Нүүр хуудасНийтлэлЖДҮ-чин гишүүн Ж.Энхбаярын хөрөнгө 2,5 тэрбум болж, огцом нэмэгджээ

ЖДҮ-чин гишүүн Ж.Энхбаярын хөрөнгө 2,5 тэрбум болж, огцом нэмэгджээ

УИХ-ын “босоо аварга” цөөхөн гишүүдийн нэг болох Ж.Энхбаярт энэ жил болох сонгууль тун халгаатай болох бололтой. 2008 оноос тасралтгүй 12 жил төрийн түшээгээр ажилласан атлаа тойрогтоо шийдсэн асуудал тун бага. Харин тэрээр энэ хугацаанд өөрийн эд хөрөнгөө л хэдэн тэрбумаар нэмэгдүүлсэн байдаг. Байнгын хорооны даргаас Батлан хамгаалахын сайдаар хүртэл ажилласан ч тэрээр зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө л ажилласан болох нь дараахт баримтуудаар нотлогддог. Сүүлийн үеийн баримтуудаас нь дурьдахад л, 2017, 2018 оны АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харахад л тэрээр аль хэдийнэ төрөөс төрсөн тэрбумтан болсон нь тодорхой харагддаг. Нийтдээ тэрээр 2,4 тэрбум төгрөгтэй болсон бөгөөд хуулиараа УИХ-ын гишүүн ямар нэгэн бизнес эрхлэхийг хориглосон байдаг билээ.Гэтэл сүүлийн 20-иод жил төрд зүтгэсэн гэх түүний хөрөнгө тэрбумаар хэмжигдэх болсон нь гайхалтай. Харин энэ бүхнийг мөшгиж үзвэл, гомдмоор дүр зураг гарна. Тэрээр 12 жил түмнийг төрд төлөөлөн ажиллахдаа жирийн иргэдийн боломжоос мэдээлэлд ойр байдал, эрх мэдэл албан тушаалын давуу байдлаа ашиглан завшиж төрийн тусгай сангуудаас зээл авч байсан нь баримтаар ил болсон юм. Засгийн газрын тусгай зориулалтын 29 сан байдаг. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр эдгээр сангийн дөрвөөс нь тэрбум тэрбумаар нь хумсалжээ.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн жилийн гурван хувийн хүүтэй зээлээс өөрийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүд болох “Газар Агро” ХХК, “Газарбуудай” ХХК-иараа дамжуулан нийтдээ тэрбум 950 сая төгрөг авсан байдаг. Гэтэл жинхэнэ ачааны хүндийг үүрч яваа жижиг дунд үйлдвэрлэгч нарт энэ зээл олдох нь бүү хэл бараа сураг нь дуулддаггүй. Аргаа барсан жижиг дунд үйлдвэрлэгчид арилжааны банкнаас сарын асар өндөр хүүтэй зээл авч, ажлаа явуулдаг. Ганцхан гишүүн тэрбумаар нь авчихаар жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгч нарт очих зээл хаанаа ч хүрэлцэхгүй нь ойлгомжтой билээ. Гэвч түүний шунал үүгээр зогсоогүй. Мал хамгаалах сангаас дахин нэг тэрбум төгрөг авсан бөгөөд ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг 2017 оны 12 дугаар сарын 20-нд гарын үсэг зурж, “Газар Агро” ХХК-д нь санхүүжилт олгожээ.Мөн 0 хувийн хүүтэй “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас тэрбум төгрөг хүртжээ. Ж.Энхбаяр нь 2003 онд Боловсролын сангаас Нидерланд улсын Маастрихтын удирдлагын сургуульд сурахаар 6000 ам.долларын зээл авсан байдаг. Харамсалтай нь энэ зээлээ төлсөн эсэх нь бас л эргэлзээтэй. Ийнхүү 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл төрийн тусгай сангуудаас хөнгөлөлттэй зээл хүртэж, өөрийгөө болон бизнесийнхээ бүх үйл ажиллагааг өргөжүүлж ирсэн манай өнөөдрийн УИХ-ын хамгийн том “шимэгч” гишүүдийн нэг. Тиймээс жирийн иргэдийнхээ өсөх, дэвжих, амь амьдралаа дээшлүүлэх болом­жийг “хулгайлсан” Ж.Энхбаярыг сонгуульд дахин нэр дэвшүүлэхгүй байх, цаашид төрд алба хаших боломжийг нь хязгаарлахаар сонгогчид нь МАН-ын удирдлагуудад өргөх бичиг хүргүүлжээ. Гурвын гурван удаа УИХ-д ард түмнийг төлөөлөн ажиллахдаа олигтой баталсан хуулийн төсөлгүй, хийсэн ажилгүй, байгуулсан гавьяагүй хэрнээ хувийн бизнес нь өдөр ирэх бүр өргөжин тэлж, орлого нь хэдэн тэрбумаар тоологддог энэ мэт буруу жишгийг эцэс болгох цаг болсон баймаар. Улсаа боддоггүй хувиа хичээдэг, алсаа боддоггүй амиа бөөцийлдөг улстөрчдийг удахгүй болох УИХ-ын сонгуулиар дахин сонгохгүй байх боломж сонгогч бидний гарт бий.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН