Нүүр хуудасХөрөгХөх тэнгэрийн эзэн

Хөх тэнгэрийн эзэн

Тэнгэрийн хөлгийг жолоодно гэдэг тэр бүр хүн бүхэнд олдоод байх хувь заяа биш. Тэнгэрлэг сайхан мэргэжлийг эзэмшиж мэргэжлээрээ ажиллаж эдүгээ бахдан ярих түүхийг бүтээчихээд сууж байх ямар сайхан бэ. ийм л эгэл олон нисгэгчдийн нэг ахмад нисгэгч Дүүрэнгийн Батчулуун юм. Амьдралынхаа 50 гаруй жилийг агаарын хөлөгт өнгөрүүлсэн түүний бахархам амжилт монголын иргэний нисэхийн тэр дундаа орон нутгийн нисэхийн томоохон түүх болон үлджээ.
Хүний хувь тавилан гэдэг амьдралынх нь зам мөрийг чиглүүлэгч байдаг юм уу гэлтэй. Багаасаа хайрлан дурлаж явсан мэргэжлээ эзэмшиж онгоцны даргаас багш нисэгч болтлоо ахин ажиллаж явсан Батчулуун гуайн амьдралын ихэнх хугацаа орон нутгийн нислэгийн замд өнгөрсөн түүхтэй. Агаарын амьдралын нь амьд намтар болсон нисэгчийн ногоон дэвтэрт Батчулуун нисэгчийн түүх бичигдэн үлджээ. агаар мандалын замд туулж өнгөрүүлсэн км, нислэг хийсэн он сараас эхлээд дадлагажигчаас эхлээд нисэгч бэлтгэн гаргах багш болох хүртэл бүхий л үе шатуудыг энд тэмдэглэн мөнхөлсөн байна.

1970-1980 он бол Монголын иргэний агаарын тээврийн оргил үе байлаа. Монгол орны 21 аймаг, 360-аад сум сангийн аж ахуйд нислэг хийж улсын үүрэг даалгаварыг биелүүлж байсан юм. тухайн үед улсаас өгсөн үүрэг даалгавар нормыг биелүүлэх гэж зүтгэж явсаны зэрэгцээ ард түмнийхээ амьдралыг үүрч явсан он жилүүд байсан гэдгийг Батчулуун нисэгч дурсан ярьж байна. Нэг газраас нөгөөд хүрэх олон хүнийг тээвэрлэхийн зэрэгцээ эмнэлэгийн тусламж үзүүлэх, хүний амь аврах, байгалийн гамшиг, хортон шавь устгахаас эхлээд хоол хүнс барааг нь зөөж ахуй амьдралынх нь хэрэглээг хангах гээд олон ажлыг АН-2 буюу царцаа ногооноороо амжуулж явлаа. Тиймдээ ч энэ онгоцондоо хайртай гэж жигтэйхэн. “Олон хүнийг хоолтой залгуулсан онгоц доо” хэмээн байн байн дурсан ярина.

Хүн гэдэг амьтан хэдий өндөрт мандаж алдар нэрийг хүртсэн ч эхэлсэн цэг өнгөрүүлсэн амьдралаа мартах учиргүй юм гэдэг. Тиймдээ ч гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж өгсөн ижий аав ачит багшаа үргэлж дурсаж явдаг. Батчулуун гуайн багш удмаараа нисэхийнхэн явжээ. “Миний багш надад нисэгч болох бүхий л зүйлийг зааж өгсөн хүндээ хэмээн хүндэтгэн дурссан хүн нь ахмад нисэгч Готовын Даваадорж. Даваадорж гуайн аав Готов мөн нисэхийн инженер хүн байж. 68 хүртэлээ ниссэн ахмад нисгэгч Даваадорж гуай эдүгээ бэлтгэн гаргасан шавь нарынхаа амжилт гавьяагаар бахархан тэднийхээ араас утас цохиж одоо ч заавар зөвлөгөөгөө өгсөөр суудаг.

Уужим хөх огторгуйг эзэгнэсэн мөнгөн цагаан хөлгийн эзэн байна гэдэг бахархам амжилт бахдам нэр төр. Энэ нэр төрийг өндөрт өргөж олон мянган хүний амь насыг аюулгүй тээвэрлэн өдий зэрэгтээ явахад амьдралынх нь түшиг тулгуур болсон гэр бүлийнх нь хүний ач тус ихээ. Нисэгч хүний эхнэр болсоноос хойш өглөө бүр тэнгэрийн аашийг харж нисэгчийн зүрхтэй хамт нисдэг болсон энэ эмэгтэйг Ш.Пүрэв гэдэг.

Үнэлж баршгүй хүний амийг дааж өндөр тэнгэрт дүүлэн нисэхдээ тэнгэрийн ааш газрын араншинг аргадан явсан цаг хугацаа бүхэн сайхан.
25 хан насандаа багш нисгэгч болж 40 орчим жилийн турш шавь бэлтгэн гаргасан байгуулсан гавьяа олсон нэр төрдөө бардамнан сэхээгүй эгэл нэгэн даруухан хүн Батчулуун гуай мөнөөсөө мөн.
Цэнхэр мандалын хязгааргүйд мөнгөн цагаан хөлгөө жолоодон 4 сая гаруй км замыг туулсан тэрээр чухамдаа хөх тэнгэрийн эзэн нь явлаа.
Монголын иргэний нисэхийн түүхэнд нэртэй, үлдээсэн мөртэй, хийсэн бүтээсэн байгуулсан гавъяагаараа хүлээн зөвшөөрөгдөж чадсан буурал нисэгчид энгэрт нь гялалзах эрхэм гавьяат л дутуу байна гэлтэй.

Эдүгээ түүний бэлтгэн гаргасан олон шавь нар гавьяатын зэрэгт хүрсэн ч авъяас чадвар мэдлэг юугаа заан сургасан буурал багш нь төрдөө үнэлүүлж чадаагүй яваа нь харамсалтай.
Эгэл гэхэд дэндүү эгэл даруухан энэ эрхэм буурлыг Монгол улсын гавьяат нисэгч болох ёстой хүн гэдгийг багш нь мөр зэрэгцэн нисэж явсан хамтран зүтгэгчид нь олон мянган шавь нь хүлээн зөвшөөрдөг. Тиймээс амьдралаа өнгөрүүлсэн агаарын зам гүн хөх тэнгэр ивээж удахгүй Гавьяат нисэгчдийн эгнээнд орно гэдэгт итгэлтэй байна.

Хөх тэнгэрийн эздийн үйлс арвин үргэлжлэл тасрашгүй байх болтугай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН