9 C
Ulaanbaatar
Лха, 12 5 сар 2021 13:27:55
Нүүр хуудас Нийтлэл ХҮНЭЭ ОЛОН БОЛГОХ НҮДЭЭ ОЛСОН ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА

ХҮНЭЭ ОЛОН БОЛГОХ НҮДЭЭ ОЛСОН ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Үндэстэй мод цэцэглэж үртэй хүн жаргадаг гэдэг үнэн үг.

Гэвч үндэс үгүй мод хатаж дуусвал байгаль дэлхий гундана. Үр үгүй хүн олширвол улс орон мөхнө.  Хэдий энэ үг хатуу мэт боловч улс орны оршин тогтнох хамгийн бага нэгж болсон гэр бүлд үр хүүхэд заяахгүй бол салалт ихсэж үүнийг дагасан архидалт, хүчирхийлэл зэрэг нийгмийн сөрөг үр дагавар гарч мэдэх асуудал юм.

Өнөөдөр цахим орчинд хүн бүр үзэл бодлоо нээлттэй илэрхийлж дэлхийн даяар хил хязгааргүй харилцаа тогтоож байгаа ч энэ сэдэв нээлттэй биш байна. Учир нь үргүйдэлтэй хүмүүс хэзээ ч олны өмнө ил гарахыг хүсдэггүй. Өөрөө болон хань ижлээ үргүйдэлтэй гэдгийг хэн нэгэнд мэдэгдэж олны дунд ил гарахаас санаа зовж байгаа шалтгаан нь ердөө л нийгмийн орчин. Өнөөдөр Монголчууд нээлттэй юм шиг хэрнээ хаалттай хэвээр соёлтой мэт боловч харанхуй бүдүүлэг хэвээр оршсоор байгаан жишээ. Ойр тойрных нь хэн нэг нь хүүхэд гаргахгүй байвал түүнийг нутаг орноороо нэг ярьж гоочилдог. Энэ байдал асуудалтай хосуудыг улам бүр нуувчинд оруулж үргүйдлийн талаарх зөв ойлголтыг олонд хүргэхэд сөргөөр нөлөөлж байна.

Харин хосууд өөрсдөө асуудалтай гэдгээ мэдэхээр, мэдсэн нэг нь эмчилгээ тусламж авахаар эмнэлэгт хандах идэвх нэмэгджээ. Энэ нь нэг талаас маш сайн хэрэг.

Энэ асуудлыг сөхөж бичих болсон учир шалтгаан эмнэлэгийн үүднээс эхлэлтэй. Хүүхнүүд бид л болсон хойно эмнэлэгийн хүлээлгийн өрөөнд тааралдаж элдэв янзын хол ойрын үг нийлүүлж байгаад хэл амаа ойлгоцоод авна. Ингээд л энэ асуудлыг маш том нүдээр харах хэрэгтэйг эмнэлэгийн үүдэнд оочер хүлээсэн олон бүсгүйчүүдийг хараад ойлгосон юм.

Зовлон нэгтэй хүн л бусдыг ойлгож сонсддог гэдэг.  Хичнээн та бусдын зовлонг сонсож ойлгож байгаа мэт боловч тэр хүний адилаар зовж үзээгүй бол зөвхөн сонсоод л өнгөрөх төдий.

30 хүртэлээ ажил амьдралын олон шалтгаанаар ээж болж амжаагүй бүсгүйчүүд олон бий. Гэхдээ хүсээд ирдэггүй жаргал хүн бүрт харилцан адилгүй амьдрал байдаг юм шүү гэдгийг олонд хүргэх үүднээс мэргэжлээрээ хөшүүрэг хийж хөшигний ард уйлж яваа бүсгүйдүүдийнхээ үгийг олонд хүргэхээр зорин энэ нийтлэлээ бичиж сууна.  

ИД ШИДЭНД ИТГЭЖ ХҮЛЭЭСЭН 9 ЖИЛ

Ажил хэрэг ч бай амин хувийн асуудлаар ч бай хаана хэн нэгэнтэй уулзахад заавал хүүхдийн тухай яриа өрнөдөг гэдгийг та анзаараарай. Эмнэлэгийн үүдэнд ээлжээ хүлээж элдэв бусыг хийж явахдаа танилцаж авсан бүсгүйчүүдийн маань нэгийг Зулаа гэдэг. Одоо 30 гарч байгаа залуу бүсгүй.

Тэр ид шидэнд итгэж 9 жил болжээ. 9 жил гэдэг нэг хүний амьдрал тэр дундаа нэгэн гэр бүлийн амьдралд ямар урт хугацаа вэ. Энгийн хүмүүст бол 2-3 хүүхэдтэй болох хугацаа.

Гэтэл Зулаа бүхэл бүтэн 9 жилийн турш аз жаргал болсон үр хүүхэдтэй болохын тулд гэр бүлээрээ тэмцсэн юм. Зулаа надад ингэж ярьлаа. “Манай нөхрийн эр эс маш цөөхөн 4-5 ширхэг байна гэж онош тавигдсан. Энэ тохиолдолд үр тогтох боломжгүй. Зөвхөн үр шилжүүлэн суулгах арга буюу /ivf/ хийлгэх боломжтой гэж эмч зөвлөсөн юм. Ингээд /эмнэлэгийн нэрийг нууцлав/ Монголд гайгүйдээ ордог Үр шилжүүлэн суулгах эмнэлэгт 3 удаа дараалан үр суулгах ажилбарт орлоо. Гэтэл миний эс олигтой боловсорч гарахгүй байв. Эмч маань надад чиний өндгөн эс шалтгаан тодорхойгүй харлаж үхээд байна. Одоогоор дэлхий нийтээрээ эсийг шинжлэх түвшинд хүрээгүй байгаа болохоор яагаад ингэж байгааг мэдэхгүй байна гэж тайлбарлаж байсан. Азаар манай нөхрийн эс цөөхөн ч гэсэн чанартай хөдөлгөөн сайтай гарч байлаа. Ингээд би ч гэсэн үргүйдэлтэй болж таарав. Нөхөр бид хоёр хоёулаа асуудалтай болсон учраас үр хүүхэдтэй болно гэдэг зөвхөн ид шид л бүтээдэггүй юм бол боломжгүй мэт санагдаж байлаа. Гэхдээ би цөхрөөгүй юм. Заавал хүүхэдтэй болно гэж итгэж найдаж бясалгал хийж өдөр бүр залбирч мөргөсөн. Нөхрийнхөө эр эсийг дэмжих витамин уулгаж өөрөө уламжлалт эмнэлэгээр явж бариа засал хийлгэж сайн гэсэн бүхнийг дуусгасан. Энэ бүхэнд маш их цаг хугацаа бас санхүү ч их зарцуулсан. Үүний дүнд 9 жилийн дараа гайхамшиг тохиолдож бид охинтой боллоо. 9 жилийн хугацаанд үл ойлголцол салалт, хэрүүл, хэл ам биднийг тойроогүй ээ. Гэр бүл болоод 10 дах жилийнхээ босгон дээр анхны үрээ өлгийдөж байхад минь нөхрийн чинь хүүхэд яг мөн үү гэсэн хардлага сэрдэлт хүртэл ирж байлаа. Харин миний үр аавыгаа хуулбарласан юм шиг төрж амыг нь тагласан даа” гэлээ.

9 жилийн турш гордлого цөхрөл гомдол гуниг туулж ирсэн үр нь аав ээжийнхээ аз жаргалыг гагнаж одоо эрүүл саруул өсөж торниж байгаа аж. Энэ хугацаанд зарим нь тэвчиж хүлээж саад бэрхшээлийг хамтдаа даван туулдаг бол нөгөө нэг нь ханиа орхиод өөр амьдрал эхлүүлсэн олон түүхийг би сонссон.  

ҮРГҮЙДЛИЙН ЭМЧ НАР ДАВХАР СЭТГЭЛЗҮЙЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ…

Харин өөр нэг эмэгтэйн түүх. Тэрээр 5 жилийн өмнө үрийн суваг битүү гэдэг оноштой дурангийн хагалгаанд орсон байна. Тэр үед дурангийн хагалгаа дөнгөж хийгдэж байсан үе гэж хэлж болно. Энэ талаарх хүмүүсийн мэдлэг ойлголт ч бага байж. Дурангийн хагалгаагаар нээлгэсэн үрийн суваг жилийн дараа дахин битүүрсэн. Бас дээрээс нь фолликул /өндгөн эс/ хагарахгүй байна.  Эмч надад …чам шиг ийм хүмүүс хүүхэдтэй болох боломжгүй. Одоо яалтай билээ дээ… гэж маш хайхрамжгүй үл тоосон байдалтай хэлсэн. Эмч хүний амнаас ийм үг гарна гэдэг миний хувьд хүнд цохилт байлаа. Наана нь миний бүхэл бүтэн амьдрал сэтгэл зүрх хөмөрч байхад зүгээр л чи хамрын ханиад хүрчихжээ гэж хэлж байгаа юм шиг үл тоосон байдалтай хандсан эмчид гомддог юм. Ер нь үргүйдэлтэй болсон гэдэг үг тухайн хүний сэтгэлзүйд ямар хүнд тусаж тэр хүний цаана нэгэн гэр бүлийн амьдрал дээр ямар том бараан сүүдэр бүрхэж байгааг ойлгож эмч нар маш ёс зүйтэй хариуцлагатай байх хэрэгтэй санагдсан.  Бас болоогүй “та нар л болсон хойно үр хөндүүлж явсан биз”  гэж даажигнав. Хэлс хэрэгт гүтгүүлж хэдэн жилийн ял үүрэхээс ч хүнд ачааг сэтгэлдээ тээгээд уйлаад гарсан даа.

Тэр цагаас хойш ганц ч эмнэлэгт очоогүй. Одоо манай гэр бүлийн амьдрал далайн хар шуурга шиг л байна. Нөхөртөө хэлдэг ганц үг минь салалт. Үр хүүхдийг нь төрүүлж өгч чадахгүйдээ гомдож шаралхаж гутарч явна гэсэн”  юм.

Эмч хүн хүний амийг авардаг байж болох ч сэтгэлийн алуурчин байж болохгүй. Тэр дундаа үргүйдлийн эмч нар дээд зэргийн ёсзүй хүн чанартай байх ёстойн нэг жишээ энэ.

Мөн дээрээс нь эмчийн ёс зүйгээс гадна сэтгэлзүйчийн дайтай үргүйдэлтэй хүмүүстэй харилцаж зөвлөж сэтгэл санааг нь өргөдөг байх хэрэгтэй.

МӨНГӨ БАС ДАХИН МӨНГӨ

 Үр хүүхэдтэй болохын тулд өрөнд орж зээл авч сар бүр банкинд зээл төлж явна гэдгийг ойлгох ч үгүй олон хүмүүс бий. Тэдний санаанд энэ тухай бодол орж ирэх ч үгүй биз. Гэвч энэ бол бодит байдал. Аз жаргалаа олж авахын тулд аль байдгаа барах юу ч биш. Гэвч үр шилжүүлэн суулгалт бүр амжилт дагуулдаггүй нь гачлантай. Монголд өнөөдөр олж байгаа орлого нь амьдралд нь хангалттай хүрээд мөнгөө цааш нь хураадаг гэр бүл тун цөөн. Авсан цалин хэрэглээндээ зориулагдаад дуусдаг төсөвтэй гэр бүлүүдэд эмчилгээний зардал бас нэгэн дарамт болж байгаа нь бодит үнэн.

Үр шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд хамгийн хямд хийдэг нь Эх нялхасын дэргэдэх Үргүйдэл нөхөн үржихүйн төв /ҮНҮТ/ дунджаар 3 500 000-7 000 000 саяд багтдаг. Бусад эмнэлэгт 10-15 сая орчим болно. Энэ бол дундаж үнэ бөгөөд үргүйдэлтэй хосуудын онош, наснаас шалтгаалж нэмэгдэж хасагддаг. Тэгвэл нэг удаагийн оролтоор үр шилжүүлэн суулгах эмчилгээ нь амжилттай болсон хосуудад зардал бага тусна. Харин бүтэлгүйтсэн хүмүүс дахиад хоёр, гурав, 6 удаа оролдож үзэх шаардлагатай болдог. Оролдлого олон хийх тусмаа амжилттай болох магадлал нэмэгддэг гэж үздэг учраас итгэл найдвар хэзээ ч тасрахгүй. Гэвч мөнгө гэдэг том асуудал үргүйдэлтэй хосуудын хамгийн том ачаа болж байна. Нэг удаадаа өөрсдөө  цалингын зээл аваад хоёр дах удаад ах дүү нараасаа гуйлаа гэхэд гурав дах удаагийн оролдлого хийх мөнгө тэнгэрээс унаж ирэхгүй нь ойлгомжтой. Мэдээж хүн болсон хойно энэ хугацаанд өмсөж идэж ууна. Санхүүгийн хамаг хэрэгцээ шаардлага зөвхөн эмчилгээнд зориулагдаад олон дахин амжилтгүй суулгалт болохын хэрээр гэр бүлд үл ойлголцол маргаан гарч ирнэ. Энэ бүхэн салалт хагацалаар дуусах үргүйдлийн оноштой хэн нэг нь шархалаад үлдэх гунигтай түүх хүлээж байдаг.

НҮДЭЭ ОЛСОН ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮРГҮЙДЭЛТЭЙ ХОСУУДАД ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

Монголын үр маш олон болох болтугай гэж нэрт зохиолчын бэлэгтэй сайхан үг бий. Маш олон болгохын тулд төр бодлогоор дэмжих тэр дундаа үргүйдлийн асуудалтай гэр бүлүүдийг анхааралдаа авч туслах зайлшгүй шаардлага тулгараад байна.

Нэгдүгээрт эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг эмнэлэг харгалзахгүй үзүүлдэг болох

Монголд цор ганц улсын тодотголтой эх нялхсын дэргэдэх ҮНҮТ-д үйлчилдэг боловч энэ үр шилжүүлэн суулгах ажилбарын төлбөрт бус зөвхөн шинжилгээ үзлэгт хамаардаг.

Үр шилжүүлэн суулгах ажилбарт орох давтамжаар хөнгөлөлт үзүүлдэг байх.

Гаднын олон улсад үр шилжүүлэн суулгах ажилбарын хоёр дахь оролдлогыг 50 хүртэлх хувиар хөнгөлөх, цаашлаад суулгалт амжилттай болох хүртэл үнэгүй суулгах зэрэг олон дэмжлэгийг улсаас нь үзүүлдэг байна.

Үргүйдэлтэй хосуудад цаг хугацаа нас хамгийн чухал. Нас залуу байх тусмаа эр эм эсүүдийн чанар тэр хэрээр сайн үр тогтох чадвар өндөртэй байдаг. Харин цаг хугацааг хүлээх боломжгүй өндгөн эсийн нөөцгүй, донор эсгүй хүмүүст үр суулгах мөнгөө цуглуулах гээд цаг хугацаа алдах явдал гардаг нь харамсалтай.  

Энэ мэт олон асуудал, бэрхшээл үргүйдэлтэй хосуудын өмнө тулгамдаж байгаа ч тэд дуугарч өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Учир нь үр хүүхэд гэдэг хүний хамгийн эмзэг сэдэв. Үр хүүхэдтэй хүмүүст үр хүүхдийнх нь асуудал хамгийн эмзэг сул тал байдаг шиг  хүүхэдтэй болж чадахгүй байгаа энэ асуудлаа бусдын амны зугаа болгохгүйн тулд тэд чимээгүй явдаг. Тэдний тухай мэдсэн хүн бүр тусалж дэмжиж ойлгодоггүй учраас тэр. Тэр дундаа хосуудын ар гэр хадам талууд ийм асуудлаас болж салгах шийдвэр ихэвчлэн гаргадаг учраас энэ бүхнийг нуух байдал улам их гардаг байна.

Тэд дуугардаггүй гээд чимээгүй орхиж болохгүй. Энэ бол нэг гэр бүлийн асуудал мэт боловч улс орон эх орны ирээдүй үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал гэж мөнөөс мөн.  

Учир нь улс эх орны үндэс нь ХҮН байх учиртай.

Эцэст нь хэлэхэд үүнийг уншиж байгаа хүн бүр бодоод үзээрэй. Хэрвээ таны найз нөхөд , ах дүү, холын танил, ажлын газрын чинь хэн нэгэн гэр бүлтэй хэрнээ үр хүүхэдтэй болж амжаагүй бол та хүүхдийн талаар болгоомжтой ярилцаарай. Төлөвлөсөн эс төлөвлөсөн байлаа ч энэ бүхэн тэдний л асуудал учраас учир шалтгааныг шалж тодруулах, тоглоом наргиан хийхээ урьтал болголгүй боловсон хүндэтгэлтэй хандаж сураасай гэж хүсэх байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН