Нүүр хуудасМэдээАЮУЛГҮЙ БАЙДАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦОО: МЮНХЕНИЙ ТАЙЛАН: Энэтхэг-Номхон далайн бүс дэх шинэ ноёрхол

АЮУЛГҮЙ БАЙДАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦОО: МЮНХЕНИЙ ТАЙЛАН: Энэтхэг-Номхон далайн бүс дэх шинэ ноёрхол

Дэлхийн эдийн засгийн хамгийн том хөдөлгүүр болох Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоо түүхэн өөрчлөлтийн босгон дээр ирээд байна. Сүүлийн хагас зуун жилийн турш бүс нутгийн тогтвортой байдлыг хангаж ирсэн АНУ-ын аюулгүй байдлын баталгаа суларч, улс орнууд “өөрсдийнхөө хүчинд найдах” шинэ бодит байдалтай нүүр тулж эхэлснийг 2026 оны “Мюнхений Аюулгүй байдлын тайлан”-д маш тодорхой хөндсөн байна.

Олон арван жилийн турш АНУ-ын цэргийн давамгай байдал болон Япон, БНСУ, Австрали, Филиппин, Тайландтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнүүд нь энэ бүс нутгийн энх тайвны гол тулгуур болж байсан юм. Энэ нь зөвхөн дайн өргөлдөөнөөс сэргийлээд зогсохгүй Азийн орнуудын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн суурь болсон юм. Гэвч тус бүс нутгийн ихэнх улс орон Америкаас илүүтэй Хятадтай худалдаа хийх болсноор манай урд хөршийн хувьд эдийн засгийн төв татах хүч болон хувираад байна. Үндсэндээ өнгөрсөн 50 жилийн хугацаанд үсрэнгүй тэлсэн Хятадын эдийн засаг нь бүс нутгийн орнуудын эдийн засгийг нийлүүлснээс ч даваад байгаа юм.

Үүнийг Хятадын цэргийн хүчин чадлын огцом өсөлттэй холбон тайлбарлаж болно. 1989 онд Хятадын батлан хамгаалахын зардал АНУ-ынхаас 30 дахин бага байсан бол өдгөө гуравны нэгээс нь давсан хэмжээнд хүрчээ. Түүнчлэн 2025 оны байдлаар 600 орчим гэж тооцогдож буй цөмийн цэнэгт хошуугаа 2035 он гэхэд 1,500-д хүргэх төлөвтэй байна. Үүний үр дагавар хамгийн түрүүнд Тайванийн хоолойд мэдрэгдэж байгаа бөгөөд Тайванийн агаарын бүсэд нэвтэрсэн Хятадын цэргийн сөнөөгч онгоцны тоо 2020 онд 390 байсан бол 2025 онд 3,764 болж, бараг 10 дахин нэмэгджээ.

Нөхцөл байдал ийнхүү хурцдахын хэрээр бүс нутгийн орнууд холбоотондоо найдах бус өөрсдийн батлан хамгаалах чадавхыг эрс нэмэгдүүлж байна. Япон улс батлан хамгаалах зардлаа ДНБ-ийхээ 2 хувьд хүргэхээр шийдвэрлэсэн бол, БНСУ 2035 он гэхэд 3.5 хувь, Тайвань 2030 он гэхэд 5 хувь хүртэл өсгөх зорилт тавьсан байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён 2025 онд “Бид хэнд ч найдалгүй, өөрсдийн хүчээ бэхжүүлэх ёстой” хэмээн мэдэгдсэн нь аюулгүй байдлаа өөрсдөө батлан даах шаардлага тулгарч буйг тодотгон харуулж байна.

АНУ-д итгэх холбоотнуудын итгэл алдарч буйг иргэдийн санал асуулга ч бэлхнээ гэрчилнэ. Хэрэв халдлагад өртвөл АНУ тусална гэдэгт Тайванийн иргэдийн дөнгөж 34 хувь, Японы иргэдийн ердөө 15 хувь нь л итгэж байгаа аж. Үүнээс гадна, БНСУ-д өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болохыг дэмжих иргэдийн хувь 2025 онд 76 хувьд хүрсэн нь АНУ-ын амласан аюулгүй байдлын баталгаа ганхаж буйн илрэл юм.

Их гүрнүүдийн энэхүү өрсөлдөөн, аюулгүй байдлын шилжилт нь дэлхий дахинд төдийгүй Монгол Улс шиг хоёр их гүрний дунд оршдог орнуудад чухал сургамж болж байна. Аюулгүй байдал гэдэг гадны баталгаа эсвэл зэвсэгт хүчинд найдах явдал төдий биш гэдгийг харуулж эхлэв. Орчин үед жижиг улс орны хамгийн том хамгаалалт бол эдийн засгийн тэсвэртэй байдал, эрчим хүч болон хүнсний бие даасан байдал, кибер аюулгүй байдал, мэдээллийн дархлаа болон нийгмийн дотоод эв нэгдэл болж байна. Аюулгүй байдал гэдэг зөвхөн төрийн үүрэг биш бөгөөд хуурамч мэдээлэлд автахгүй байх, эх сурвалжаа нягтлах, нийгмээрээ талцахгүй байх нь иргэн бүрийн оролцох ёстой үйл явц гэдгийг олон улсын томоохон тайлангууд онцолсоор байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН