Нүүр хуудасМэдээШЕЗ-ийн гишүүд Канад улсад ажлын айлчлал хийлээ

ШЕЗ-ийн гишүүд Канад улсад ажлын айлчлал хийлээ

 Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага Шүүхийн Ерөнхий Зөвлөл хамтран Канад Улсын Онтарио мужийн Торонто хотод 10 дугаар сарын 24-28-нд туршлага судлах үйл ажиллагааг “Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хүрээнд гэр бүлийн шүүх, гэр бүлийн хүчирхийллийн хэргийн дагнасан шүүхтэй танилцах, сайн туршлагыг судлах нь” сэдвээр зохион байгууллаа.

ОУЭЗХБ-аас Канадын Засгийн газрын санхүүжилтээр “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг 2019-2023 онд хэрэгжүүлж байгаа. Жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг багасгахад дагнасан шүүх гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хэрхэн шийддэг талаар Онтарио мужийн шүүх эрх мэдлийн тогтолцоотой танилцаж, туршлага судаллаа. Ингэснээр Монгол Улсад гэр бүлийн хэргийн дагнасан шүүхийн тогтолцоо, гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, энэ төрлийн мэргэшсэн шүүгч бэлтгэх, шүүхийн байрны стандарт болон шүүх хуралдааны танхимд хүүхэд, хохирогчийн аюулгүй байдлыг хангах стандартыг сайжруулах чиглэлд дүн шинжилгээ хийж, санал зөвлөмжийг хамтран боловсруулах юм.

Канад Улсын Засгийн газар нь хууль эрх зүй, нийгмийн бодлогын шинэчлэл хийх замаар жендэрийн тэгш бус байдал болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд ихээхэн хүчин чармайлтыг гаргадаг нь дэлхийн улс орнуудад сайн туршлага болдог. Тухайлбал Онтарио мужид гэр бүлийн хүчирхийллийн хэргийг дагнан шийддэг Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн нэгдсэн шүүхтэй. Тусгайлан бэлтгэгдсэн шүүгч, прокурор, шийдвэр гүйцэтгэгч болон хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэгчидтэй.

Мөн “Нэг шүүгч – нэг гэр бүл” загвартай бөгөөд гэр бүл, эрүүгийн хэргийг нэг шүүгч хянан шийдсэнээр, хуулийн хэрэглээнд тэнцвэртэй хандаж, олон талын мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргах боломжтой аж. Түүнчлэн иргэд олон дахин шүүхэд дуудагдахаас сэргийлж, хэргийн талуудын шүүхэд зарцуулах цаг хугацааг хэмнэж, зардлыг багасгаж, хохирогчийг дахин хохирохоос урьдчилан сэргийлдэг байна. Ингэснээр хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцох, хохирогчийн оролцоо мөн аюулгүй байдлыг хангах, тэдэнд үзүүлэх тусламж үйлчилгээний зохицуулалт, хүртээмж, шүүхээс тавих хяналтыг сайжруулах зорилгоо биелүүлдэг байна.  

Тус айлчлалд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнцэцэг, А.Насандэлгэр, Р.Онончимэг болон Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн оролцсон. Тэд Онтарио мужийн Дээд шүүх,  Гэр бүл, насанд хүрээгүй хүний дагнасан шүүх, Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн нэгдсэн шүүх, Ерөнхий Прокурорын Яам, түүний Хүүхдэд өмгөөлөл үзүүлэх хэлтэс, Йоркийн Их Сургуулийн эрдэмтэн профессорууд, Барбра Шлиферийн дурсгалын хууль зүйн клиник болон Лукийн газар зэрэг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлдэг ТББ-ын төлөөлөлтэй тус тус уулзав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН