Нүүр хуудасМэдээЕТГ: Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

ЕТГ: Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их тэнгэрийн аманд баригдаж буй Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Тэрбээр үндэсний оюун санаа, соёлын дархлааг бэхжүүлэх чухал хөрөнгө оруулалт болох музейн барилгын ажлыг чанартай барьж дуусгахад онцгой анхаарахыг холбогдох сайдууд, гүйцэтгэгч компанид захилаа.

Шинээр баригдаж буй музейн сан хөмрөгийг баяжуулах, музейн үзэсгэлэн дэглэлт, сан хөмрөгийн хадгалалт-хамгаалалт, интерактив үзүүлэн болон боловсролын хөтөлбөрүүдийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэхэд анхаарах, хүний нөөцийг чадавхжуулах, шаардлагатай боловсон хүчнийг гадаадын орнуудад бэлтгэх зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Их тэнгэрийн аманд зориулалтын бусаар ашиглагдаж байсан газрыг нийтийн эзэмшилд эргүүлэн авч, ард иргэдэд хүртээмжтэй зориулалтаар ашиглах шийдвэр гаргасан юм. Улмаар уг газарт Байгалийн түүхийн музей байгуулах шийдвэрийг гаргасан билээ.

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалтын ажил 2024 онд эхэлсэн бөгөөд 6.6 га газарт баригдах музейн барилга 45 мянга орчим хавтгай дөрвөлжин талбайтай.

Монгол Улсад анх удаа баригдаж буй байгалийн шинжлэх ухааны томоохон музей ашиглалтад орсноор хэмжээгээрээ Ази тивийн орнуудын байгалийн музейн дунд долоодугаарт орно.

Таван блок бүхий музейн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 83 хувьтай байгаа бөгөөд ирэх онд дуусгахаар төлөвлөж байна. Барилга угсралтын ажил дууссаны дараа музейн дотоод засал, үзүүллэг дэглэлтийн ажлыг гүйцэтгэнэ.

Үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөөг Шинжлэх ухааны академийн долоон хүрээлэн, МУИС, ХААИС, ШУТИС-ийн нийт эрдэмтэн судлаачдаас бүрдсэн найман дэд ажлын хэсэг боловсруулж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл одоогоор 98 хувьтай байна.

Музей нь орчин үеийн технологийн шийдэл бүхий виртуал бодит орчин, мультимедиа, интерактив дэлгэц, динамик тоноглол бүхий 7 байнгын үзүүллэгийн танхимтай байна. Мөн түр үзэсгэлэнгийн танхим, амфитеатр, номын сан, хурлын танхим, зоогийн газар, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, 500 орчим автомашины зогсоолтой байх юм.

Үзэсгэлэнгийн долоон танхимд нэг дор дунджаар 2,500-3,000 хүн чөлөөтэй зэрэгцэн зочлох боломжтой бөгөөд өдөрт 3,500-5,000 зочин нэвтрүүлэх хүчин чадалтай.

Тус музей нь шим ертөнц, хүн төрөлхтний үүсэл хөгжил, геологи, палеонтологи, газарзүй, биологийн төрөл зүйл, байгаль экологи, экосистемийн зүй тогтол, хувьсал өөрчлөлтийн тухай мэдлэг түгээн, байгалийн хуулиудыг хүүхэд, багачуудад танин мэдүүлж, эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах, эх орноороо бахархах үзэл санааг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Мөн байгаль, соёлын өвийг цуглуулах, хадгалан хамгаалах, судлах, сурталчлах замаар ногоон нийгмийн үзэл баримтлалыг төлөвшүүлж, байгаль орчны боловсрол, тогтвортой хөгжил, насан туршийн суралцахуй, уур амьсгалын хариуцлагатай хандлага, олон улсын хамтын ажиллагааг дэмжин, Монголын онгон байгаль, байгалийн өвийг онцлон таниулсан экологийн боловсрол, мэдлэгийн төв болон хөгжих юм.

Музейн барилгын зураг төслийг “Хатанбаатар” ХХК боловсруулж, “Содон Номин констракшн” компани гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Байгалийн түүхийн музейн үндэс суурь 1924 онд тавигдаж, 1956 онд шинэчлэн байгуулагдсан түүхтэй. 1991 онд Улсын төв музейн бүрэлдэхүүнээс гарч Байгалийн түүхийн музей болсон юм.

Өдгөө тус музей байгалийн холбогдолтой 12 мянга орчим үзмэр, эд өлгийн зүйлээс нийтэд толилуулж, байгалийн чиглэлээр бие даасан болон хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН