Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар 2024 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хангах хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Тухайлбал,
1. 2024 оны 05 дугаар сард зүүн болон төвийн бүсийн 9 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхэд хамгааллын мэргэжлийн анги, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, боловсролын байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийг чадавхжуулах, салбар дундын уялдааг хангах зорилгоор “Гамшиг, онцгой байдлын үед жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх” сэдэвт сургалт;
2. Гамшиг, онцгой нөхцөл байдлын үе дэх хүүхэд хамгаалал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг олон нийтэд хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах, 9 аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон 72 сумын Хамтарсан багт техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх;
Дээрх ажлын хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир, ТЗУГ-ын дарга Ш.Чинбат, холбогдох албаны төлөөлөлд 9 аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон 72 сумын Хамтарсан багт өгөх техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Цаашид ХГБХХЕГ-аас гамшиг, онцгой байдлын үед хүүхдийн эрхийг хангах, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар зорилтот 9 аймаг, 72 суманд ажиллаж, хүүхэд, иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, чадавхжуулах ажлыг зохион байгуулах юм.