-2 C
Ulaanbaatar
Ням, 18 4 сар 2021 05:29:21
Нүүр хуудас Нийтлэл Ажлаад өгөөч гэж гуйдаг төртэй, ажил хийвэл мөнгө өгнө шүү гэж аргаддаг...

Ажлаад өгөөч гэж гуйдаг төртэй, ажил хийвэл мөнгө өгнө шүү гэж аргаддаг улстай “АЗТАЙ ЗАЛУУ ҮЕ”

Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд маань ажил хийхгүй бол охидуудаа цэрэгт явуулна гэж хэлээд түмний ад болов. Арга ядахдаа сайд маань ингэж хэлэхэв дээ. Ажилгүйдэл халамж хавтгайрсан нийгмээс залуу үеэ гаргах гэсэн цаад санаа нь ултай л үг байлаа.

Нийт хүн амын 31, хөдөлмөрийн насны иргэдийн 46 хувийг 15-34 насны залуус эзэлдэг. Улсын хэмжээнд ажилгүй байгаа 92 мянга гаруй хүний 51 хувь нь буюу 47 орчим мянга нь 18-34 насныхан гэсэн статистик мэдээ гарчээ.

Ид ажил хийгээд гялалзаж явах иртэй залуу үе маань өнөөдөр хийцгүйрсэн, хийхгүй гэж ажил голсон, ажлын талбарт гараад гологдсон, ийм л байдалтай болж.

Арга ядахдаа Засгийн газар нь ажил хийгээд өгөөч мөнгө өгье гэдэг хөтөлбөр боловсруулжээ.

“Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төсөл нэртэй энэхүү хөтөлбөрийг өнөөдөр Засгийн газар батлав.

Хөтөлбөрийн хүрээнд 5 мянган залуусыг сургаж ажилд бэлтгэнэ. Ингэхдээ зүгээр ч нэг ажлыг нь зааж өгөхгүй 1 сая төгрөгийн тэтгэлэг олгох юм.

Үнэн хэрэгтэй ажилтай орлоготой болгож амьдрал ахуйг нь залгуулах мэргэжил боловсрол олгохын тулд төр нь мөнгө амлах биш харин үнэгүй сургаад өгье гэж байхад нь залуус өөрсдийнхөө төлөө гүйгээд очдог баймаар юм.

Бид суръя, ажил хийе, ажлын байрыг нь бэлдээд өг гээд явж байх ёстой залуус алга.

Залуусыг хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан төсвийн багцад зохицуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжүүлэн гаргахаар өнөөдөр батлагдлаа.  Хөтөлбөрийн хүрээнд залуусыг зөвхөн ажилд сургах биш эрүүл, эртэч, амьдралын идэвхтэй хэв маяг, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх хэлбэрээр ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх юм.

Залуу үеэ зөв дадал хэвшил, харилцаа хандлага, бие бялдрын зөв хүмүүжил, гэр бүлийн эерэг харилцаа, соёл төлөвшилд чиглүүлж байгаа нь сайн хэрэг.

Гэхдээ халамжаас хөдөлмөрт шилжүүлнэ гэдэг эрхэм зорилготой энэ алхам харин ч эсрэгээрээ улам бүр халамжийн амтанд залуусаа оруулчих вий дээ.

Мөнгө өгч байж сургадаг, ажил хийгээч гэж гуйдаг төртэй ажилгүй залуус азтай юм.

Гэтэл бор зүрхээрээ зүтгээд хувиараа нэг дугуй засвар ч болтугай ажлуулчих юмсан гээд зүтгэж байгаа хөдөлмөрч залуус олон бий.  Энэ хэсэгрүүгээ чиглэсэн ямарч дэмжлэг бодлого байхгүй хэрнээ ажилгүй залуусаа халамжлаад байдаг төрийн бодлого өрөөсгөл санагдана.

Залуу үеэ хөдөлмөрч болгохын тулд мөнгө амлаж сургадаг юм байж. Тэгвэл 1 сая төгрөгийг нь авсан залуус чинь сурч гараад ажлаа хийхгүй яваад өгвөл яахав.

Төсвийн мөнгө уйлдаггүй гээд 11,8 тэрбумаа салхинд хийсгэх үү?

Зүтгээд л байгаа залуусаа улам бүр дэмжээд, хөдөлмөрлөхгүй л бол амьдрахгүй шүү гэдэг ухааныг залуусдаа суулгахгүйгээр Монгол улс халамжийнхаа байдлаас хэзээ ч гарахгүй..

Улам бүр л халамжилсан, эрхлүүлсэн, ажил сураач гэж аргадаж мөнгө амласан байдлаар хэр удаан явах билээ… ???

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН