В.Путин “49 хувийн дээрэмчин” хэлцлийн нууц эзэн болж Монголд шүүгдэхийг хүсэх үү?
Улирч буй оны төгсгөлд, энэ сарын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Хөшигний цаана хөнгөхөөн адал явдалтай эхэлсэн уг айлчлалын дуулиан “одоо л хөрч” сонирхолтой мэдээллүүдийг дагуулах болов. Тухайлбал Ерөнхийлөгч В.Путин У.Хүрэлсүхийг хүлээж авах эсэх тухайд дурамжхан байсан бөгөөд Кремльд биш Крымд ирвэл уулз даа гэж арайхийн зөвшөөрчээ. Ингээд гурван цаг орчим хүлээлгэсний эцэст 50 минутын хугацаанд уулзсан гэдэг. Энэ уулзалтаас ил болсон сэдэв нь хэдийгээр “Байгалийн хий дамжууулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах” тухай санамж бичиг байгуулсан гэх Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжингийн өгсөн мэдээлэл юм. Үнэн хэрэгтээ ам тохироо төдий бодитой ажил хэрэг болохуйц баталгаатай, үр дүнтэй тохиролцоо гэхэд хэцүү. Гэхдээ наанадаж ОХУ-д айлчилсных, цаанадаж гурван цаг хүлээснийх В.Путины амнаас “Уг төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс саадгүй” гэх үг унагасан юм даг уу даа.
Үр дүнгийн хувьд жишээ нь, хэрэв Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон мөртлөө олон жил “ах дүү” гэж яригдаж бичигдэж явсан ОХУ-д экспортолдог бараа бүтээгдэхүүний гаалийн тарифын таван хувиа байг гэхэд ядаж арван хувь болгохоор тохирсон бол У.Хүрэлсүх “баатар” болох байлаа. Өнөөдрийн байдлаар экспортын бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй гаалийн тарифын хэмжээ бараг санкцтай орны хэмжээнд хүртэл өндөр байна. Энэ бол эн тэргүүнд шийдэх ёстой төрийн бодлогын асуудал, өндөр хэмжээний айлчлалын гол үр дүн байх байсан. Гэтэл тийм үр дүн авчирсангүй.
Гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх хийн хоолойн төслийн хувьд бол Монголын тал ашгаа авах менежментээ хэрхэн зөв хийхээс шалтгаалах тул Орос, Хятадын л хамтдаа шийдэх асуудал. Олон ч жил гуйлаа, овоо хэдэн удаа шившгээ тарьж,, нэг бус Ерөнхий сайд “худалч” гэж цоллуулсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Дипломат ёсыг дагаж судалж үзье гэхээр нь түрүүлж зарлаад шоолуулж үдүүлсээр удсан ч энэ удаад цаг хугацааны хувьд төсөл эхлэхэд бэлэн болчихсон байсан нь У.Хүрэлсүхийг ганзага хоосон ирэхээс аварсан хэрэг.
Харин хөшигний цаана ямар уур амьсгалтай байсны учир өөр. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал шүүхийн шатанд “царцсан”. Өөрөөр хэлбэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины эрх мэдлийн хүчээр Монголын талд хийсэн наймааг Монголын шүүх шүүж буйд тэрбээр ууртай байгаагаа янз бүрийн хэлбэрээр илэрхийлж буй аж.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд худалдах энэ наймаа үнэн хэрэгтээ 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх өдрийн “сюрприз” байгаагүй юм. Энэ талаар “Монголын зэс” гэгч дуулиант компани, түүний цаад эзэн гэх Д.Эрдэнэбилэг тэргүүтэн ёстой л “мэдээлэлд ойр нь бизнест хождог” гэх зарчмаар 2013 оноос хойш гурван жил бэлдсэн гэдэг. Үүн дээр Украны асуудлаас болоод АНУ, Европын холбооны баруун зүгээс “Ростех”-ийн тодорхой хэсэгт, ялангуяа тэдний явуулдаг олон чиглэлийн үйл ажиллагаанаас батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаанд нь онцгойлон хориг тавьсан. Улмаар В.Путины ойрын хүн гэдэг утгаар нь “Ростех”-ийн ерөнхий захирал С.Чемезовт өөр дээр нь бас хориг тавиад байсан билээ. Энэ талаар буюу 2015 оны аравдугаар сард ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах үеэр тухайн үеийн УИХ хэлэлцсэн боловч “Манай улсад хамаагүй, Эрдэнэт үйлдвэрт саад болохгүй” гэсэн шийдвэр гаргаж билээ. Гэсэн ч УИХ-ын дарга асан, эдүгээгийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах талаар огт мэдээгүй” гэж мэлзсээр олон ч нөхөдтэйгээ өс зангидахад хүргэж түүний хэн болохыг таниулсан.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпорацид худалдах хэлцэл дээр дурдсанчлан гурван жил бэлтгэгдэж Оросын тал Английн, Монголын тал Америкийн №1 хуулийн фирмүүдийг хөлсөлж ажилласан. Үүний үр дүнд Монголын талын нэг төгрөг ч хорогдоогүй, хэлцэл ширээн дээр ил болж өнгөрсөн байтал яагаад энэ хэлцлийг хийсэн Монголын экс дарга нарыг шоронд хийж үзүүлэв. Одоо ч шүүх дээр байцаасаар байна вэ. Энэ асуудал ОХУ-ын В.Путины хувьд хөндүүр сэдэв болж үлдсэнийг өнөөгийн монгол дарга удирдагчид анзаараагүй бололтой юм.
Уг хэлцэлд ер нь В.Путин ямар хамаатай юм бэ? ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хоёр ажилтан, Батлан хамгаалах яамны хоёр, Сангийн яамны нэг, Хөдөө аж ахуйн яамны нэг хүн гэхчлэн хүчирхэг бүрэлдэхүүнээр баг бүрдүүлж тэртээх 1985 оноос, Дрезденд КГБ-ын хамтрагч төдийгүй хөршүүд байхаасаа 30 гаруй жил найзалсан хурандаа генерал С.Чемезовоор гардан хийлгэсэн энэ наймаа яагаад В.Путинд хамаагүй гэж. Харин ч шууд удирдсан гэж болохоор. Тийм ч учраас гэрээний дагуу Оросын тал Лондонгийн, Монголын тал Сингапурын Арбитрын шүүхэд хандах боломж байсаар байтал “Монголын зэс” У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Эвлэрлийн гэрээ”-ний санал тавьснаар асуудал гацчихаад байгаа. Гэтэл яагаад Ерөнхийлөгч В.Путин энэ цаг үед Ерөнхий сайд Д.Медведевийн урьсан У.Хүрэлсүхтэй уулзах гэж Сочигоос Москва руу “гүйж” ирэх билээ.
Дашрамд дурдахад Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ Оросын экспортын төвийн Гүйцэтгэх захирал А.Слепнев нар хамтын ажиллагаа хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Чамлахааргүй амжилтт авчирсан гэх энэ санамж бичгийг зурахад Б.Мэдрээ нь мэдээгүй болохоос Оросын тал ихээхэн шавдуулсан гэж эх сурвалжууд ярьж байсан. Гэхдээ шавдуулах хүч нь Кремлиэс, бүр нарийндаа В.Путинээс эхлэлтэй байсан гэцгээж байна. Тэгээд ч түүний санд мэнд зурсан санамж бичиг нь оросуудтай шатахууны импортын худалдаа хийхдээ оросуудаас зээлсэн мөнгийг ашиглах, тэрхүү зээлийн шугамын лимитийг бараг 50 хувиар нэмсэн ашигтай байсан гэх. “Саарал жагсаалт”-д орсон энэ зэвэргэн үед хоёр улсын банк хоорондын шууд харилцаанд ийнхүү гар сунгана гэдэг “цаанаа түлхээсгүй” шийдэхэд амаргүй дээ гэсэн хар ч төрснийг нуух юун. Гэвч энэ талаар одоохондоо хэн ч ам нээхийг хүсэхгүй байгаа төдийгүй 1924 оноос хойшхи бараг зуун жилийн харилцааны түүх дурдан даажигнаад тодорхой хариулт олдсонгүй.
Ингээд В.Путины тухайд лав У.Хүрэлсүхийг Сочид хүлээн авсан нь ч, айлчлалынх нь үр дүнгийн жин банг тааруулсан нь ч 49 хувийн хэлцэлдээ л бухимдаад байгаа нь анзаарагдсаар байв.
Тэр одоо ч ажигласаар байгаа биз ээ. Учир нь Монголын улс төрийн сонгууль хаяанд ирэхээр өмнө нь хэн ирдгийг, юу ярьдгийг мэднэ. Тэгээд ч өөрийнх нь эрх мэдлийн хүч оролцоогоор бусад улсад санал тавихаасаа аминчилж Монголд өгөхөөр хэлцэл хийсэн нь өнөөдөр буруутаж тэр ч байтугай Монголын шүүхийн өмнө дээрмийн хэлцэл хийсэн аятай дэлхий дахинд бичигдэх болсондоо яахин баярлах билээ.
Энэ мэт элдэв явдлууд, урвалт шарвалтууд цаашаа юунд, хэрхэн нөлөөлөх бол. В.Путины У.Хүрэлсүхэд хэлсэн гэх “Уг төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс саадгүй” гэх үг ямар нэг амлалт биш. Улс төрийн биш, эдийн засгийн фактор гарч ирвэл хэн ч хариуцлага хүлээхгүй. Тэгэхээр У.Хүрэлсүхийн айлчлал хүйтэн харилцаа, хөндий гарын үсгүүд дунд л булхаж яваад ирсэн юм биш үү дээ.
Нийтлэлч ОРГИЛМАА