Юаны зуны нийслэлийн тууриас олж илрүүлсэн барилгын бүтэц, чулуу түүхэн сонирхолтой олдворуудыг дэлгэн харуулсан байдаг. Энэ мэтээр Шандын шар талд нэгэн цагт сүндэрлэж байсан түүхэн нийслэлтэй холбоотой бүхий л эх сурвалж мэдээлэлтэй энэ газраас танилцаж болох юм.
Зуны ордоноо байгуулахдаа зориудаар сонгосон Шандын шар тал намгархаг өвс ургамал ихтэй сэвэлзүүр салхитай тал юм. Намартаа алтан хуар цэцэг дэлгэрдэг. Энэ үед цэцэг үзэхээр ирдэг жуулчдын тоо эрс нэмэгддэг зэрэг Хубилай хааны зуны ордон нийслэл эдүгээ цагийн жуулчдын нүд сэтгэлийг баясгасан аялалын бүс болон хөгжиж байна.

Элэг нэгт өвөр Монголчууд маань засаг захиргааны хувьд БНХАУ-ын бүрэлдэхүүнд байдаг ч, үндэсний хэл, соёл, түүх, өв уламжлалаа өөрийнхөөрөө хадгалан авч үлдэхийг хичээж иржээ. Үүний хамгийн тод жишээ яах аргагүй босоо монгол бичиг үсэг билээ. Өвөрмонголчууд өнөөг хүртэл хэл бичигтээ босоо Монгол бичгээ ашигласаар байгаагын зэрэгцээ стандарт журам тогтоож цэвэр байлгах талаар анхаарч иржээ.
Өвөр Монголын олон үндэстэн ястнууд өөр өөрсдийн хэл аялгатай түүнийгээ өөр хоорондоо ойлгохгүй байх асуудлыг эмхлэн тогтоосон Монгол хэлний баримжаа аялгууг олон нийтэд түгээн төлөвшүүлэх үүднээс өвөрмонголын монгол хэлний багш орчуулагч эрдэмтэд, телевиз радиогын хөтлөгч, жүжигчид зэрэг олны өмнө байдаг мэргэжлийн хүмүүст сургалт зохион байгуулдаг байна. Тэдний хэл яриагаар дамжуулан баримжаа аялгууг олон нийтэд сурталчлахын зэрэгцээ ном томхимолыг ч гаргасаар байгаа юм.
Баримжаа авиа явцын дунд хөгжиж байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд Өвөрмонголчууд өдөр тутамын хятад үгийг илүүтэй хэрэглэх ярианы хэлэнд хольж ярих зэрэг асуудал гарч байгаа нь хэл ярианы хөгжилд нөлөөлж болзошгүй гэж зовнинож байгаагаа ахмад эрдэмтэн учирлаж байсан юм.

Улаан хад хот-Хишигтэн хошуу

Өмнөд Монголын уул тал хот сууринг ихэвчлэн ногоон байгууламжаар өвч бүрхэж хүний гараар ногоон байгалийг бүтээсэн байдаг бол Хишигтэн хошуу байгалийн унаган төрхөөрөө байгаа цөөхөн газруудын нэг юм. Тиймдээ ч дэлхийн аялал жуулчлалын томоохон бүс болох үндэс болсон байна.
Тив дэлхийн өнцөг булан бүрээс аялан ирдэг жуулчдыг тосохдоо алд цагаан хадаг идээний дээж архиа сөгнөдөг уламжлалаар биднийг угтлаа. 90021 ам дөрвөлжин км газар нутагтай 500 мянган хүн амтай энэ нутгийн байгалийн тогтоц үнэхээр жуулчдын сонирхолыг татахуйц үзэсгэлэн төгөлдөр. 8 мянга гаруй жилийн соёл иргэншлийн түүхтэй хэмээн бахархах энэ нутаг хангай говь, уул хад гол мөрөн гээд байгалийн бүх төрлийн шинжийг цогцлоосон өвөрмөц тогтоцтой учраас өвөрмонгол орны нийт газар нутгийн багасгасан хубилбар ч гэж ярьдаг байна. Аялал жуулчлалаа дагаад хот суурин зам талбай дэд бүтэц бүтээн байгуулалтыг сайтар хийсэн хөгжиж байгаа хошуу юм. Энэ нутагт аялал жуулчлал эрхэлж байгаа малчин тариаланч айл өрхийн нэг жилийн орлого 200 мянган юан буюу мөнгөөр тооцож үзэхэд 70 сая давдаг байна.

2017 онд л гэхэд аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд 500 сая юаны хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Хишигтэн хошууны жуулчдын хамгийн их үзэж сонирхдог газар нь Хятадын 3 дах, Өвөрмонголын хоёр дахь том хунт нуур “Далай нуур” юм. 240 хавтгай дөрвөлжин км талбайтай энэ нуур хонины далны ясны хэлбэртэй учраас дал нуур хэмээн нэрлэгдсэн ч явцын дунд далай нуур хэмээн дуудагдах болсон байна.
Далай нууранд цагаалж гэлтэй загас гэсэн хоёр төрлийн загас амьдардаг бол 162 төрлийн жигүүртэн шувууд бууж цэнгэдэг байна. Тэр дундаа жилийн 10, 11 дүгээр саруудад 60 мянга орчим цагаан хун чуулдаг учраас хунт нуур хэмээн алдаршжээ. Энэхүү үзэмж төгс нуурыг 2006 онд үндэсний гурван А зэрэглэлийн үзэмжит бүс, усан аялалын бүсээр өргөмжилжээ. Загас ихтэй нуур учраас өвлийн улиралд ч энэ нуурыг зорин ирэх жуулчид тасардаггүй. Тиймээс нуурын ойр орчиныг хамгаалах асуудлыг өндөр тавьдаг.

Асгатын чулуун шугуй хэмээх өвөрмөц сонин тогтоц бүхий байгалийн чулуу нь далайн төвшнөөс 2700 гаруй км дээш өргөгдсөн өндөр уулын хярд байдаг. Уулын хяр хүртэл засмал замтай учраас ядах юмгүй хажууд нь очиж буугаад үзэх боломжтой. Явган хүний зам талбай, харуул хамгаалалт нойлын асуудлыг ч бүрэн шийдвэрлэжээ. Асгат хэмээн нэрлэгдсэн эдгээр чулууны бүтцийг 4 дүгээр галавын үед тогтсон боржин чулуу хэмээн судлаачид үзжээ. Дээр дээрээс нь давхарлан тавьж өрсөн мэт хэлбэртэй эдгээр үзэмжит чулууны эргэн тойронд битүү бүрхсэн ойтой. Байгаль дэлхийгээс тогтсон унаган төрхөөрөө байгаа энэ газар монголын үзэгчдийн сайн мэдэх Хуан Жу Гэг, Энх-Амгалангын төр, Чонон сүлд зэрэг кинонуудын зураг авалтыг хийж байсан гэнэ.

Хошуу нутгаараа бүхэлдээ дэлхийн аялал жуулчлалын томоохон бүс болон хөгжиж байгаа энэ газар нутгийг энэ оны 5 дугаар сараас эхлэн Хятадын хамгийн өндөр зэрэглэлийн аялалын бүс болгон тогтоосон байна.

Хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан аялалаас бэлтгэсэн нэвтрүүлгийн эхний хэсгийг үзэгч та бүхэнд толилууллаа. Аялал цааш Баруун үзэмчин Шилийн гол хүртэл үргэлжилнэ.

Хоёрдугаар хэсэг

Өвөрмонголын өөртөө засах орны аж амьдралыг үзэн сонирхсон аялалын үргэлжлэлийг үзэгчиддээ танилцуулахдаа баяртай байна. Өвөрмонгол орны өөрчлөлт хөгжилд үзэгчид өөрсдийн дүгнэлтээ хийж буй бизээ.

Баруун Үзэмчин хошуу Шинэ булаг гацаа

Өнөөг хэр нь бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж 60 сая толгой малтай хэмээн гайхуулдаг манай улсын сэтгүүлчдэд өвөрмонголын малчдын амьдралтай танилцах завшаан тохиолоо. Монголд хаана л бол хаана цомцойж харагдах Монгол гэр өвөрмонголд нүдний гэм. Бидний очсон малчин Баатарынх нь суурин амьдралд шилжээд олон жил болжээ. Баатарынх мах-сүүний чиглэлийн үхэр голдуу 300 гаруй тооны малтай. 20-30 үнээ сааж цагаа идээгээ боловсруулдаг. Малынхаа ашиг шимийг жилдээ 2 удаа хүртэж 400 мянган юан буюу 100 гаруй сая төгрөгийн ашиг олдог. Гэхдээ малчдын бэлчээр нутгийг заагласан малын тоо хязгаарыг бэлчээрийн даацад тохируулан заасан байдаг учраас хадлан тэжээл худалдан авах, тэжээл бордоонд чамгүй мөнгө зарлагддаг байна.
1980-аад оноос хойш бэлчээрийн мал аж ахуй үгүй болж суурин байдалд шилжжээ. Ингэхдээ нэг хүнд 31 га газар бэлчээрийг оноож өгч түүнийг нь зааглан тор хашаа татжээ. Зарим тохиолдолд малчид бэлчээр нутгаа түрээслүүлэх, хоршоолол байгуулан бэлчээрээ нэгтгэж томсгох зэргээр өөр хоорондоо тохиролцон малаа бэлчээдэг гэлээ. Суурин малжилттай учраас нүүгээд байх шаардлагагүй. Тиймээс бүгд тохилог сууцанд амьдарч Монгол гэрийг хэрэглээнээс гаргажээ. Төр засгаас малчдад эм эмнэлэгийн даатгал, цас зуд байгалийн гамшиг тохиолдох, бэлчээр нутагт нь өвс ногооны гаралт муудсан зэрэг үед тусладаг байна.
Өвөрмонголд бас нэг авууштай нь мал нь өндөр үнэтэй. Энэ ч малчид ашиг орлого сайтай байх бас нэг давуу тал болдог. Тухайлбал нас гүйцсэн эр үхэр дунджаар 500 кг дардаг бөгөөд 13 мянган юан буюу 5 сая орчим төгрөгийн үнэ хүрдэг бол тугалыг 7 мянган юан буюу 2 сая гаран төгрөгөөр худалдан авдаг байна.
Баруун Үзэмчин хошуу

Баруун Үзэмчин хошууны хүүхдийн цэцэрлэгтэй танилцахаар улсын цэцэрлэгийг зорилоо. Хошууны хэмжээнд улсын хувийн нийлсэн 10-н цэцэрлэг байдаг гэнэ. Бидний орсон цэцэрлэг 14 бүлэгтэй. Нэг бүлэгт 30-40 хүүхэд суралцдаг нийт 620 гаруй хүүхэдтэй ажээ. Нэг ангид 1 багш хоёр туслах багш хүүхдүүдтэй ажиллаж хүүхдүүдийн нас бие сэтгэхүйн онцлогт тохирсон амьдрах ухааны сургалтуудыг ордог байна.

Цэцэрлэгийн бүхий л орчныг 03-06 насны хүүхдийн биеийн онцлогт тохируулан тохижуулсан байна. Мөн хүүхдүүдийн гарын авлага бяцхан ном, тоглоом зэргийг багш нар нь өөрсдийн гараар урлажээ. Энэ нь ч тэдний ажлын нэг үзүүлэлт болдог байна. Хүүхдүүдэд аливаа зүйлсийг бие даан хийж сургах зорилгоор тэдний онцлогт тохирсон олон төрлийн дугуйлан сургалтуудыг зохион байгуулахын зэрэгцээ эх дэлхий, хүрээлэн буй орчноо хэрхэн хайрлан хамгаалах зөв хүмүүжлийг суулгахын тулд байгальд зургийн хичээл заах, аялалд явах, цэцэрлэг орчмын моддыг хүүхдүүдээр өөрсдөөр нь услуулах зэрэг амьдралын зөв дадалд сургаж байна. Мөн хүүхдүүд цэцэрлэгтээ өөрсдөө цэцэг тарьдаг.

Баруун Үзэмчин хошууны цэцэрлэг Монгол улсын Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгтэй багш солилцон арга туршлагаа хуваалцаж хамтран ажилдаг гэлээ.

Зүүн Үзэмчин хошуу

Монгол өв соёл ахуйгаа хадгалахын төлөө илүүтэй чармайж соёл урлагаа хөгжүүлэхээр зүтгэж байгаа Зүүн Үзэмчин түмэн Ар Өвөрмонголын сэтгүүлчид хамтран өвөрмонгол орныг сурвалжилж явааг дуулан биднийг баяртайгаар угтсан юм. Монгол соёлоо хадгалж байгаагаа батлан харуулах үүднээс биднийг угтаж Ээж нуур сумын Сэргэлэн Хараат гацаанд бэсрэг наадмыг зохион байгуулж сонирхууллаа.

Бэсрэг наадамд уралдаж байгаа морьдийн ихэнх нь эрлийз цусны морьд байсан юм. Томоохон хошуу наадмуудад морьдыг насны ангилааар нь уралдуулдаг ч цэвэр цусны адуу эрлийз цусны адуу гэж ангилдаггүй юм байна. Энэ нутгийн уяачдын хувьд хурдан морины унаач хүүхэд олдохгүй байх асуудал их гардаг. Энэ нь сургуулийн хүүхэд оройтож амардаг мөн морь унадаг хүүхэд ховордсонтой холбоотой юм. Тиймээс Монгол хүүхдүүд зуныхаа амралтаар очиж морь унаж өгдөг байна. Монгол хүүхдүүд моринд гарамгай, сэргэлэн байдаг. Морь унасны төлбөр хөлсийг нь өгдөг гэдгээ уяачид ярьж байлаа.
Хурдан морины уралдаанаар нээлтээ хийсэн бэсрэг наадам 3 сарын 8-нд тохиодог эмэгтэйчүүдийн баяр, 5 сарын 4-нд тохиосон залуучуудын баярын өдрийг нөхөн тэмдэглэх үйл ажиллагаа болж малчид болон шилдэг залуучуудаа шагнаж урамшуулсан юм. Газар тариалан мал аж ахуйн салбарт гарч байгаа шинэ ололт амжилтуудыг хэрэгжүүлж шинэ техник технологийг өөрсдийн үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа үзүүлэлт болон худалдаа борлуулалтаа сайжруулж чадсанаар нь малчид хөдөлмөрчдөө үнэлж дүгнэдэг гэнэ. Мөн малчдаа нэг дор цугласан байгааг далимдуулан нутгийн засаг захиргаа тамгын газраас малчдад зориулан зөвлөгөө өгөх, хэрэгтэй зөвшөөрөл үйлчилгээг газар дээр нь олгох, эмнэлэгийн хорооны эмч нар ирж үзлэг оношлогоо эмчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлж байлаа. Үзэмчин дээлээ өмсөж мөнгөн тоноглол бүхий гоёл чимэглэлээ зүүсэн наадамчдыг харж наадмын асар тойрч явахдаа үзэмчин нутгаас төрсөн алдарт уртын дуучин Цагаанхүү шавь нартайгаа ая дуугаа өргөхөөр ирсэн байсантай таарч хөөрөлдсөн юм.

Бэсрэг наадамд 64 хүчит бөх барилдаж сүр хүчээ гайхуулсан юм. Сурвалжлах багийн аялал урт очих газар олон учраас бид наадмын талбайг орхиж хошууны Шанд мал аж ахуйн хоршоотой танилцахаар хөдөлсөн юм. Шанд хоршоо нь Улиастай суурингаас 65 км зайд Хатавч сууринд байрладаг. Хоршооллыг анх 2007 онд ардууд байгуулж ардууд эрхэлж ардууд ашиг шимийг нь хүртэнэ гэсэн зарчмаар байгуулжээ.
Энэхүү хоршоо нь үзэмчин хонь үржүүлэх борлуулах, үрийн мал бойжуулах, борлуулах хувьчилсан бэлчээрийг үйлчилгээний зориулалтаар ашиглах, байгалийн өвс хадах хадгалах борлуулах зэрэг үйл ажиллагаа явуулж түүнээсээ ашиг шимээ хүртдэг. Бэлчээр түрээслэх, хадлан тэжээл худалдаж авах зэрэгт гардаг байсан зардлаа багасгаж хоршоо болон нэгдэж өөрсдөө хийснээр 2015 онд хоршооны цэвэр ашиг 134500 юан буюу 47 сая, хоршооны гишүүдийн цэвэр орлого 107600 юан буюу 37 саяд хүрсэн байна.
Хоршоололд одоогоор 22 малчин өрх хамрагдаж 200 гаруй гишүүнтэй 16000 мянган толгой малтай үйлдвэрлэл явуулж байгаа юм. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах байр сууцыг ч тохижуулж малын махаа хадгалах 60 тоннын хөлдөөх зоорь, малын махны чанарт дүн шинжилгээ хийх мал эмнэлэгийн газрыг ч байгуулан ажиллаж байгаа юм.

Шилийн гол

Хойд талаараа Монгол улстай 1095 км газраар хиллэдэг шилийн гол аймаг бидний очих сүүлийн томоохон хот байлаа. Зүүн талаараа Өвөрмонголын Улаанхад Тунляо, Хянган, баруун талаараа Улаанцав өмнө талаараа Хэбэй мужтай хиллэдэг бээжингээс 600 км, Эрээнээс 340 км зайтай нутаг юм. Нийт 1 сая гаруй хүн амтай хүн амын 30 орчим хувийг Монгол үндэстэн эзэлдэг. 180 мянган хавтгай дөрвөлжин км бэлчээрийн газар нутагтай Хятадын дөрвөн том тал нутгийн нэг юм.

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол тулгуур нь хөдөө аж ахуй бөгөөд сүүлийн жилүүдэд бэлчээрийн малжилтаас татгалзаж гэр бүлийн малжилт, хоршооллыг хөгжүүлэх талаар илүү анхаарч байгаа нутаг юм. Мөн газар нутгийн даацад тохируулан үхрийг 300 түм, хонийг 1000 түмээс хэтрүүлэхгүйгээр хязгаарлаж Өвөрмонголын болон бүх хятаддын бохирдолгүй мал аж ахуйг боловсруулах суурин газар болохоор төлөвлөжээ.

Шилийн гол аймгийн ажил мэргэжлийн дээд сургууль

Шилийн гол аймгийн ажил мэргэжлийн дээд сургууль 21 мянган оюутан суралцагчидтэй 1315 багш ажилтантай 10-аад салбартай томоохон сургууль юм. Сургууль Агаарын тээвэр, сувилагч кино жүжиг гэх мэтийн 40-н дээд мэргэжил, 28 дунд мэргэжил эзэмшүүлэхээс гадна гадаад дотоодын их дээд сургуулиудтай хамтран байгуулсан баклавр, Магистерын ангитай. 2014 онд тус сургуулийг төгссөн төгсөгчид ажил олголтоороо хятадын хэмжээний их дээд сургуулийн дунд 50 шилдэг сургуульд багтаж чадсан байна.

Ажил мэргэжлийн дээд сургуульд Монгол сурагчид 12 дугаар ангиа төгсөн очиж хэлний бэлтгэлд сурах болон бусад мэргэжлээр суралцдаг. Тус сургууль нь сургалтын төлбөрийг үнэгүй болгосоны дээр бүх оюутнууддаа сар бүр 500 юаны тэтгэлэг олгодог байна. Суралцагчид үнэ төлбөргүй хэл сурч ажил мэргэжилтэй болохын зэрэгцээ цаашлаад гадаад дотоодын их сургуулиудад элсэн суралцах боломжтой юм.

Оюутнууд зөвхөн байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал сургалтын ном зэрэгт мөнгө зарцуулдаг. Тиймээс хямгач арвич хүүхдүүд сургуулиас өгдөг тэтгэлэгээрээ хангалуун амьдарч чаддаг гэнэ.

Ажил мэргэжлийн дээд сургуулийн урлагийн салбарын сургуулиас хамгийн алдартай нь уртын дууны сургууль болон алдарт морин хуурч Чи Булагийн Морин хуурын дээд сургууль юм. Дэлхийд гайхагддаг морин хуур хөгжмимд дурлаж энэ хөгжмийг тоглохын тулд олон зүйлтэй нүүр тулж явсан түүхээ ахмад хуурч хоёр улсын сэтгүүлчдэд харамгүй хуваалцсан юм.

Дэлхийд ганцхан байдаг Морин хуурын дээд сургуульд эдүгээ 200 гаруй сурагч суралцаж байна. Үүнд Монгол Япон, Солонгос зэрэг улсаас ч ирж суралцаж байгаа гэнэ. Алдарт морин хуурч Чи Булаг сургуулийнхаа зураг загварыг өөрөө гаргасан бөгөөд сургуулийн өмнөх талбайд босгосон морин хуурын хөшөөний 4 талд өөрийн 4-н их багшаа дүрслэн мөнхөлжээ.
Морин хуур хөгжмийг мэдэрч сурахын тулд хөгжмийн өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тиймээс морин хуурын сургуулийн сурагчдад төгөлдөр хуур хөгжмийг давхар заадаг байна. Морин хуур бол үндэсний хагацуулах хөгжим. Эгшиг бүрээс нь үндэстэнг хагацуулах өмхий үнэр үнэртэж байна хэмээн ад үзэгддэг байсан үеийг бодоход сургууль байгуулагдаж морин хуурын соёл улам бүр хөгжиж байгаад Монгол хүнийхээ хувьд үндэстэнийхээ төлөө хийх ёстойгоо хийлээ хэмээн боддогоо алдарт хуурч Чи булаг гуай хуучилсан юм.

Шилийн гол аймагтай танилцаж явахад нутгаасаа төрсөн хамгийн нэр алдартай хүмүүстэй биднийг уулзуулж танилцуулж байлаа. Тухайлбал Хятад даяар зээр зурдагаараа алдаршсан нэрт зураач Санаабаатар дэлхийн олон оронд өөрийн шог зургаар танигдаж чадсан зураач Билэгт нарын уран бүтээлийн урлангаар орж бүтээлүүдтэй нь танилцсан юм. Ингээд зураачдын бүтээлүүдээс сонирхуулъя.

Монгол ахуй Монгол соёлтой нэг үндэс угсаатай ч биднээс ялгаатай нь БНХАУ-ын бодлого зарчмаар хөгжиж байгаа Өвөрмонголд аялах хугацаанд манай улстай ижил төстэй салбарт ямар өөрчлөлт дэвшил хийж байгааг илүүтэй сонирхож явлаа. Үүний нэг нь махны амт чанараараа гайхагддаг үзэмчин хонины чанарт суурилсан мах боловсруулах үйлдвэр юм. Өмнө нь нүүрсний уурхай байсан газрыг тэгшилж янзлан 500 мянган км квадрат талбайд энэ үйлдэврийг байгуулаад хоёр жилийн нүүрийг үзэж байна. 1 өдөрт 10 мянган хонь жилд 100 мянган үхэр нядалж мах болгон бэлтгэдэг энэ үйлдвэр 2000-5000 хүнийг ажлын байраар хангадаг ажээ. Махаа ойролцоох хошууд гацааны 200 гаруй малчдаас авдаг байна. Малчид энэхүү үйлдвэртэй гэрээтэй ажилладаг бөгөөд хонь малаа тушаачихаад мах нь хэдэн кг жин дарж байгааг дэлгэцээр хянаж тооцоогоо хийж мөнгөө авдаг байна. Мөн малаа тушаах, тооцоогоо хийхийг хүлээх зуураа амарч унтах буудал, цагаа өнгөрөөх тоглоомын өрөөг ч тохижуулжээ. Хонь малыг нядалж мах болгон гаргахад хэдхэн минутын хугацаа шаарддаг. 50 мянган тонн мах хөлдөөх хадгалах хүчин чадалтай энэхүү махны үйлдвэр хятаддаа төдийгүй Азидаа тэргүүлэх зэргийн хамгийн том үйлдвэр гэдгээрэй онцлогтой. Одоогоор тус үйлдвэрээс гарч байгаа бэлтгэсэн махаар хятадын олонхи мужуудын хэрэгцээг хангаж байгаа бол цаашлаад дэлхийн улс орнуудад импортлохоор төлөвлөөд байгаа юм. Үйлдвэрээс гарч байгаа бохирдол муу усаар хиймэл нуур хийж сайтар цэвэршүүлэн нойлын ус, гаднах талбайн усжуулалтанд ашигладаг байна. Үйлдвэрийн гаднах талбайг хайрга чулуугаар өвч бүрхсэн нь нэгдүгээрт ялаа шумуул шавахаас сэргийлэх нөгөө талаас элдэв шороо, тоос үүсэхээс сэргийлсэн байна. 2016 оноос албан ёсоор үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн махны үйлдвэр өөрсдийн орлогоос 2 тэр бум юаны хөрөнгө оруулалтыг бүс нутагт хийж 4 суурин бааз байгуулсан байна.
Хөгжилд хөтөлсөн 70 жил сэдвийн дор 10 хоног өмнөд Монгол үүх түүх өндөр соёлтой танилцсан бидний аялал шилийн гол нутгаас төрсөн зогсоо аварга Цагаанзаантай уулзсанаар өндөрлөсөн юм. Хошуу наадамд тасралтгүй 13 дараалан түрүүлж зогсоо аварга хэмээх алдарыг хүртэж байснаа хуваалцлаа.
Монгол бөхөөс ялгаатай нь өвөрмонголд бөхийн цол гэж байдаггүй. Харин зангитай бөх гэж байх бөгөөд 128 бөхийн барилдаанд 3 удаа түрүүлсэн бөхөд зангиа олгодог байна. Цагтаа Цагаанзааны зодоглосон наадамд хүмүүс хэн түрүүлсэн бэ гэж биш хэн үзүүрлэсэн бэ гэж асуудаг байсан нь ямархуу чансаатай аварга явсаныг нь нотлож байгаа юм. Зогсоо аварга 1997 оноос хойш бөх тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж сайн бөх бэлтгэн гаргах ажилд сэтгэлээ зориулан яваа юм.

Өвөрмонголын байгалийн үзэсгэлэнт газрууд мал хөдөө аж ахуйн байдал, хөгжил цэцэглэлт, соёл урлаг, урлаг спортын алдартнуудтай уулзан сурвалжилсан аялал өндөрлөлөө. Аялалын багт Монголоос Монголын үндэсний радио, Өдрийн сонин, Өнөөдөр, Улаанбаатар телевиз, Барилга, Факт, Монцамэ мэдээллийн агентлагын сэтгүүлчид хамрагдсан бол Өвөрмонголын Талын дуу хоолой радио, Өвөрмонголын Монгол Одон телевиз, Хятадын олон улсын радио, Солонго мэдээллийн агентлаг зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын 22 сэтгүүлч хамтдаа аялаж өмнөд монголыг өөр өөрсдийн нүдээр дурандаж явлаа.

Нэр нэгтэй цус нэгтэй ч хилийн зураасны хоёр талд хуваагдаж хоёр өөр төрийн бодлого дор хөгжиж байгаа Өвөрмонголчууд маань хэзээ ямагт монгол ахан дүүстэйгээ уулзахдаа баяртай байдгаа илэрхийлж байлаа. Их гүрний нөмөрт хурдацтай хөгжиж байгаагын хэрээр өөрийн гэсэн үндэсний соёл, үзэл бодолдоо нухацтай ул буйртай ханддаг нь ажиглагдаж байлаа. Нутаг хошуу бүхэндээ түүх соёлоо гайхуулсан музей судалгааны газар байгуулсан, босоо бичгээ бүх нийтээр ашигладаг, уртын дуу, морин хуур эрийн гурван наадам, уул овоогоо тахих ёс уламжлалаа хүртэл хадгалжээ. Хүний гараар ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, зам барилга байгууламж дэд бүтцийг хөгжүүлжээ. Уул уурхай, газар тариалан, мал аж ахуйн ашиг шимийг утгаар нь хүртэж өөрсөддөө нааж чадаж байгаа зэрийг харж бахдсан 10 хоног дуусч бидний сэтгүүлчид нутагтаа буцсан юм. Уулзсан хүндээ хамгийн сайхан ерөөлөө өргөдөг Монгол уламжлалаар буцаад ирэхэд булаг шиг дайраад гарахад далай шиг байхын ерөөл тавин энэхүү тэмдэглэлээ жаргааж байна.

өмнөх нийтлэлХөх тэнгэрийн эзэн
Дараагийн нийтлэлАмьдрал бол аялал

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН