Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг Бүгд Найрамдах Хаити Улсад явагдаж буй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин“ ажиллагааны өмнөх бататгах сургалт, шалгалтад амжилттай хамрагдан цэргийн хүчний командлагчийн тушаалын дагуу “Вертиерес” баазын аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийг Чад Улсын цэргийн багаас хүлээн авч томилгоот үүргээ гүйцэтгэж эхэллээ.
Ажиллагааны өмнөх бататгах сургалтаар цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны мандат, цэргийн хүчний бүтэц, зохион байгуулалт, ажиллагааны цагийн байдал, хүч хэрэглэх дүрэм, хүний эрхийг хангах, энгийн иргэдийг зэвсэгт халдлагаас хамгаалах, ажиллагааны үеийн харилцан ажиллагаа зэрэг асуудлын хүрээнд нэгдсэн ойлголт, мэдээлэл авсан төдийгүй баазын аюулгүй байдлыг хангах төлөвлөлтийг боловсруулан үүрэг гүйцэтгэх бэлтгэлээ бүрэн хангаад байна.





