Нүүр хуудасМэдээ“Ielts-600” төсөлд хамрагдсан сурагч, багш нар олон улсын сертификат гардан авлаа

“Ielts-600” төсөлд хамрагдсан сурагч, багш нар олон улсын сертификат гардан авлаа

Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын англи хэлний мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг 100 их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах үүд хаалгыг нээж өгөх зорилгоор дүүргийн Засаг даргын санаачилгаар хоёр жилийн өмнө “IELTS-600” төслийг “Сантис” гадаад хэлний сургалтын төвтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ төрийн өмчийн 23 сургууль тус бүрээс шилдгийн шилдэг 67 сурагчдыг сонгон шалгаруулж, сурагчдын дунд англи хэлний түвшин тогтоох сорил шалгалтыг зохион байгуулсан.

Тус сорил шалгалтын үр дүнд нийт 25 сурагчид шалгарсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сантис боловсролын төвтэй суралцах гэрээ байгуулан 2 жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээ гардан авсан.

Тус сургалтын төв нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай байгуулсан санамж бичгийн хүрээнд төслийг өргөжүүлэн англи хэлний 26 багш нарыг “INLINGUA” олон улсын хэлний цахим сургалтад хоёр сарын хугацаанд хамруулсан бөгөөд англи хэлний мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, IELTS, TOEFL-шалгалтад сурагчдыг хэрхэн бэлтгэх гэх мэт сургалтын арга барилд суралцан төгслөө.

“IELTS-600” төслийн ахисан болон дунд түвшний хөтөлбөрт хамрагдсан суралцагч, “TOEFL JUNIOR” үндэсний сургагч багшийн сургалтын хөтөлбөрт хамрагдсан багш нарт батламж гардуулах хаалтын үйл ажиллагаа боллоо.

Сургалтын хөтөлбөрт хамрагдсан суралцагч, багш нарт батламж гардуулах хаалтын үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, Сантис Академи ТББ-ын Академик боловсролын зөвлөх Ноён Энтони Миллер, Сантис Академи ТББ-ын менежер Г.Буянхишиг болон Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, төсөлд хамрагдсан ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид, ЕБС-ийн англи хэлний багш нар, эцэг эхийн төлөөллүүд оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН