Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд, Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн болон давж заалдах шатны шүүх байгуулсантай холбогдуулан эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Мөн Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх боломжтой болно.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын чадавхыг бэхжүүлэх боломжийг бүрдүүлэх Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд дурдагдсанаар сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 эрх зүйн зөрчил буюу гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэний 242 нь зэвсэгт хүчинд хамааралтай байна. Зэвсэгт хүчний хэмжээнд бүртгэгдсэн 242 зөрчлийн 144 нь гэмт хэргийн шинжтэй, 98 нь сахилгын зөрчил байна. Сахилгын зөрчлийн 41.8 хувийг дүрмийн бус харьцаа, 24.4 хувийг хугацаат цэргийн албанаас оргон зайлсан зөрчил эзэлжээ.
Хуралдааны төгсгөлд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга сонслоо





