Нүүр хуудасМэдээАЮУЛГҮЙ БАЙДАЛ: Мюнхений тайлан: Дэлхийн дэг журам нуран унаж байна

АЮУЛГҮЙ БАЙДАЛ: Мюнхений тайлан: Дэлхийн дэг журам нуран унаж байна

2026 оны Мюнхений Аюулгүй байдлын тайлан дэлхий нийтэд нэгэн түгшүүртэй үнэнийг дэлгэлээ. Учир юунд гэвээс, 1945 оноос хойш тогтсон олон улсын дэг журам шинэчлэгдэх биш, харин бүрмөсөн нуран унаж байна. АНУ-ын шинэ засаг захиргаа тэргүүтэй улс орнууд олон улсын гэрээ хэлэлцээрээс ухарч, институцуудийг эвдэн сүйтгэх улс төрийн шинэ хандлагыг бий болголоо. Энэ нь зөвхөн их гүрнүүдийн асуудал бус дэлхийгээр тархан амьдарч буй хүн бүрийн аюулгүй байдалд заналхийлж байна.

Дэлхийн улс төр, эдийн засгийн хуваагдал хэзээ хэзээнээс илүү гүнзгийрч байгаа энэ үед уг тайлан гарч буйгаараа онцлог юм. Сүүлийн жилүүдэд барууны нийгэмд тогтсон институцууд иргэдийнхээ итгэлийг алдаж, радикал өөрчлөлтийг хүсэмжлэх болсон. Үүний хамгийн тод жишээ нь АНУ бөгөөд тус улс 66 олон улсын байгууллага, гэрээнээс гарах шийдвэр гаргаж, дэлхийн худалдаа, уур амьсгалын өөрчлөлт, хүмүүнлэгийн тусламжийн тогтолцоог үндсээр нь ганхуулж эхлэв.

Хамгийн ноцтой өөрчлөлт нь аюулгүй байдлын баталгаа худалдааны хэрэгсэл болж хувирсан явдал юм. АНУ, Европ болон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь холбоотнуудаасаа батлан хамгаалах зардлаа огцом нэмэгдүүлэхийг шаардаж, үүнийгээ эдийн засгийн ашиг сонирхолтойгоо шууд уях боллоо. Энэхүү “наймааны” шинжтэй гадаад бодлого нь олон улсын эрх зүйн нийтлэг хэм хэмжээг үгүй хийж, зөвхөн хүчтэй нь хүчгүйгээ захирдаг буюу ширэнгийн хуулийн шинэ эрин үе рүү хөтөлж байна.

Дэлхийн худалдааны тогтолцоо ч мөн адил ноцтой сорилттой нүүр тулж байна. АНУ импортын татвараа 15 хувь хүртэл нэмэгдүүлсэн нь 1930-аад оноос хойш үзэгдээгүй өндөр үзүүлэлт бөгөөд үүний эсрэг Хятад улс чухал ашигт малтмалын экспортод хязгаарлалт тогтоов. Энэхүү худалдааны дайн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж, ялангуяа хөгжиж буй орнуудын ДНБ-ийг бууруулах эрсдэлтэйг тайланд онцолжээ.

Энэ бүх нуралт зөвхөн улстөрчдийн ширээн дээрх асуудал биш юм. АНУ тэргүүтэй улсууд хүмүүнлэгийн болон хөгжлийн тусламжаа эрс багасгаснаар 2030 он гэхэд 14 сая хүн амиа алдах эрсдэл үүсээд байна. Түүнчлэн, олон улсын байгууллагуудын төсөв тасалдаж, НҮБ-ын агентлагууд үйл ажиллагаагаа зогсоох эсвэл хумихад хүрэх зэрэг нь дэлхийн нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг урт хугацаанд алдагдуулах болно.

Мюнхений тайлан бидэнд хуучин дэг журам нэгэнт эргэж ирэхгүйг санууллаа. Одоо гагцхүү энэхүү улс төрийн тогтворгүй байдал дундаас олон улсын нийгэмлэг хэрхэн илүү оновчтой, шинэ тогтолцоог босгох вэ гэдэг асуулт үлдэж байна.

Эх сурвалж: “Under Destruction” Munich Security Report 2026

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН