Нүүр хуудасМэдээГХЯ: Киев хот руу нэвтрэх замуудыг хааснаар иргэдээ татан авах ажлыг хойшлуулахаар...

ГХЯ: Киев хот руу нэвтрэх замуудыг хааснаар иргэдээ татан авах ажлыг хойшлуулахаар боллоо

Украинд байгаа Монгол оюутнуудаа татан авах ажилд 500 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар болсныг өчигдөр мэдээлсэн бол өнөөдрөөс эхлэн өдөр бүрийн 15:00 цагаас ГХЯ-аас нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байхаар болжээ.

Харамсалтай нь иргэдээ шууд нислэгээр татан авахаар төлөвлөсөн ч Киев, Харьков болон бусад хотод хөдөлгөөн хорьсон нь иргэдээ татан авах ажилд саад болж байгааг хэллээ. Өөрөөр хэлбэл яг хэдний өдөр ямар аргаар татан авах нь одоогоор тодорхойгүй гэхдээ газраар татан авах ажиллагаа явуулахаар болж буйгаа ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээллээ.

Уг нь бол Монгол оюутнууд аль 2 сарын өмнөөс ГХЯ-нд мэдээлсэн ч яам тодорхой хариу өгөөгүй, цаг алдсан, оюутнуудаа авах албан бичиг өгөөгүй зэрэг шалтгаан гарснаар өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэдгийг ч хэлэх хүн цөөнгүй байна.

Одоогийн байдлаар Украины Харьков хотод манай 18 оюутан, дөрвөн байнгын оршин суугч, Киев хотод 12 оюутан, гурван байнгын оршин суугч, Кировоград хотод хоёр оюутан байгаа гэж мэдээллээ. Харьковд байгаа оюутнууд хоргодох байранд байсан бол өнөөдрөөс зарим нь хоргодох байрнаас гарч, оюутны дотуур байр болон бусад байр руугаа явсан.

Харин Кировоград болон бусад хотод байгаа иргэд гэр гэртээ байгаа гэсэн мэдээлэл иржээ.  

Харьковд байгаа иргэдийг ОХУ руу татаж авах боломж байгаа эсэхийг судалж, Киев болон бусад хотод байгаа оюутнуудаа Польш, Унгар, Чех гэсэн орноор татан авах боломжийг судалж байгаа гэнэ.

Тиймээс нөхцөл байдал намжих хүртэл хэд хоног өөр тийш зорчихгүй, байгаа газартаа байхыг яамны зүгээс анхааруулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН