Нүүр хуудасНийтлэлМОЛИГО МОНГОЛ

МОЛИГО МОНГОЛ

Нэг цагаан ямаа, хоёр цагаан ямаа, гурван цагаан ямаа, арван гурван цагаан ямаа. Тийм ээ, эрхэм хүндэт цагаан ямаанууд. Тэд энэ удаад миний сэтгэл зүрхний дотор бэлчээрлэж билэг оюуныг минь шинэ ухаарлаар хөглөж байгаа эрхэм хүндтэй зочид мөн тул би түүнийг хүндэтгэн авгайлах үүрэгтэй. 

Монгол орон яалт ч үгүй энэ дэлхийн ямаачин малчдын үлгэр жишээ, цаашдын загвар болсон  манлай эх орон. Манай цэнхэр гарагийн хоёр зуу гаруй  улс гүрний дотор нэг хүнд оногдох ямааны тоо болон, нэг ямаанд ноогдох бэлчээр нутгийн хэмжээгээр монгол шиг дэлгэр баян улс гүрэн байхгүй. 

Задгай бэлчээрт эрх дураараа идээшилдэг ямаан сүрэг бол харгана буйлс, таана хүмүүл, аги, ерхөг зэрэг ургамлын ногооны цэцэг жимс, навч нахиа, сор дээжийг шилж иддэг бусдаасаа илүү  сэргэлэн авхаалжтай мал учраас мах, сүү шим нь эм болдог тул ямаачин ардын бие чийрэг, булчин шөрмөс чанга, ухаан бодол уужим саруулхан, сэтгэл санаа сэргэлэн цайлган байдаг.

 Ямаа бол амь бөхтэй, ачлал сайтай амьтан учраас зуд болоход ямаа л үлддэг, үржил түргэнтэй учраас малжиж баяжих ажил ямаанас л эхэлдэг. Яалт ч үгүй тийм болохоор аль ч өнцгөөс харсан эзэндээ их ээлтэй, хүнд илүү элгэмсүү байдаг эрх танхи  мал мөн. Ачлалт чанар нь яндашгүй тэгш дүүрэн боловч өмнөхөө умартдаг эрхмүүдийн гадуурхан шоовдорлох хазгай мурий үзэл бодлын уршгаар дэлхийд нэлээд ховордож байгаа мал юм байна. Би өөрөө бол зүүд нойрондоо хэдэн хөх ямаагаа хариулдаг өвгөн. Миний судсаар ямаачны цус гүйж, миний чээжинд ямаачны борхон зүрх цохилж байдаг. Би ямаачны хотонд хорвоотой танилцаж, тэнд хэл ба хөлд орсон. Алдрайхан бага 16 хүртэлх насыг ямаа, ямаачин хоёрын дунд өнгөрүүлсэн. 

 Гэхдээ малаа зоосны нүхээр харж, ямаагаа дэлгүүрийн лангуун дээр малладаг ямаачин арай биш ээ. Миний 60 нас социализмын үед өнгөрсөн тул социализмаас өөр чанарын хүн байх боломжгүй байлаа. Боловсрол, мэдлэг маань социализмынх. Хувийн амьдрал социализмынх. Үзэл бодол мэдээжээр социализмынх. Албан ажлын арга туршлагыг социализмаас олж авсан. Хэчнээн нэрэлхэвч би социализм хэмээх ертөнцөөс өөрийгөө олж бүрэлдүүлсэн гэдгээ нууж социализмыг нулимах  сэтгэл  надад үгүй ээ. Социализм гэж юусан билээ гэвэл тэр бол аугаа их В.И.Лениний 1920 онд бичснээр “социалист энэрэнгүй агуулгатай  зөв арилжааны” нийгэм буюу энэ цагийн ухаарлаар бол хүмүүнлэг ардчилсан шударга зах зээлийн нийгэм байсан юм. Харин хэт хялбарчлагчдын нөлөөгөөр хувийн өмчийн эрх дархыг нь баахан хязгаарладаг байсан тул түүнийг хөл нүцгэн хүмүүсийн захиргаадах нийгэм гэж сүүлийн үед баруун ба зүүнгүй ярих болсон байдаг. Тэр ч үнэний хувьтай.

Харин социализмын хүний хүний түгээмэл шинж надад бусдын адил шингэж төлөвшсөн тул энэ хэв шинжийг өөрөө өөрөөсөө малтаж арилгах боломж байхгүй. Тухайлбал, би хүнд итгэмтгий. Чих зөөлөнтэй. Гар султай. Ярдаг зөрүүд биш. Халирамтгай. Ханьсаг. Өрөвч. Аливааг өөрөөрөө зүйрлэж бодоод сэтгэл сэнсэрч уярдаг. Социалистууд бид цөмөөрөө аливаа мөлжлөгийг үзэн яддаг. Ядууруулахыг үзэн яддаг. Шунахайрлыг үзэн яддаг. Заль мэхийг үзэн яддаг. Хүчирхийллийг үзэн яддаг.Гадуурхлыг үзэн яддаг. Дээрэнгүйллийг үзэн яддаг.  Тиймээс миний бие нэгэн мянга есөн зуун наяад оны дунд үеэс нэгдлийн гишүүн малчдыг улсын төлөвлөгөө санхүүгийн гох дэгээгээр мөлжиж туйлдуулж байсныг илчилж тэр үеийн “Үнэн” сонинд “Тэжээгчээ алдвал тэтгэврийг хэн хариуцах вэ?”, “Галбын говийн дөрвөн тэмээчнийд”, “Хөл нүцгэн хүмүүс”, “Бугатын малчдынх”, “Зуун айлын хоёр айл” зэрэг нэг сэдэвт нийтлэл бичиж байсан  нь тус сонины шарласан хуудсанд үлдсэн байдаг байх. Энэ үзэл бодлоороо социализмыг үзэн ядаж түүнийг устгахыг биш харин түүний алдаа дутагдлыг арилгаж сайн дээр нь улам сайн болгож боловсронгуй сайхан социализм байгуулахыг л хүсэмжилж байсан.

            Харин нэг чухал зүйл энд тодруулж хэлэхэд дэлхийн хоёрдугаар дайны болон дайны дараах өлөн зэлмүүн (1940-1950) он жилүүдэд монголчууд багагүй зовж байсныг нуухгүй. Бүх юм ховор хомс. Өлсөнө. Даарна. Ядарна. Гачигдана. Хясна. Хавчигдана. Нөхцөл байдал зайлшгүй тийм байсан. Тэр үеийнхэн өнөөгийн олигархи баячууд шиг өөрсдийгөө зовж байна гэж боддоггүй байсан. Социализмын үеийн малчин ямаачин, тэмээчин, хоньчин явсан өнөөгийн тожгор буурал өвөө эмээ нарынхаа тухай бодлыг үүгээр цэглэж орхиод зөвхөн ямааныхаа тухай ярианд эргэж оръё.

Ямаа, бидэн хоёр хоёулаа л амьтан. Би ярина. Ямаа майлна. Би мах зооглох дуртай. Ямаа яргуй  зооглох дуртай. Гэхдээ хэргийн гол нь энд биш өөр зүйлд. бий.Юу гэвэл? Ямаа чононоос айдаг. Би өөрөөсөө айдаг. Ямаа, бидэн хоёрын  ялгаа энд л бий. Чоно ямааг  барьж иддэг болохоор ямаа түүнээс айхгүй гээд яанам. Хүн өөрийгөө “Барьж иддэг” болохоор би өөрөөсөө айхгүй өөр хэнээс айнам. Дэвэрч мэдэх шуналаасаа айдаг. Нимгэрч мэдэх хүн чанараасаа айдаг. Өөрийн эрлэг – өөрөөсөө л айдаг. Би бас монгол түмнээсээ айдаг. ”Намайг бариад идчих вий” гэж айдаггүй. Харин “Монголчууд монголоо залилж мэхлээд харийнхантай хамтраад идчих вий” гэж айдаг. Хулгай дээрмийн эдийн засаг ноёрхчих вий гэж айдаг. Хулхи улс төрөөр хувь заяагаа тоглуулчих вий гэж  айдаг.

Ямаа гэдэг амьтан чоно үзэхээрээ түрүүлж харсан нь пяс хийтэл тургин дохио өгөөд нийтээрээ нирхийтэл зугтан өөрсдийгөө хамгаалдаг. Яг чоно ямааг барьж иддэг шиг  бас тиймэрхүүгээр монгол эх орныг төр түмэнтэй нь багалзуурдаж унагах нэгэн их аюул эдүгээ бидний хайртай монгол орныг заналхийлж байгааг түмнээс түрүүнд мэдэрсний хувьд түүнээс чоно харсан ямаад шиг нэгэн зэрэг нижигнэтэл үргэн, улс үндэстнээ аварцгаая хэмээх үгэн харангыг өөрийнхөө хэр чадлаар дэлдэж суугаа минь энэ ээ.

Ямар гээчийн аймшигт дайсан барьж идэх гээд байна вэ? Ядуурал, атаа жөтөө, хорон муу санаатан гээд  олон зүйлийн дайсан бидний ариун цагаахан сэтгэл санааг гадна дотроос нь хэмлэн зулгааж байгаа. Эдгээр олон дайсныг хэвлий дотроосоо төрүүлдэг нэг том нийлмэл дайсан байдаг юм байна аа. Тэр бол молиго. Дахин хэлье тэр бол молигодох, молигодуулах увайгүй зан суртхуун. Молиго гэдэг бол бид бүхний өөрөө өөрийнхөө тархи зүрхэнд бий болгодог зохиомол төсөөлөл юм. Хуурамч төсөөллөөр молигодуулахын аймшигт хор аюулыг гайхамшигтай тод томруун харуулсан, монголын үзэгчид сайн мэдэх нэгэн зохиол байдаг, тэр бол аугаа их У.Шекспирийн Отелло хэмээх алдарт зохиол юм. Алс өрнөд тивийн Англи оронд аль дивангарын дундат эртний үед зохиогдсон боловч эдүгээ цагийн монголд ноёрхсон молиго үмхэхийн хамаг аюулыг дэндүү ойлгомжтой, ил тод илэрхийлээд байдаг нь үнэхээр гайхамшгийн гайхамшиг мөн байж таарна. Тус жүжгийн гол дүр Отелло нь хорон санаат атаархуу нэгэн хүний шаар Ягогийн заль мэхэнд молигодууран ариун цагаан сэтгэлт, үнэнч хань Дездомоныг адгийн хуурамч эм байна гэсэн буруу төсөөллийг өөрийн оюун тархиндаа  бий болгочхоод тэрхүү төсөөлөлдөө бат итгэж Дездомоныхоо алтан амийг өөрийн гараар хөнөөж байгаа явдлаас молиго үмхэх маш их хортой сэтгэлгээний аюулыг харж болно. Миний бодлоор бол энэ цагийн монголын ардчилсан төрийн ажил амьдралд мөнөөх Отелло шиг хуурамч төсөөлөлдөө төөрөлдсөн нэн эмгэнэлтэй баримт жишээ олон байна. Тэр бүхний дундаас ганцын зэрэг онцгой содон баримтыг чухалчилж хэлье. Энэ бол хүний эрхийн тухай молиго төсөөлөл юм.

Яасан бэ гэвэл ардчилсан төрт ёсны амин сүнс болсон хүний эрхийн тухай молиго эрх хэмээн нэрлэж болох хүний эрхийг “дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж” амьдрах явдал юм шиг гэнэн томоогүй ухаарснаас ардчиллын ариун нэр төр навс унасан байдаг юм. Жинхэнэ утгаараа хүний эрх гэдэг бол дур зоргоор авирлах явдал огтхон ч биш, харин эрх чөлөөгүй захиргаадуулж байхын гоё нэр гэж болно. Үлэмж ойлгомжтой найруулан хэлж чаддагсан бол яагаад тэр вэ гэдгийг сайхан хэлээд өгмөөр байна. Нэгэнт чадахгүй болохоор бүдүүн баргийн цөөн үг хэлье. Хүний эрх гэдэг бол төрийн хууль цаазаар захиргаадуулах явдал мөнийг хэлмээр байна. Хүний эрх бол улс нийгэм ба хувь хүний нэр төр, эрх, хууль ёсны эрх ашгаар үг дуугүй захиргаадуулж явах хүн ёсны дэглэм мөнийг хэлэх байна. Хүний эрх гэдэг бол шинжлэх ухаанаар нотлогдсон үнэний хорвоогоор захиргаадуулж явах  шаардлага мөн байна. Хүний эрх гэдэг бол тухайн хүний сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжил, төрөлх авьяас чадвар, түүнчлэн тухайн үеийн нийгэм соёл, улс төр, эдийн засаг, мөнгө санхүүгийн боломж нөхцөлөөр захиргаадуулж явах зүй ёсны шаардлага мөн байна. Хүний эрх бол үндэсний дэвшилт соёл иргэншил, зан суртхуун, ургийн уламжлалт хүмүүнлэг ёс зүйгээр захиргаадуулж амьдрах түүхэн уламжлалт зүй тогтол мөн юм байна. Энэ бүх утгаар сэхээрвэл Монголчууд бид хүний ёсноос гадуур хуурамч төсөөлөлдөө молигодуулсны уршгаар мунхагийн харанхуй хэмээх хонгилд сөхөрчээ.

Тэгвэл мунхагийн харанхуй гэж юуг хэлнэ вэ?

            Мунхагийн харанхуй бол хорвоо ертөнцийн гэгээ гэрэлгүй харанхуйг хэлдэг үг биш байна. Хүмүүний хорвоогийн мэдлэггүй, бүдүүлэг харанхуйг хэлдэг үг ч биш гэж манай бурханы шашны их багш нар айлдсан байдаг юм билээ. Энэ үзлээр үзвээс мунхагийн харанхуй бол ухаантай, эрдэм номтой, эрх мэдэлтэй хүний буруу сэтгэлийн харанхуй орчлон мөн учраас тэр бол хүний ёс биш гэж бурхан багш төдийгүй орчин үеийн монголчууд бидний хамгийн эрхэм хүндтэй хүн 14 дүгээр далай лам мөн ингэж сургасан байна. Өнөөгийн монгол амьдралын бодит хөрсөн дээр буулгаж хамгийн товчоор хэлбэл өндөр боловсролтой, оюуны соёлтой монгол  улс нь нэг л мэдэхэд худалч монгол, хулгайч монгол, зэрлэг монгол, сувдаг монгол, согтуу монгол, сагсуу монгол, атаач монгол, матаач монгол хэмээн муухайгаар нэрлэгдэхэд үгүй гэх газаргүй болтол төөрөлдсөн байна.

Мунхагийн харанхуй гэдэг нь үнэн чанартаа хүн ба нийгэм өөрийн буруу төсөөлөл, ярдаг зөрүүд зан суртахуундаа мэхлэгдэн мунхаглахын нэр юм. Буруу төсөөлөл буюу молиго бодол гэдэг бол хагас дутуу, бүдэг балархай, өнгөц хуурмаг мэдлэг дээр бий болдог  сэтгэл санааны буруу чиг баримжаа юм. Өөрөөр хэлбэл монголчууд  бид  хүмүүний ёсонд байдаггүй этгээд бэрх амьдралаар амьдарч байна гэхнээ ч хэтрэхгүй мэт.

Бид худал хэлэх гэж ухаант хүн болж төрөөгүй байтал тиймийн тулд төрсөн мэт худал хэлж түүнд нь хууртан амьдарч байна. Бид хулгайч болох гэж төрөөгүй байтал хулгай хийж түүнд хамгийгаа алдаж амьдардаг болж байна. Бид уурын мунхагаар нэгнийгээ хөнөөх гэж төрөөгүй байтал тиймийн тулд төрсөн мэт уурын мунхагт орон даяараа хүртэл хорлогдож байна. Бид улс төрийн мунхагаар төр засгаа хөнөөх гэж төрөөгүй байтал чухам тиймийн төлөө төрсөн мэт улс орон даяар хорлогдож байна. Бидний монголчууд шуналын мунхагаар хань нөхөд, эх орон, эх дэлхийгээ хоослох гэж төрөөгүй байтал чухамхүү түүний төлөө хүмүүн төрлийг олж төрсөн мэт хувь хүн, эх орон, эх дэлхийн баялгийг хоослон шавхаж байна. Явсан замаа эргээд нэг харахад илүүдэхгүй ээ.

Тэр цаг гэж онцолсон социализмын тэдгээр он жилүүдэд хэн яавч устгаж чадмааргүй хүчирхэг Монгол Улсыг байгуулж, хэн гуай ч эвдэж дийлмээргүй төгс төгөлдөр хууль хяналтыг төлөвшүүлж, идэж бармааргүй эдийн болон эрдэм оюуны баялаг бүтээсэн байгаа юм. Тэр бүхэн өнөөдөх байхгүй болжээ. Хайран ч сайхан баялаг минь.Түүнийг хаанахын хэн хамж аваад залгиж орхисон юм бол гэвээс түүнийг өөр хэн нэгэн биш зөвхөн мөнөөх молиго төсөөлөл хэмээгчийг тархи толгойдоо цогцлуулсан Үл танигдах гуай тэдгээрийг хамж аваад залгичихсан гэмээр байна.

Тухайлан зарим төлөөлийг нэрлэвэл өмч хувьчлал, Оюутолгойн гэрээ, төлөвлөгөө, Гашуун Сухайтын дутуу хаясан төмөр зам, Эрдэнэтийн 49 хувь, Шударга бусын хонгил, С.Зоригийг хөнөөсөн хэргийн эрэл, гүжир гүтгэлэг, гутаан доромжлолт, үнийн хөөрөгдөл, мөнгө угаалт, улс төрийн хийрхэл, хоосон амлалт, банкны дампууралт, ипотекийн зээл, тархи угаалт гээд төр түмнийг шургаж унгатал молиго үмхүүлсэн том том луйвар дээрэм, залилан, хулгай тонуул зай завсаргүй хүрээлж манай төрөлхийн амгалан зантай хүмүүсийг жигтэйхэн их уур уцаартай, хардамтгай туйлшрамтхай гуйвамтхай болгож байна.

Дандаан нэг нэгнийгээ заавал дийлж гайхуулах, амаар нь шороо үмхүүлэх, улыг нь шагайх, муу муухайг нь үзэх “ажил” хийж суудаг болсон юм байна.Хүн хүндээ итгэх ариун цагаан итгэл замхарч, эв нэгдэл эвдэрч, халуун сэтгэл хагсарч, хайр хүндэтгэл хомстож байна. Муу муухай л бол улс төрийн нам. Болохгүй бүтэхгүй л бол төр засаг. Нэргүй, зүс муутай л бол төрийн өмч гэдэг болжээ. Молиго гэдэг чинь энэ өрөөсгөл үнэлэмж мөн байгаа биздээ. Молиго, молиго молиго бүр том том молиго , иймэрхүү л байна. Амьддаа нэгнийгээ хайрладаг болж чадахгүй нь. Одоо  тэгээд яана вэ, хүүхдүүд ээ! Бурхан өршөөх болтугай!

МУСГЗ сэтгүүлч Х.ЦЭВЛЭЭ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН