Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон албаны бусад хүмүүс Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны 52 дугаар байрны оршин суугчидтай уулзаж, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийн ерөнхий мэдээллийг өгч, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Тус барилгыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 01-01/05 дугаар шийдвэр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Зөвлөлийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтыг хориглох тухай 16/08 дугаар тэмдэглэлээр ашиглахыг хориглосон, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцаар тогтоосон байдаг.
Тус барилга нь 1979 онд баригдсан, таван давхар барилга бөгөөд барилгыг цаашид ашиглах боломжгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй тул дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болсон Нийслэлийн Засаг даргын Захирамжийг гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцуулж ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган дахин барилгажуулах төсөл бол оршин суугчдын оролцоо нь дээр суурилдаг болохыг уулзалтад ирсэн иргэдэд онцлон хэллээ.





