Анх удаа Монгол улс гадаад өрийн төлбөрөө төсөвтөө тусгасангүй. 2,7 тэрбум долларын өр нэхэгдэхээр яах гэж байгаа нь бүү мэд. Төсөвт тусгая гэсэн ч мөнгө ч байхгүй, мөнгө олох ч шансгүй. Мөнгө угаалт, терроризм, хар тамхи, гэмт хэргийг дэмждэг орнуудын буюу дэлхийн дайсан орнуудын Саарал жагсаалтанд орсны балаг энэ. Дэлхийд дайсагнаж, дэлхийн дайснуудтай сүлбээцэлдэж, анд нөхдийнхөө өрийг өшиглөж, ганц улсад хамаг юмаа өгч хоосорсны харгай. Саарал жагсаалт бол хориг арга хэмжээ. Монголд одоо хэн ч мөнгө өгөхгүй. Өгвөл өөрөө буруудна.
Хүнд хэцүү үед тусалж, хүнс гал хөсөөр тасалчихалгүй 90-ээд оныг гэтлүүлж, зөв замд оруулах гэсэн улсуудыг МАХН, түүний шавь намуудын улаан чөтгөрүүд “урвах хулгайлах гэмт хэргээ чөлөөтэй хийх, эх орноо харьд нэгтгэхэд саад болоод байна” гээд бүгдийг нь гүжирдэж доромжилж хөөж явуулсан.
АНУ-ын Мянганы сангийн мөнгийг авчихаад л манай хамаг муу юм АНУ-аас болоод байна гэж тархи угаан, үзэн ядуулж, Тавантолгойн оператор компани шалгаруулахад Монгол улсад маш ашигтай санал дэвшүүлсэн АНУ-ын Пибади компанийг шууд хөөж явуулж, Хятадын Шэнхуа компанийг шалгаруулсан. Олон удаа ингэж доромжлуулсан АНУ-ын тэвчээр алдарч, түүнээс хойш ёс төдий л харилцаатай болсон. Шэнхуа манай Тавантолгойг алдагдалтай ажиллуулж, өрийн дарамтанд оруулж байсан.
Японыг мөн доромжилж даварсаар, энэ жил хэдэн сарын турш Японыг үзэн ядуулах зөвлөлт-мао аян өрнүүлсэн тул тэсгэл нь алдарсан. Ичихгүй мөнгө гуйх гээд, эзэн хааны фрак өмсөж ордог журамтай ёслолд бакал өмсөж дайрч орсон ЕС-д “Саарал жагсаалтынхаа учрыг ол” гэсэн.
Бусад сайн сайхан улсуудыг ч бүгдийг нь хөөсөн. 1990 оноос МАХН болон шавь намууд нь Орос, Хятад, тэдний хамсаатнуудаас бусад нь дайсан гэх мао суртал ухуулгыг тасралтгүй явуулсан.
10 гаруй нефть боловсруулах үйлдвэрийн зардал мөнгөөр ганцыг барина гэж зууны луйвар хийх гээд байгаа учир Энэтхэг зээл өгөхгүй байгаа.
ОХУ-ыг тахин шүтэж, БНХАУ-ыг сайн хөрш гэж бялдуучилж, тэдний заавраар Хойд Солонгос, Иран зэрэг дэлхийн дайсан улсуудтай налиганаж байсан нь Саарал жагсаалтад ороход их нөлөөлсөн болохоор МАН тэднээс хүртэл мөнгө гуйж үзлээ.
БНХАУ своп хэлцлийн хугацаагаа сунгаж өгөөч гэсэн манай төрийн өндөр төвшний төлөөлөгчдийг хүлээж ч авалгүй доромжилсон, гуйлгачин шиг үүд сахиж байгаад гутамшигтайгаар гуяа ганзагалж ирсэн. Манай ирэх жил төлөх өр гэдэг нь нөгөө хараадаг Өрнөдийн улсуудын зээлүүлсэн өр биш, ерөөдөг сайн хөрш Хятадын өр. Ирэх жилийн төсөвт өрийн хүүг тусгасан, төлөх ёстой үндсэн өрөө тусгаагүй. Сонгууль болох гэж байгаа юм чинь бид үүнд санаа тавиад яахав ч гэсэн байх.
ОХУ-д очиход Путин өөр тийшээ явчихсан, араас нь очиход хийн хоолойн асуудлыг судалж үзнэ, Аэроситийн төлөвлөлтөнд туслана гэж чихрийн цаас долоолголоо. Тахин шүтвэл ингэнэшд. Тахин шүтдэг бол энэ л хангалттайшд. Гэгээнтний чихрийн цаас юм чинь. Будгийг нь арилтал долооцгоогоод л байж байна. ЗГ нь Орос хийн хоолой манайд тавина гэж худлаа ярьж, араас нь ОХУ залруулах гэж үйлээн барж буй онигоотой юм ч боллоо.
Зовох цагт нөхрийн чанар танигдна гэдэг биз. Орос, Хятад хоёр яаж байна? “Орос Хятад хоёр байхад дэлхийгээр юу хийнэ, муу хөрөнгөтөн муухай дэлхий” гэж аархаж сагсалзаж явсны үр дүн юу болов? Харин ч Саарал жагсаалтаар далимдуулаад Хятад манайхыг чангалж байншт. Иран, Хойд Солонгос хаа байна? Тэгвэл зовох цагт тусалж байсан нөхдөө Монголын улаан чөтгөрүүд 30 жил өрийг нь өшиглөөд, дайсан нь болж хувирчихсан.
1990 онд манайд МАХН өөрсдөө ЗХУ-ыг дууриаж анх ардчилал ярьчихаад, дотроо зөвлөлтийн фракциа унагааж хятадын фракци нь гарч ирэнгүүтээ ардчиллыг тувтан муулсаар 2 дараалан ардчиллаас аврагч гэгдэн сонгуульд ялаад, шинэ ах ХКН-ынхаа заавраар МУ-ыг тууштай сөнөөсөн. Социализмыг сайжруулан ардчилна гэж анх ярьж гарч ирж байсан бусад намууд ч ХКН-ын ах дүү болохын төлөө өрсөлдөн үзсээр өвөрт нь бас орж байсан.
Ингээд өнгөрсөн хугацаанд манайх улаан колоний замаар явсан болохоос, огт ардчилал, капитализмаар яваагүй. Явсан гэвэл зүгээр солиорол. Уг нь Маркс социализмд орохын тулд капитализмаар явах ёстой гэсэн байдаг. Улаан чөтгөрүүд үүнийгээ ч мэдэхгүй.
Ленин ойлгож 1924 онд НЭП-ийг эхлүүлсэн бол Дэн Сяопин үүнийг ахин хэрэгжүүлсэн, манайх ЗХУ-ОХУ, БНХАУ-ыг дууриаж НЭП хэрэгжүүлэх гэсэн ч, улаан чөтгөрүүд хэрэгтээ хоёр хөршөөс муу бүхнийг нь л хэрэгжүүлсэн. Хоёр хөрш ч манайд сайн сайхнаа хэрэгжүүлэх гээгүй. Ийм л улаан, гажуу замаар явснаа ухаарч ойлгоорой. Зөвхөн улаан суртлаар бүгд явж ирснээ ойлгоорой.
Үндэсний хөх замаар, үндэсний хөх үзлээр хөх монголчууд явах ёстой шүү.
Аргаа ядаад МАН төрөл бүрийн татварыг нэмж байна. Ашигт малтмалын татварыг нэмэх гэтэл өөрсдийнх нь шунал хөндөгдсөн тул болиулсан. Хулгай луйврыг зогсоож төрийн орлого нэмэгдүүлнэ гэж тэд байхгүй.
ФАТФ буюу мөнгө угаалт, терроризм, хар тамхи, гэмт хэрэгтэй санхүүгийн аргаар тэмцэж даян дэлхийг хамгаалах байгууллага гарц хэлж өгсөн. Манайхыг эрүүл улс болохыг зөвлөсөн.
Тэр зөвлөгөөг биелүүлэхийн тулд яах хэрэгтэй юм? Санхүүгээ шударга, шилэн, ил тод болгох ёстой. Тэгвэл хулгай луйвар ил болно, хариуцлага тооцогдно. Дарга нар уул овоо шиг бэлэн мөнгө ачаад нааш цааш зөөгөөд, хулгай луйвраа амжуулаад байх боломжгүй, шоронд орохыг хүсэхгүй болохоор үүнийг зөвшөөрөхгүй. Авлига луйврын гэмт хэргээ болих ёстой, хариуцлага хүлээлгэх ёстой, мэдээж болихгүй.
Иран, Хойд Солонгос зэрэг дэлхийд заналхийлдэг террорист улсуудтай уран, зэвсгийн наймаа, боолчлол, хар тамхи, мөнгө угаалт гээд чиглэлүүдээр хамтран ажилладаг юм уу ажиллах гээд байдаг, дэмжиж ажилладгаа болих хэрэгтэй, хариуцлага тооцох хэрэгтэй. Бүгд үүнд хутгалдчихсан учир зөвшөөрөхгүй. Гадаад яам хар тамхиа болих хэрэгтэй, хариуцлага хүлээх хэрэгтэй, тэд болихгүй.
Ингэхээр яах хэрэгтэй юм бэ? Харийн улаан намгаас гарч, үндэсний ардын засаг буюу ардчилал, эрүүл хөгжил дэвшил, дэлхийн найрамдал нөхөрлөлийг авчрах Үндэсний ардчилсан хувьсгалыг л хийх ёстой. Хэрэв баячууд нь хөрөнгөө хураалгаад, буудуулаад, сэхээтнүүд нь хэлмэгдээд алуулаад, малчид нь малаа хураалгаж жижиг хөрөнгөтөн гэж буруудаад, маочууд бохир даалгавар биелүүлсэн гэрч гэж юун түрүүн устгагдаад, бүгдээрээ дахин хүмүүжүүлэх концлагерьт тамлуулж, боолчлогдож, эрхтэн болохыг хүсээгүй л юм бол Үндэсний ардчилсан хувьсгал хий. Хэрвээ хүсэж байгаа бол би юугаа ч ярихав.
“Монгол улс ямар байхаас миний ямар байх хамаарна, Монгол улс сайн байвал би сайн байна, Монгол улс муу байвал би муу байна, Монгол улс сөнөвөл би сөнөнө, миний гэр орон сөнөнө” гэх хэн ч ойлгохоор хамгийн энгийн зүйлийг хэрвээ сармагчин л биш юм бол, “Монгол надад ямар хамаа байна” гэж бүх насаараа явж ирсэн хүмүүс ойлгох цаг ирсэн шүү.
Эх сурвалж: Ч.Мөнхбаяр00