ЭМЯ-наас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: -Дэлхийн улс орнууд хорио цээрээ цуцалж, хилээ нээж байна. Манай улсын хувьд тодорхой хэмжээнд халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа. Гэвч халдварын тоо буурсан, дельта хувилбартай харьцуулахад арав дахин бага нас баралттай, эмнэлгийн ачаалал буурсан. Мөн сүргийн дархлаа хангалттай хэмжээнд тогтсон. Иймээс хил дээрх хорио цээрийн дэглэмийг цуцалсан.
Иргэд нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Омикрон халдвар авсан иргэд давтан тунд хамрагдаагүй бол ахиж халдвар авах эрсдэлтэй. АНУ-ийн судалгаагаар энэ нотлогдож байна. Тийм учраас халдвар авсан иргэд 21 хоногийн дараа нэмэлт вакцинд хамрагдахыг уриалж байна.
2022 оны хоёрдугаар сарын 11-ний нислэгт гурван хүн эерэг гарсан учир Өмнөд Солонгосын УОК-оос Монгол Улсаас нислэгийг 02.17-02.23-ны хооронд хүлээн авахгүй хэмээн мэдэгдсэн. Тиймээс бид иргэдийг ХӨСҮТ-д шинжилгээ өгч, бусад лабораториудаар хийлгэхгүй байхыг зөвлөж байна. Монгол Улсаас ирж буй зорчигчдоос халдвар илэрч байгаа учраас БНСУ-ын талаас МИАТ-ын нислэгийг 60 хувиар хязгаарлаж байна. Харин дамжин өнгөрөх нислэгийн зорчигчдыг хүлээн авч байна.