Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төвийн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нийт 120 орчим албан хаагчдыг хамруулан Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөний үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг салбарын албан хаагчдадаа урт, дунд, богино хугацааны бодлого, стратегийн зорилтуудаа танилцуулж, хэрэгжилтийг бүрэн хангаж, салбар хоорондын уялдааг сайжруулах талаар санал солилцлоо.
Төвийн бүс нь нийт 63 соёлын байгууллагатай ба нүүдэлчдийн эртний булш, бунхан, бурхны шашны сүм хийд, музей зэрэг түүхийн дурсгалт газруудыг орчин үеийн их хотын амьдралтай хослуулсан соёл, бизнесийн аялал жуулчлалын гол бүс нутаг болон хөгжиж байна.
2024 онд Дархан хотод 2,200 хүний суудал бүхий спортын ордон шинээр ашиглалтад орсноор улс, бүс, олон улсын шинжтэй томоохон тэмцээн, уралдааныг зохион байгуулах боломж бүрдээд байгаа юм.
Төвийн бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтууд:
- Музей, номын сангийн цогцолбор /Дархан-Уул, Дархан сум/
- Өвлийн спортын ордны барилга /Дархан-Уул, Дархан сум/
- Монголын Үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей, лаборатори /Төв, Зуунмод сум/
Цаашид Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд:
- “Кино, контент үйлдвэрлэлийн цогцолбор“ байгуулах
- Хөшгийн хөндийн аялал жуулчлалын тусгай бүс байгуулах
- Ноён уулын хүннүгийн язгууртны оршуулгын газрыг түшиглэн соёлын өвийн судалгаа-сурталчилгаа, аялал жуулчлал, өвлийн спортын бэлтгэлийн бааз бүхий цогцолбор байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөж байна.