Нүүр хуудасНийтлэлАлба хаахаар ирсэн аавын үрсийг нэгийг нь "шоронд" нөгөөг нь "шороон дор"...

Алба хаахаар ирсэн аавын үрсийг нэгийг нь “шоронд” нөгөөг нь “шороон дор” үлдээдэг Зэвсэгт хүчинтай байх уу?

Цэргийн алба гэдэг эр хүний эх орныхоо өмнө нэр төртэй биелүүлэх үүрэг. Монгол цэрэг гэдэг тусгаар тогтносон улсынхаа бие даасан байдлын баталгаа байх учиртай.

Гэтэл цэргийн алба хаахаар ирсэн аавын хөвгүүдийг нэгийг нь шоронд нөгөөг нь шороонд булуулж, элэг нь эмтэрсэн эхийн нулимсаар батлан хамгаалах түүхээ бичсээр л байх уу?

Эрүүл саруул хүү нь цэргийн албанд мордоод эрэмдэг болж, бүр цаашлаад амиа алдсан жишээ ганцхан биш.

Дэг журам сахилга бат гэдэг харгислал яргалал биш байлтай.

Хүүг чинь аваад хүмүүжүүлээд өгье гэдэг цэргийн алба хүйтэн биеийг нь ээжид нь тэврүүлж, өсөж ургах насандаа цэврүү шиг сайхан хөвгүүд бусдын гарт амиа тавьдаг байж болохгүй.

Цэрэг нь цэрэгтээ шанаа өгч, цэргийн дэглэлт нэрээр бусдыг яргалсан энэ жишиг хэзээ хаанаас тогтсон “буруу” тогтолцоо юм бэ?.

Сургуулилт бэлтгэлдээ хатуужиж, сурч сонсож байгаа мэдлэгтээ боловсорч, цэргийн нөхөдтэйгөө мартагдашгүй дурсамж бүтээж, өглөөний жагсаал, оройн тоондоо дуу гарган алхаж, эх орноо бахархан хайрлаж, эр хүн гэдгээ мэдэрч төлөвшинө гэж хөвгүүдээ цэрэгт илгээдэггүй гэж үү?

Энэ мэт олон гомдол, олон харуусал, олон асуултыг үлдээж энх цагт Монгол цэргүүд амиа тавих нь Монголын зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт угжирсан буруу тогтолцоог засах цаг болсныг харуулж байна.

Хариуцлага хүлээж байна гээд ажлаа өгчхөөд яваад өгдөг нь “хариуцлага” хүлээж байгаа хэрэгт огтоос оо ч биш. Харин ч ажлаа өгөөд цэвэрхэн асуудлаас зугтчихаж байгаа “бохир арга”.

    Хамгийн өндөр сахилга бат, хамгийн дүрэм журамтай нэр төртэй байх ёстой цэргийн анги салбаруудад хүн амины хэрэг, хүчирхийлэл, харгислал явагдаж байхад энэ нь нэг удаа ч бус олон давтагдаж хохирогчдын тоо нэмэгдсээр байхад яагаад алдаагаа засаж армиа “анхаарсангүй” вэ?

АЛДЧИХСАН ХОЙНОО ХАРУУСДАГ БИШ ОДООНООС АЛДААГАА ЗАСЪЯ

Ээж аав нь хүүгээ цэргийн нөхрөө зоддог биш нинжин сэтгэлтэй хүн болгож хүмүүжүүлье.

Эх орон нь цэргээ гэмт этгээд эсвэл хохирогч болгох бус эх орноо батлан хамгаалах эр цэрэг болгож төлөвшүүлье.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН