-11 C
Ulaanbaatar
Дав, 01 3 сар 2021 21:55:47
Нүүр хуудас Тэмдэглэл Хийж байгаа хүн л бусдад илүү хэлэгддэг

Хийж байгаа хүн л бусдад илүү хэлэгддэг

“Чамайг хойш нь татах найзтай байснаас чамайг урагш алхтал хурцалж өгдөг дайсантай байсан нь дээр”.

Азаар би намайг урагш нь татдаг, дэмждэг найзуудтай азтай хүн юм уу даа.  Нэгнээсээ суралцдаг, үлгэр дуурайлал авдаг, хийж бүтээж амжуулж байгаа бүхнээс нь улам бүр эрч хүчийг өөртөө нэмдэг олон найз нөхөд надад бий.   Тэр хүмүүсийн эгнээнд Ц.Ариунзаяа хэмээх энэ бүсгүй 2015 онд орж ирсэн юм. Анх олон ангит кино уран бүтээл дээр хамтран ажиллаж байгаад танилцаж дотно нөхөрлөсөн. Маш чимээгүй, олон таван үггүй зүгээр л хийдэг эмэгтэй. Хийж байгаа ажлаа би хийж байна гэж хүмүүст яриад яваад байдаггүй хэрнээ аль хэдийнэ хийчихсэн л байдаг. Нэг удаа уулзахад йогт явж байгаа…гээд ярьж явсан. Дараа нь уулзахад “йогийн багш болох гэж байгаа. Албан ёсны багшлах эрхтэй болно” гээд л гүйж явсан. Удаа ч үгүй “Иогын сургалт хичээллүүлж эхэллээ. Манайд хүрээд ирээч” гээд дуудаж байна. “Дива” хэмээх мэргэжлийн нүүр будгийн студитэй оволзсон их ажлын хажуугаар хэзээд нь амжуулдаг байна хэмээн гайхаж ч амжаагүй байтал йогийн сургалтаа төрөлжүүлээд “агаарын йог”, “нүүрний йог” “жирэмсний йог” гээд олон анги шинээр нээгээд амжлаа. Энэ бүсгүйн авхаалжтай сэргэлэн, хөдөлмөрчийг үнэлж суухдаа яагаад ч юм би түүнээс урам авч, эрч хүчээр цэнэглэгдээд ирдэг юм. Тиймдээ ч зорин зорин “Агаарын йог”-ын ангид нь суралцахаар зорив. Ари Йог студио - Агаарын Йог-н зураг.Таазнаас бэхэлсэн силк дээр дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг тийм ч амархан зүйл биш юм. Эхний хичээл сонирхолтой байлаа. Угаас анхны юм сонин байдаг хойно. Харин хоёр дахь хичээлээс бие буларч, хөдөлхөөс дургүй хүрээд нэг л шантармаар болоод ирэв. Тэгсэн ч яагаад ч юм больж чадахааргүйгээр татагдаад байна. Гурав дахь хичээлээс би хичээлдээ улам бүр дурлаж орох өдрийг нь яаран хүлээдэг боллоо. Биеэ даахгүй, хөдөлж чадахгүй оосортойгоо зууралдсаар таардаг байсан бол багшийгаа дагаад дасгалуудаа аажим аажмаар дуурайж хийдэг болоод ирлээ. Дахин дахин хийгээд баймаар ч юм шиг.

Uka blog-н зураг.

Ингэж “Агаарын иог” хүмүүсийг татдаг дурлуулдаг юм байна гэдгийг биеэрээ мэдрэв. Гэхдээ эхлээд хийхэд амархан зүйл гэж хаана байхав. Харин тэр хэцүүг л давж гарах бие сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй юм шиг санагдсан.

Ари Йог студио - Агаарын Йог-н зураг.

“Хүмүүс ийм их бухимдалтай, стресстэй болчихсон юм уу. Манай йогт бухимдалтай, ууртай хүмүүс их ирэх юм” гэж нэг өдөр Ариука ярьж байна. Олон янзын асуудалтай  хүмүүс ирдэг. Тэгээд түүнийгээ янз бүрээр илэрхийлж гаргадаг.  Йогт яваад удалгүй өөрчлөгдөөд ирдэг гэнэ. Би түүнийг “хүмүүсийг стрессгүй болгох гэж чи өөрөө бухимдаж дуусдаг юм байна даа” хэмээн цаашлуулахад “Хамгийн муухай нь хүмүүс утасны цаанаас их шүүмжлэх юм. Ганц ч удаа манай заалыг зорьж ирээд нэг удаа ч хичээлд сууж үзээгүй байж үгүйсгэдэг, няцаадаг. Бүүр хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг. Тэгж байгаа хүмүүс нь нас тогтсон, бидэнд зааж сургаж  үлгэрлээд явж байх насныхан байх юм” гэж билээ. Үнэхээр бодоод байхад хүмүүсийг юу ч хийж байсан зөвхөн шүүмжилж, харлуулах дуртай хүмүүс цөөнгүй болжээ. Хөдөлмөрлөж, хийж яваа хүмүүсийг, тэр дундаа залуучуудыгаа дэмждэггүй юм гэхэд ингэж үгүйсгэх хэрэг юу байна. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг дээ.

“Гэхдээ надад олон сайхан шавь нар байгаа. Өөрсдийгөө өөрчилж, дайчилж, йог хэмээх гайхамшигийн үр шимийг хүртэж байгаа тэднээсээ эрч хүч урам зориг авч явна” хэмээн найз маань ярьсан юм.

Ари Йог студио - Агаарын Йог-н зураг.

Үнэхээр л “Ари йог”-ыг зорин очдог олон хүмүүс байдгыг би нүдээрээ харсан. Өглөө эрт босож өөрийгөө ялан дийлэхээр хичээж байгаа хүмүүст боломжийг нээж өгсөн гайхалтай багш болжээ. Йогоор хичээллэх нь хүн өөрийн бие сэтгэлдээ оруулж болох хамгийн сайхан, зөв хөрөнгө оруулалт, ололт, нээлт юм гэдгийг тэр бусдад ойлгуулахыг хичээж яваа. Түүнийгээ ч уулзах бүртээ хэлнэ. Уруу татна. Тэр нь зөв гэдгийг мэдэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Тэр ийм л сэтгэлээр йогын төлөө цаг зав, хөдөлмөрөө зориулж яваа юм.  Хийж бүтээхийг хүсэж тэмүүлж, түүнийхээ төлөө тэмцэж яваа хүнд саад бэрхшээл бүхэн тохиолдоно. Түүнийг давж гарсан цагт амжилтын үүд хаалга нээгддэг. Зорьсондоо хүрээд эргээд харахын цагт “шүүмжилсэн нь”, “шалтаг тоочсон нь”, “алдаа хайсан нь” тэр газраа үлдсэн байх вий.

Ийм л замаар урагшилж байгаа нь ганцхан Ц.Ариунзаяа биш. Түүнтэй нэгэн ижил энгийн дарууханаар хөдөлмөрлөж яваа үе тэнгийн маань олон залуус бий.  Залуучууд маань улам бүр хүчирхэг, боловсролтой дайчин болж байгаад бахархдаг. Энэ бол миний найзаараа бахархах бахархал. Үе тэнгийнхэнээрээ гайхуулах бас нэг омогшил.

Йог бол маш удаанаар аажим аажмаар хүний бие сэтгэлийг өөрчилж, улам бүр өөртөө дурлуулдаг, соронз мэт татдаг зүйл. Энэ гайхамшигыг олон хүмүүст мэдрүүлэх үйлсэд нь амжилт хүснээ.

Хийж байгаа хүн л бусдад илүү хэлэгддэг. Тэглээ гээд шантарч ухрахгүй.  Хүрэх газраа мэддэг байхад очих зам өөрөө олдоно гэдэг дээ.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН