Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Энэ удаагийн хөрөнгө оруулалтын уулзалтанд Улаанбаатар худалдааны танхимын гишүүд хотын хөгжлийн бодлогод түлхэц болохуйц томоохон төсөл хөтөлбөрийг танилцуулна. Өөрөөр хэлбэл дан ганц компани хэрэгжүүлээд явахад санхүү, эдийн засгийн хувьд боломжгүй, хүртээмж, хэрэгцээний хувьд Улаанбаатар хотын хамрахуйц далайцтай төслүүдийг төр, хувийн хэвшилд санал болгоно. Ингэснээр форум ажил хэрэгч болно гэж дүгнэж байна. Учир нь өнгөрсөн оны чуулга уулзалтаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа агентлагууд бодлого, зорилтоо бизнесийнхэнд танилцуулж, хамтын ажиллагааны талаар хөндөн ярилцсан. Энэ нь ч үр дүнгээ өгч, Улаанбаатар худалдааны танхим, нийслэлийн удирдлагын багийн хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал агаар орчны бохирдолыг бууруулахад чиглэсэн “Ногоон сан” ТББ-ыг хамтран байгуулж, Хас банкны санхүүжилтээр хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ. Хотын зүгээс ч дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэллээ. Төсвийн мөнгийг зөвхөн гар харан суух биш хувийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал. Гадаад зах зээлээс төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн чармайж байна” гэлээ.
Улаанбаатар худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсайхан “Энэ удаагийн бизнес уулзалтанд тус танхим 5 ажил хэрэгч, томоохон төсөл танилцуулна. Агаар орчны бохирдолыг бууруулахад хамгийн чухал түлхэц өгөх нүүрсийг шингэрүүлэн хий гаргах төслийг нэрлэж болно. Энэ төслийг 3 жилийн турш Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотод туршиж үзсэн. Үр дүн нь бодитой харагдаж байна. Гэхдээ дан ганц компани хэрэгжүүлээд явах боломжгүй. Тиймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр санал болгож байгаа” гэдгийг хэллээ. Түүнчлэн “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт жилээс жилд ажил хэрэгч, бодит үр дүнгээ харуулсан чуулган болж байгаад Улаанбаатар худалдааны танхимынхан баяртай байна” хэмээн онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.