Нүүр хуудасМэдээНийслэлийн Наркологийн эмнэлгийн шинэ барилгын ажлыг эхлүүлнэ

Нийслэлийн Наркологийн эмнэлгийн шинэ барилгын ажлыг эхлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Нийслэлийн Наркологийн эмнэлэгт ажиллаж, эмч, ажилтнуудтай уулзан, тус эмнэлэгт болон эмч, мэргэжилтнүүдэд тулгамдсан асуудлын талаар ярилцсан юм.

Нийслэлийн Наркологийн эмнэлэг нь НЭМГ-ын харьяанд ажилладаг, 23 дахь жилдээ архинд донтох эмгэгийн  эмчилгээ, үйлчилгээ болон тамхинаас гаргах, мансууруулах болон сэтгэцэд идэвхт бодисын донтолтын эмчилгээ хийж буй юм. Нийслэлийн хэмжээнд ганцхан байдаг энэ эмнэлэг 50 ортой, үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа ч 1963 онд цэцэрлэгийн зориулалтаар барьсан барилга нь хуучирч муудсанаас хүндрэл учирч буйг тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Чулуунболор хэлж байлаа. Сард ойролцоогоор 164-192 хүн, жилд 1500-2500 хүнийг хэвтүүлэн эмчилдэг тус эмнэлгийн хувьд шинэ байр хамгаас чухал аж.

Хэвтэн эмчлүүлэгчдийн 92-96 хувь нь архинд донтсон хүмүүс байдаг ч цаашдаа эмнэлгийнхээ нэрийг шинэчлэхээс эхлээд хийх ажил маш их байгааг Эмчилгээ эрхэлсэн орлогч онцолж байлаа. Бусад улсад ийм төрлийн эмнэлгийг зан үйл, сэтгэл заслын төв гэж нэрлэдэг гэнэ. Түүнчлэн тус эмнэлэг одоогоор зөвхөн насанд хүрэгчдэд үйлчилдэг нь учир дутагдалтай байдаг аж. Хүчин чадал сайтай шинэ эмнэлэгтэй болчихвол хүүхдийн, эмэгтэйчүүдийн тасаг нээж ажиллуулах, нийслэлийн иргэдийг бүх төрлийн донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх, сэргээн засах үйлчилгээг үзүүлэх шаардлагатай байгаа юм байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Нийслэлийн Наркологийн эмнэлгийн шинэ барилгын ажлыг яаравчлан эхлүүлнэ гэдгийг хэлсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Алсдаа дүүрэг бүрд наркологийн чиглэлийн үйлчилгээг нэвтрүүлэх, эмч, ажилтнуудыг мэргэшүүлэх, хүн амыг элдэв төрлийн донтолтоос сэргийлэх мэргэжилтнүүдийг нэмж бэлтгэх, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэгт анхаарал хандуулан ажиллана. Монгол Улсын Ерөнхийлөгч эрчүүдийн асуудлаар чуулган зохион байгуулж, уриалга гаргасан нь та бүхний үйлсэд ихээхэн тустай хэрэг болсон. Өөрөөр хэлбэл, нийгмийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхэд дөхөм болохуйц “том малгай” тавигдсан гэсэн үг. Одоо хувийн хэвшил болоод ард иргэдийн дэмжлэгийг авахад анхаарч, тулгамдсан асуудлаа эрэмбэлэн, ажилдаа шамдан орох хэрэгтэй байна. Эмнэлгийн шинэ барилгын ажлыг тун удахгүй эхлүүлнэ” гэсэн юм.

Нийслэлийн Наркологийн эмнэлэг нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрладаг бөгөөд одоо байрлаж буй цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинэ эмнэлгээ барих аж.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН